Шинэ үеийн нөлөөлөгчид
Сүүлийн 10 жилийн хугацаанд олон нийтийн сүлжээ асар хурдацтай хөгжиж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 4.62 тэрбум хүн цахим сүлжээг идэвхтэй ашиглаж буй.
Тэгвэл цахим хэрэглэгчдэд шийдвэр гаргаж, амжилттай бизнес эхлүүлэхэд нь нөлөөлөгчид буюу инфлүнсерүүд тодорхой хэмжээнд “тусалдаг”. Гэвч Монголд цахим хуудсандаа олон дагагчтай хэн бүхэн өөрсдийгөө нөлөөлөгч гэж эндүүрдэг. Улмаар янз бүрийн бараа, бүтээгдэхүүнийг дагагчдаа санал болгоод зогсохгүй бусдын нэр төрийг гутаах, өөрийн мэдэхгүй сэдвээр сошиалд сэвэх зэрэг үйлдэл гаргах нь элбэг. Харин жинхэнэ нөлөөлөгч гэдэг нь үнэнч шударга байдгийн зэрэгцээ үзэл бодлоо худалддаггүй, нийгмийн хамгийн том хөрөнгө оруулагчид юм. Тэднийг хамрах хүрээ, зорилтот зах зээл, дагагчдын тоо зэргээр нь олон янзаар ангилдаг.
Мега нөлөөлөгч
нэг сая гаруй дагагчтай алдартнууд
Макро нөлөөлөгч
500 000-аас нэг сая хүртэлх дагагчтай нөлөөлөгчид
Бичил нөлөөлөгч
10 000-аас 50 000 хүртэл дагагчтай нөлөөлөгчид
Нано нөлөөлөгч
10 000-аас бага дагагчтай нөлөөлөгчид
Нөлөөлөгчид нь дагагчдынхаа зан төлөвт жинхэнэ утгаараа нөлөөлж чаддаг бөгөөд тодорхой сэдвээр мэдлэг, туршлагаараа нэр хүндтэй болж чадсан байдаг. Тэд өөрсдийн дуртай олон нийтийн мэдээллийн сувгууд дээр энэ сэдвээр тогтмол нийтлэл оруулдаг. Мөн тэдний үзэл бодлыг анхааралтай ажигладаг урам зоригтой, идэвхтэй хүмүүстээ бүрэн утгаараа нөлөөлж чаддаг.
Нөлөөлөгчид хэр хүчтэй вэ?
Өнөөдөр таны хүүхдэд танаас илүүтэй цахим инфлүнсерүүд маш хүчтэй нөлөөлж байна. Тэд нийгмийн сүлжээн дэх шилдэг нөлөөлөгчдөөс суралцаж, даган дуурайж тэдэн шиг амьдрахыг хүсдэг болсон.
Гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш юм. Учир нь жинхэнэ нөлөөлөгчид өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байдгийн зэрэгцээ шударга бус зүйлсийн талаар үзэл бодлоо илэрхийлж, мэдлэг мэдээллээ таны хүүхдэд зааж сургахын зэрэгцээ зөв зүг рүү чиглүүлнэ. Мөн тэд үүнийхээ хэрээр ашиг орлого ч олж чаддаг. Тэднийг орчин үед нийгмийн дуу хоолой гэж үзэх нь элбэг болсон. Хамгийн чухал нь тэдгээр нөлөөлөгчид өөр өөрийн гэсэн нийгмийн сүлжээнд дагагчдаа зориулж контент үйлдвэрлэдэг.
Нэгэн жишээ дурдахад, Герман улсын иргэн “Rezo” youtuber залуугийн ганцхан бичлэг 2019 оны Европын парламентын сонгуулийг хэний ч таамаглаагүй үр дүнд аваачсан байдаг. Тэрээр цаг уурын өөрчлөлтийн эсрэг дорвитой ажиллаж чадахгүй байгаа эрх баригчдыг шүүмжилсэн бичлэгээ “YouTube”-д байршуулсан нь маш бага хугацаанд 14 сая хүнд хүрч, сонгуулийн өмнөх нийгмийн сэтгэлзүй, тэр дундаа залууст маш хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Улмаар Германы нийт хүн амын дөрөвний нэг буюу 20 сая залуус нь сөрөг хүчин болох Ногоон намд саналаа өгснөөр “Greens” намын эвсэл Европын парламентад 74 суудал авсан түүхтэй. Энэхүү үйл явдал сошиал медиа инфлүнсерүүдийн нийгэм, улс төр, тэр дундаа залууст нөлөөлөх байдлыг дэлхий даяар хүлээн зөвшөөрөх бодит жишээ болж чадсан байдаг.
HigherVisibility судалгааны байгууллагын гаргасан судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь нөлөөлөгч болохыг хүсдэг гэжээ.
Тус судалгаанаас үзэхэд орчин үед хүүхдүүд эмч, цагдаа гэх зэрэг нийгмийн төлөө ажилдаг мэргэжилтэй адил нөлөөлөгч болж мэргэшихийг хүсэх болсон байна. Сүүлийн жилүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан маш олон нөлөөлөгч төрөн гарсан. Нөлөөлөгч болоход заавал алдартан, спортын хүн байх шаардлагагүй. YouTube, Tik Tok, Instagram гэх мэт платформ дээрээс карьераа эхлүүлсэн нөлөөлөгчид цөөнгүй болоод буй. Манай улсад youtube дээр залуучуудын үзэх дуртай олон залуу нөлөөлөгчид байдаг. Жишээлбэл, С.Золбоо буюу “Zolboo tv”, Б.Түшиг буюу “Tvshig”, “Gremix” буюу М.Ганбаяр, “Инфоргазм” сувгийг хөтөлдөг залуучуудыг монгол залуус үзэх дуртай. Тэд бол залуу үеийн жинхэнэ нөлөөлөгчид юм.
Youtuber Б.Түшиг
Миний хамгийн том үнэт зүйл бол эерэг нөлөөлөл. Бусдад эергээр нөлөөлж, амьдралд нь тусална гэдэг миний гол зорилго.
Хамгийн үр дүнтэй “Нано” нөлөөлөгчид
Дээр дурдсанчлан маш олон төрлийн нөлөөлөгчид цахим орчинд өөрийн гэсэн хүрээлэл буюу дагагчдадаа үзэл бодлоо хуваалцдаг.
Нано нөлөөлөгчид бол хамгийн шилдэг хийгээд зорилтот түвшинд хүрч ажиллаж чаддаг нь юм. Нано нөлөөлөгчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 10 000 хүрэхгүй дагагчтай. Тэд үзэгчидтэйгээ илүү ойр байж чаддаг бөгөөд чанартай зөвлөгөө өгдөг. Тухайлбал тэд өөрийн хамгийн сайн эзэмшсэн мэдлэг туршлагаа бусдад зааж зөвлөж чиглүүлдэг. Жишээ нь, эрүүл чийрэг биетэй болох, зөв хооллох, байгаль экологид ээлтэй байх, мэдээллийн технологи шинэчлэлт зэрэг тодорхой сэдвээр танд хамгийн чанартай мэдлэгийг түгээж, түлхэц болж өгч чадах юм.
Нано нөлөөлөгчид ихэвчлэн Instagram болон ямар нэгэн харилцан яриа үүсгэх боломжтой платформд контентоо үйлдвэрлэдэг. Одоогоор дэлхий дахинд томоохон хэмжээний нөлөөлөгчдөөс илүү нано нөлөөлөгч маргаангүй том орон зайг эзэлж байна. Мөн маркетингийн мэргэжилтнүүд хувь хүний хандлага, үзэгчдийнхээ итгэлийг хүлээсэн бүтээгчдийг хайж байна. Үүнд төгс тохирох нөлөөлөгч бол нано нөлөөлөгч бөгөөд хамгийн тохиромжтой түнш болж чадна. Тэд хийж буй зүйлдээ бүхнээ зориулдаг бөгөөд өөрсдийн итгэдэг зүйлээ сурталчлахад нээлттэй байдгаараа бусад нөлөөлөгчөөс онцлогтой юм. Тэдний зорилго бүх хүнд таалагдах бус зорилтот бүлэгтээ хүрч ажиллах юм.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Иргэн 2023/02/26
Юун нөлөөлөгчид вэ, Монголчууд хүн судлал л хийдэг, араас мөрдөж мөшгидөг Stalkers юм.
0 0 Хариу бичих