Валентины баяраар хайртдаа өгөх өвөрмөц бэлгийн санаа
Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд гэгээн хайрын өдөр хэмээн тэмдэглэн, хосууд бие биедээ шоколад бэлэглэдэг. Хосдоо ямар бэлэг өгөхөө хараахан шийдэж амжаагүй байгаа бол дараах зөвлөгөөг уншаарай.
Сэтгэлд үлдэх үгс
Хайртдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе гэсэн богино бичигтэй мэндчилгээ хэний ч сэтгэлийг хөндөхгүй. Харин үүний оронд урт захиа, дурсамжтай өдрийнхөө талаар гараар бичсэн бичвэр байж болох юм. Ингэхдээ ганц нүүр мэндчилгээ гэхээсээ илүү хайртай хүнийхээ юунд нь илүү татагдсан, ямар зан чанар нь таалагддаг, анх хараад, уулзаад ямар байсан талаараа бичиж өгөөрэй.
Шоколад
Мэдээж валентины баярыг шоколадгүйгээр яаж төсөөлөх билээ. Хайраа илчлэх, хайраа илэрхийлэх хамгийн зөв бөгөөд романтик бэлэг яахын аргагүй шоколад. Хосдоо шоколад хайлуулж янз бүрийн чимэглэлийг өөрөө урлан бэлэглээрэй.
Ороолт нэхэж өгөх
Өвөл түүнийг дааруулахгүй дулаахан мэдрэмж өгөх ороолтыг өгөөрэй. Зөвхөн түүнд зориулж өөрийн гараар ороолт нэхэж өгөх нь сэтгэл шингэсэн бэлэг байх болно.
Дуртай цомог
Хайртай хүнийхээ сонсох дуртай дуучин эсвэл хамтлагийн цомгийг бэлэглэж болно. Түүнчлэн зөвхөн түүнийг сонсох дуртай дуун дээр сэтгэлийн үгээ бичсэн playlist дижитал орчинд үүсгэж өгч болох юм.
Лонхон доторх захидал
Хосдоо зориулж 31 хоногийн турш өөрийн гараар бичсэн захиагаа лонхонд хийгээд өгөөрэй. Хамтдаа өнгөрүүлсэн дурсамж, дуртай үгс, түүнийг хайрлах болсон шалтгаан, дуртай дууныхаа үг, гэх мэт байж болох юм. Түүнчлэн түүнд аз жаргалтай, гунигтай үед нь унших урмын үгсийг илгээгээрэй. Тэр танаас бага зэрэг урам зориг авах болно.
Хамтдаа цагийг өнгөрөөх
Хайртайгаа хамтдаа ресторанд оройн хоол идэж болох юм. Эсвэл халаадаг попкорн аваад, пицца захиалаад хайрын тухай кино үзээд гэртээ хэвтэж болно шүү дээ. Мөн халуун уух зүйлсээ бэлдээд хамтдаа ууланд алхаж болно. Энэ мэт маш олон зүйлсийг хамтдаа хийж энэхүү өдрийг мартагдашгүй тэмдэглэхийг хичээгээрэй.