Гоодсоны гор
Хотын төвийн байр, орон сууцны орц, хонгилын хаалга бүр дээр “Хиймэл сормуус суулгана, хөмсөг шивнэ, хамар өндөрлөх филлер тарина” зэрэг зар хаа сайгүй харагдана. Тус зарыг харсан охид бүсгүйчүүд инстаграм дээрх филлертэй царайгаа бодит амьдрал дээр “урлуулах”-ын тулд баталгаатай, баталгаагүй газруудад үйлчлүүлдэг.
Эмэгтэйчүүдийн хамгийн их авдаг гоо сайхны үйлчилгээ нь уруулаа томбоолгож, хамраа өндөрлүүлэхийн тулд филлер шахуулах. Түүнчлэн булган, 3D, өтгөн, урт зэрэг төрөл бүрийн сормуус суулгадаг хүн элбэг. Гэвч гоё сайхан харагдах хүсэлдээ хөтлөгдөж, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирч, эгэл жирийн төрхөө танихын аргагүй болтол нь “тоглуулах” эрсдэл ойрхон байна.
Хохирогч 1
Миний бие нэр бүхий гоо сайхны эмнэлэгт хамар болон уруулын филлер тариулсан. Гэвч тариулах үед нүд бүрэлзэж эхэлсэн юм. Тухайн үед би эмчдээ хэлэхэд “Танд харшилж байна, удахгүй зүгээр болно” гэж хэлсэн. Сүүлдээ миний баруун нүд юм харахгүй болсон. Тиймээс өөр эмнэлгээс эмч дуудаж, филлер хайлуулах тариа хийлгэсэн. Гэвч нүдний хараа хэвийн болохгүй, хамрын арьс үхжиж, идэгдээд эхэлсэн. Тиймээс Гэмтэл, согог судлалын төвөөс эхлээд нөхөн сэргээхээр үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л эмнэлгүүдэд хандсан. Гэтэл өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй тул эрсдэлтэй гэж үзээд намайг хүлээн авах эмнэлэг олдоогүй. Харин нэг эмч хүчтэй дааврын эмчилгээ хийлгэхийн зөвлөсөн. Тус эмчилгээг хийлгээд, 14 хоногийн дараагаас харах чадвар минь сэргэж, орчин тойрныг бүдэг, бадаг харах болсон. Гэхдээ эмийн гаж нөлөөнөөс үүдэн, жин нэмж хацар хэсгээр огцом таргалж, хавагнаж эхэлсэн. Мөн нүднээс гадна, хамар үхжиж эхэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд “Филлерийн хор хамрыг үхжүүлж байна” гэсэн онош тогтоогдсон. Эмчилгээний явцад “MRI” шинжилгээнд ороход тархинд минь уйланхай үүссэн байсан. Одоо хараа -4,5 болж муудсан. Мөн хамран дээрээ сорвитой болсон. Дааврын эмчилгээний улмаас огцом жин нэмсэн. Мөн нүд энгийн хүнийх шиг ачаалал авах чадалгүй болсон. Хамгийн харамсалтай нь тэр газар нэрээ сольж одоо хүртэл үйлчилгээгээ хэвийн үзүүлж байгаа.
Хохирогч 2
Миний нүд онигор. Гэхдээ давхраа хийлгэхээс айсан учир сормуус суулгахаар шийдсэн. Ингээд хороололд байдаг хувийн салонд очиж үйлчлүүлсэн. Өрөө танхим нь бохир. Мөн артест нь утсаар ярингаа хиймэл сормуус суулгаж байсан. Маш болхи бас нэг л бохир мэдрэмж төрж байсан. Гэтэл сормуус хийлгэсний дараа нүд маш их хорсож нулимс гарч эхэлсэн. Салондоо хэлтэл хэдэн хоног тэвчвэл зүгээр болно гэж зөвлөсөн. Анх удаа хийлгэж байсан учир ингэж хорсдог байх гэж бодоод хоёр өдөр тэссэн юм. Гэтэл дараагийн өдрөөс нь миний зовхи улайж хавдаад цагаан нуух ихээр гарч, нүд улайгаад, хөндүүрлэж эхэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл сормуусны цавуунаас харшсан байна гэсэн. Тухайн салондоо гомдолтой байгаагаа хэлж ямар цавуугаар сормуус хийдгийг нь тодруулахад хугацаа нь дууссан цавуугаар үйлчилдэг байснаа өөрсдөө мэдээгүй байж таардаг юм.
