Сэжгээр өвдөж сүжгээр эдгэх буюу плацебо нөлөө

Хүний тархи бидний бодож буй бүх зүйлсэд хариу үйлдэл үзүүлж урвалд ордог гэж зарим эрдэмтэд үздэг. Үүнийг зарим талаараа "плацебо нөлөө" гэж нэрлэдэг. Хэрэв тархи таныг ямар нэгэн эм ууж байна гэж үзвэл хариу урвалд орно. Жишээ нь тархи ходоодны эмийг аспирин гэж бодоод уувал бие махбодод температурыг бууруулах тушаал өгнө. Улмаар ямар ч үр дүнгүй эмчилгээ байсан ч та үнэхээр үр дүнтэй хэмээн итгэж чадсанаар таны бие эдгэрч байгаа мэт мэдрэмж авна. Энэ нь сэтгэлзүйн төвтэй эмчилгээ болж өөрийгөө эмчлэх арга болж чаддаг.

Плацебо эффект буюу "таалагдах" эм

1811 онд Оксфордын товч тайлбар толь бичигт плацебо нь өвчтөнд ашиг тусаа өгөхөөс илүүтэй "таалагдах" эм гэж тодорхойлсон байдаг. Энэхүү эмчилгээний арга нь шууд холестериныг бууруулж, хорт хавдрыг эдгээхгүй. Гэсэн хэдий ч плацебо нь өвдөлтийг намдааж, тайвшруулж буй мэдрэмжийг өгч чаддаг байна. Ингэж чадсанаар стресстэй холбоотой нойргүйдэл, ядрах, дотор муухайрах, хорт хавдрын эмчилгээнд хамгийн үр дүнтэй байдаг аж. Эрдэмтэд плацебо эффектийн талаар маш олон жилийн турш судалгааны ажлыг явуулж буй. Тухайлбал 1572 онд Францын нэгэн гүн ухаантан "Эмийг харах төдийд л үйлчилдэг хүмүүс байдаг" талаар бичиж байжээ. Мөн түүнчлэн тархинд плацебо нөлөө яаж үйлчилдгийг олж мэдэхийн тулд Мельбурны их сургуулийн судлаачид лабораторид дунджаар 23 эрэгтэй, 14 эмэгтэйг оролцуулжээ. Улмаар эрдэмтэд термод хэмээх төхөөрөмжийг оролцогчдын гарт уяж дунд зэргийн өвдөлт өгөх зорилгоор бага зэргийн температурт хэсэг хугацаанд байлгасан байна. Үүний дараагаар судлаачид оролцогчдод өвдөлт намдаах, халууныг улам дордуулах болон ямар ч нөлөө үзүүлэхгүй энгийн гэсэн гурван төрлийн тосыг түрхэж өгчээ. Энэ хугацаанд оролцогчдыг өндөр нарийвчлалтай функциональ соронзон резонансын дүрслэл (fMRI) аппаратаар сканердаж, тархины аль хэсэг нь хамгийн идэвхтэй байгааг илрүүлсэн байна. Үр дүнд судалгаанд оролцогчдын ихэнх нь плацебо нөлөөг мэдэрчээ. Тухайлбал энгийн тос түрхсэн иргэд өвчин намдаж, зовуурь арилсан гэж хариулсан байна. Энэ мэт маш олон судалгааг эрдэмтэд хийсэн байдаг хэдий ч одоо хүртэл зохиомол эм эсвэл эмчилгээний аргын нөлөөн дор бие махбодыг өөрөө эдгээх механизм яагаад үүсдэг талаар бодит судалгааг хайсаар байна.

Плацебо эффект хэрхэн ажилладаг вэ

Эмчилгээ нь эерэг нөлөөтэй байна гэдэгт итгэж чадсанаар ихэнх тохиолдолд өвчтөнүүд хүссэн үр дүндээ хүрдэг.  Плацебо эффект ч мөн адил ингэж үйлчилдэг. Ихэнх хүмүүс ямар нэгэн эмийн үнэ өндөр байх тусам эмчилгээ нь илүү үр дүнтэй байна гэдэгт итгэдэг. Түүнчлэн өдрийн турш хэд хэдэн эм уух нь нэг ширхэг эм уухаас илүү үр дүнтэй байдаг гэж үздэг. Мөн дусал, тариа хийлгэх нь эм уухаас илүү үр дүнтэй байдаг гэх мэт хүн бүр плацебо эффектэд өртсөн байдаг.  Энэхүү эффектэд ихэвчлэн сэтгэлийн түгшүүртэй, бусдаас илт хамааралтай байдаг өвчтөнүүдийн эмчилгээнд сайнаар нөлөөлдөг нь тогтоогдсон байна. Ийм өвчтөнүүдэд идэвхгүй бодис өгөх боловч энэ нь өндөр үр дүнтэй эм гэж тайлбарлавал өөрийгөө эдгээх механизм идэвхэждэг аж. Түүнчлэн плацебо эффектийн эерэг нөлөө нь нойрыг түр зуур хэвийн болгох, таталтын давтамжийг бууруулах, гуурсан хоолойн багтраа, толгойн өвдөлтийг намдаахад тусалдаг.

Уламжлалт анагаах ухаан, дом нь плацебо эффектийг ашигладаг

Монголчууд эрт дээр үеэс плацебо эффектийг "домнох" байдлаар ашигладаг. Жишээ нь ханиад хүрч хоолойн идээлбэл ээжийнх нь шээсийг хоолойн дээр тавьж домнодог. Мөн хүүхдийг айж цочиход хөхөөрөө ширэглэх, хөх хавдаж горьдсон үед өөрийнх нь самаар домнох зэрэг олон аргийг ашигладаг байсан. Харин уламжлалт анагаах ухаанд энэхүү эффектийг олон янзаар ашигладаг. Тухайлбал АНУ-ын эмч нарын хийсэн судалгаагаар туршилтад орсон иргэдэд биологийн идэвхгүй цэгүүдийг ашиглан зүүний эмчилгээ хийжээ. Гэтэл хуурамч зүү ашиглан хийсэн эмчилгээ 35-40 хувийн үр дүнтэй байсан нь тогтоожээ. Ийнхүү плацебо эффект нь өвдөлт намдаах хамгийн үр дүнтэй арга бөгөөд эрт дээр үеэс бид үүнийг амьдралдаа ашиглан иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)