Туркийн газар хөдлөлттэй холбоотойгоор Сүхбаатарын талбайд тусламжийн аян үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар талбай дээр 16 гэр бариад байгаа бөгөөд цаашид 100 гэр болгож хандивлахаар төлөвлөжээ.
Монголын ард иргэдээс Туркийн улсын иргэдэд туслах “Нэг дэлхий, нэг гэр бүл” гэр хандивлах аяныг зохион байгуулж байна. Бидний зүгээс байгалийн гамшиг тохиосон Турк улсад гэр хандивлах нь хамгийн оновчтой дэмжлэг болно гэж харж байгаа. Монгол гэрийг эвхэж, хураах, тээвэрлэх, хорогдох байр гээд маш олон төрлөөр ашиглах боломжтой. Тиймээс гэр хандивлахаар шийдсэн. Аян эхлээд хоёр хоног өнгөрч байна. Бидэнтэй маш олон байгууллага болон иргэд хамтарч ажиллах хүсэлт тавьж байгаа. Түүнчлэн гэр үйлдвэрлэгч компани, дүүргийн аж ахуй нэгж байгууллагууд гэр хандивлаж байна. Хандивын аян энэ сарын 19-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Улмаар хандивын сүүлчийн өдөр Турк улсын Элчин сайдыг Сүхбаатарын талбайд урьж авч ирээд, гэрээ өгөх юм. Яг одоогоор бол талбай дээр 17 гэр барьсан байгаа. Цаашид улам нэмэгдэх байх. Ямар байгууллага гэр хандивласан талаарх мэдээллүүд бүгд нээлттэй. Хандивын аянд оролцохыг хүсэж байгаа иргэд зөвхөн гэр гэлтгүй бэлэн мөнгө болон бусад сэтгэлийн хандивыг өгөх боломжтой.
Энэхүү хандивын аянаар дамжуулан Монгол хүн ямар тусч, өгөөмөр юм бээ гэдгийг харуулж, зовсон цагт нөхөр байж чадахын тулд зохион байгуулж байгаа. Яагаад заавал гэр вэ гэвэл “Монгол гэрт нэг үндэстэн битгий хэл дэлхий багтдаг шүү” гэдгийг олон улсад харуулахыг зорьсон. Энэхүү хандиваар бид маш олон хүмүүсийн амьдралыг хэвийн нөхцөлд очих хүртэл нь тус дэм болж чадна гэж найдаж байгаа. Үүнд манай ард түмний сэтгэл, зүрх шингэсэн байх болно. Иймд та бүхэн минь талбай дээрээ ирээд хандив, тусламж сэтгэлийн дэм хайрлаарай.