Хохирогчдын кейсээс үүдэж Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай холбогдож гоо сайхны үйлчилгээ авч байхдаа хохирсон иргэдийн тоон мэдээллийг авах гэтэл энэ талаарх тодорхой баримт байхгүй гэсэн юм. Гоо сайхны үйлчилгээ авах иргэдийн тоо жилээр бус өдрөөр нэмэгдэж байна. Энэ хэрээр эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох эрсдэлтэй охид ч олширно. Гэвч энэ асуудлыг аль ч шатанд анхаарахгүй, хувь хүний сонголт төдийгөөр ойлгож байгаа нь учир дутагдалтай юм.
Олон улсад ч гоо сайхны хагалгаа хийлгэх, хийлгээд хохирох охид, эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай байна. Тодруулбал, АНУын “Plastic Reconstructive Surgery”-д хэвлэгдсэн судалгаагаар өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхий даяар филлер тарилга болон fat injection ажилбар хийлгэсний улмаас нийт 200 орчим хүн эдгэрэшгүйгээр хараагаа алдсан тохиолдол гарчээ. Эдгээр тохиолдлын ихэнх хувьд филлер болон fat injection ажилбарыг дух, хөмсөгний гол дундах хэсэг, хамар болон уруулын дээд хэсэгт тарьснаас үүдэн дээрх хүндрэл гарсан талаар судалгаанд дурджээ. Дээрх хэсгүүдэд нүдийг цусан хангамжаар баяжуулдаг гүрээний дотор артеритай холбогддог судаснууд байрладаг. Хэрэв тарилга хийх үед судас таарвал хараагаа алдах эрсдэлтэй аж. Иймд зарим улсад энэ төрлийн тарилга тарихыг хориглож, арга хэмжээ авч эхлээд буй.
Нүдний эмч Б.Энхмандах
Зөвхөн фейсбүүкт нийтэлсэн мэдээлэлд түшиглэн гоо сайхны мэс засал хийлгэх нь эрсдэлтэй. Цахим орчинд хүмүүс шүүлтүүргүйгээр ямар нэгэн эмнэлэг, эмчийг сайлж бас муулж болдог. Үүгээрээ хүмүүст буруу мэдээлэл өгч болохуйц. Иргэд үйлчилгээ авахыг хүсэж буй эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар маш сайн судлах хэрэгтэй. Мөн тухайн газрынхаа эмчтэй нь биечлэн уулзах нь зүй. Зарим эмнэлэг хямдрал зарлаж үйлчлүүлэгч татахыг оролддог. Нүдний давхрааг маш хямд хийж байгаа эмч нар байна. Үнээс шалтгаалж сонголт хийдэг үйлчлүүлэгчид бий. Гэхдээ гоо сайхандаа өөрчлөлт хийхээр сонголт хийж буй бол эхлээд мөнгөнд биш чанарт анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Гоёлын, эмчилгээний хоёрыг хольсон салонууд
Хүний арьсны гоо сайхантай холбоотой эмгэгийг эмчлэх, биеийн аль нэг хэсэгт мэс засал хийх зэргийг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага хийдэг. Түүнчлэн энэ төрлийн үйлчилгээг эмчилгээний гоо сайхан гэж нэрийддэг. Харин гоёлын гоо сайхны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд арьс салстыг гэмтээх үйлчилгээ үзүүлэх эрхгүй. Зөвхөн массаж, нүүр будалт, маникюр, педикюрийн үйлчилгээг л үзүүлэх боломжтой аж. Харин манайд үйл ажиллагаа явуулдаг ихэнх үсчин, гоо сайхны салон гэх тодотголтой газрууд тусгай зөвшөөрлийн эрхгүй байж гоёлын гоо сайхан болон эмчилгээний гоо сайхны үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
Түүнчлэн цахим орчинд гэрээр очиж үйлчилгээ үзүүлдэг сертификаттай гэгдэх хүмүүс стандарт, чанар гэсэн ойлголтыг алгасаж буй. Иргэд ч өөрсдөө тэднээс чанарын баталгаа, тусгай зөвшөөрөл, гарал үүслийг асууж тодруулдаггүйтэй холбоотойгоор энэ мэт борооны дараах мөөг шиг олширсон газруудыг усалж сургасантай холбоотой юм. Гоо сайхны мэс засал хийлгэх эсэх нь хувь хүний сонголт байж болох ч энэ салбарын үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд чангатгаж, хянахгүй бол хэчнээн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирохыг тааж хэлэхэд бэрх байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл