Хуруугаа хөхдөг хүүхэд байнгын буруу зуулттай болох магадлалтай

Хэт авиан оношилгоо буюу бидний хэлж заншсанаар хэвлийн эход ураг 10 долоо хоногтой үеэсээ эхлэн хуруугаа хөхөж буй харагддаг. Төрсний дараах хэдэн саруудад уг рефлекс үргэлжилж, 2-4 насанд арилдаг байна. Товчхондоо хуруугаа хөхөх нь бага насны хүүхдийг тайвшруулж, стрессийг бууруулдаг аж.

Харин зарим хүүхэд сургуульд орсон ч энэ зуршлаасаа ангижраагүй байх нь олонтоо. Хэрвээ хүүхэд тань хуруугаа хөхөхөө үргэлжлүүлсээр байвал эрүүл мэндийн хувьд хэд хэдэн ноцтой асуудлыг дагуулах болно. Тухайлбал:

  • Дээд, доод үүдэн шүднүүдийн дунд зай үүсэж, байнгын буруу зуулттай болох
  • Урт нарийн нүүрний хэлбэртэй болж, эрүү нүүрний буруу өсөлт, хөгжилтэй болох
  • Дээд үүдэн шүднүүд урагшилж, доод үүдэн шүднүүд бөөгнөрөх эрсдэлтэй

Зуршлаас ангижрах нь

Гажиг заслын болон хүүхдийн шүдний эмч нар уг зуршлыг 7 нас хүрэхээс өмнө буюу байнгын үүдэн шүд ургаж эхлэхээс урьтаж зогсоохыг зөвлөдөг. Хүүхэд хэний ч туслалцаагүй өөрийн мэдэлгүй хуруугаа хөхдөг гэдгийг бодолцох хэрэгтэй. Иймд хүчээр хуруу хөхөхийг болиулах гэж оролдох нь хүүхдийг сэтгэлзүйн дарамтад оруулдаг.

Ийм төрлийн зуршилтай хүүхдийн сүүн шүд нь байнгын шүдээр солигдох нь удааширдаг байна. Хоншоорын шүдний нумны эгнээ хавчиг нарийн болсон тохиолдолд гажиг заслын тэлэгч аппаратаар засах боломжтой. Хэрвээ таны хүүхэд удаан хугацаанд хуруугаа хөхөх буруу зуршилтай байсаар байгаа бол гажиг заслын эмчилгээ нь энэхүү буруу зуршлийг засах гол арга зам нь болно.

Мөн мэргэжлийн эмчийн туслалцаатайгаар хуруу хөхөхийн эсрэг  системтэй эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Энэхүү эмчилгээнд хуруу хөхөхийн эсрэг зориулалтын зэмсэг хийлгэх нь чухал. Зэмсэг нь  олон төрөл байх бөгөөд авагддаг ба авагддаггүй, бэхэлгээтэй зэрэг янз бүр байх төдийгүй алийг нь сонгохыг эцэг эхчүүд хүүхдийнхээ  нөхцөл байдлыг эмчид хэлж хамтран сонголцох нь зүйтэй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)