Төлөвлөсөн ажлаа хойшлуулсаар л байна уу?
Хүн бүр л ямар нэгэн зүйлийг хойшлуулж байдаг. Заримдаа бидэнд хойшлуулах шаардлага ч гардаг. Гэхдээ таны энэхүү хандлага байх хэмжээнээсээ хэтэрч өдөр тутмын амьдралд тань сөргөөр нөлөөлж байгаа бол дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
Хүмүүс аливаа зүйлийг хойшлуулаад байгаагаа залхуурлаас болж байна гэж бодох хандлагатай байдаг. Яг үнэндээ алдахаас айх айдас, түгшүүр гэх мэт суурь шалтгаанууд бий. Хойшлуулах болон залхуурах хоёр нь хоорондоо ялгаатай. Хойшлуулах хандлага нь хийх хүсэл эрмэлзэлтэй боловч өөрийгөө дайчилж чадахгүй байхыг хэлнэ. Харин залхуурал бол юу ч хийхгүй байх нь илүү тааламжтай байхыг хэлнэ.
Яагаад аливаа зүйлийг хойшлуулдаг вэ?
Ихэнх сэтгэл судлаачид хойшлуулах хандлагыг /procrastination/ нэг төрлийн зугтах зан үйл /avoidance behavior/ гэж үздэг байна. Судалгаагаар хүн хийх гэж байгаа ажлаасаа зугтдаггүй харин тэр ажлаас шалтгаалан төрж буй сөрөг мэдрэмжээс зугтдаг байна. Өөрөөр хэлбэл сөрөг мэдрэмжээ алга болгохын тулд чухал ажлаа хойшлуулдаг гэсэн үг юм.
Үүнд:
- Perfectionism буюу төгс хийх хүсэл. Зарим хүмүүс аливаа зүйлийг төгс хийх хүслээсээ болж алдаа гаргахаас айдаг бөгөөд энэ нь бусад ажлуудаа хойшлуулахад хүргэдэг байна.
- Мэдэхгүй зүйлээсээ айх. Заримдаа хүмүүс мэдэхгүй зүйлээ туршиж үзэхээс айдаг.
- Урмаар дутах. Таны дуусгасан ажлыг хэн нэгэн үнэлэхгүй байх, хэт их шүүмжлэх, хийх ёстой гэж хүлээн авах
- Таны хийх ёстой эсвэл хийхийг хүсэж байгаа ажлууд танаас маш их тэвчээр, хичээл зүтгэл шаардана гэдгийг мэддэг. Гэхдээ удаан хугацаанд хичээл зүтгэл гаргаж, тууштай байхаас зайлсхийдэг.
- Өмнө хийж үзээгүй зүйлээсээ айх. Би хийж чадахгүй бол яана? Яаж хийх вэ? буюу тодорхойгүй байдлаас болж түгшиж эхэлдэг.
- Алдахаас айх
- Өөртөө итгэлгүй байдал гэх мэт маш олон шалтгаан бий.
Хойшлуулах хандлагаас үүсэх эрсдэл:
- Сэтгэл гутралд өртөх,
- Стресст өртөх
- Хямрах,
- Өөрийн үнэлэмж буурах,
- Бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлөх зэрэг багтана.
Хэрхэн шийдэх вэ?
- Хойшлуулаад байгаа гол шалтгаанаа олох. Юуг, хэзээ, хаана, ямар үед хойшлуулаад байна вэ? Таны анхаарлыг сарниулж, танд саад болоод байгаа зүйлсийн жагсаалтыг гаргах. Үүний гол зорилго нь өөрийгөө таньж, мэдэх юм.
- Ямар нэгэн зүйлийг хийе гэж бодогдсон дариуд өөрийгөө дайчлан шууд босоорой
- Яаж дуусгах вэ? гэдэгт бус эхлэхэд анхаарлаа хандуулах. Зүгээр л эхэл
- Чухал ажлуудаа ангилах. Яаралтай ажлуудаа хийсээр л байх юм бол чухал ажлаа хийх цаг гарахгүй. Тиймээс эхлээд чухал ажлаа хийж эхлэх хэрэгтэй
- Хийх ёстой ажлаа олон жижиг хэсэгт хуваах.
- Хийх зүйлсийнхээ жагсаалтаас хамгийн хурдан дуусах ажлаас эхлэх. Ингэснээр танд дараагийн ажлаа хийх урам өгөх юм
- Өөрийн хамгийн өндөр бүтээмжтэй болон хамгийн бага бүтээмжтэй ажилладаг цагаа тодорхойлон ажлаа төлөвлөх
- Бодит эцсийн хугацаанаас өмнө ажлаа дуусгах өөр эцсийн хугацаа товлох
- Өдөрт хийсэн зүйлээ жагсаалтаасаа хасах, дарах
- Төлөвлөсний дагуу ажлаа хийсэн бол өөрийгөө шагнах
- Хийж буй ажлынхаа эерэг үр дүнг төсөөлөх
- Таны хийсэн ажил зарим талаараа дутагдалтай гэдгийг хүлээн зөвшөөрөх. Бүхнийг төгс хийх гэж хичээх хэрэггүй.
- Өнөөдөр хийж болох ажлыг маргааш гэж бүү хойшлуулаарай.