Малайзын жүжигчин Мишель Иео Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн нь Хятадын шүтэн бишрэгчдийг нь баярлуулаад байна.

Хятадын нийгмийн сүлжээний Weibo платформд Мишель Иеог Оскарт нэр дэвшсэн мэдээлэл өнөөдөр тренд болж хүмүүсийн ярианы гол сэдэв болжээ. Түүнийг Ази эмэгтэйчүүдийн бахархал хэмээж буй шүтэн бишрэгчид нь Weibo-д түүнтэй холбоотой 130 сая гаруй # хаштагийг өнөөдөр ашиглажээ.

Малайз-Хятад гаралтай жүжигчин Мишель Иео “Everything Everywhere All at Once” киногаараа Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртэж чадвал энэ шагналыг хүртсэн Азийн анхны жүжигчин болох юм. Энэ жил 60 настай Мишель Иео тус киногаараа саяхан болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн.

Түүний тоглосон “Everything Everywhere All at Once” кино гуравдугаар сард болох Оскарын шагналын 11 төрөлд нэр дэвшсэн.

Тус киноны өөр уран бүтээлчид болох “Индиана Жонс” кинонд хүүхэд насны дүрээ мөнхөлсөн Вьетнам гаралтай Америк жүжигчин Кэ Хуй Куан шилдэг эрэгтэй туслах дүрд, Стефани Су шилдэг эмэгтэй туслах дүрд нэр дэвшжээ.

95 дахь удаагийн Оскарын наадамд Ази жүжигчид хамгийн ихээр нэр дэвшиж байгаагаараа онцлог болж байна. “Everything Everywhere All at Once” киног Хонконг, Тайванийн кино театруудад гаргасан бөгөөд гадны кинонд хатуу хяналт тавьдаг эх газрын Хятадад тус киног одоогоор гаргаагүй аж.