Афганистанд цочир хүйтэрч олон хүн амиа алджээ

Афганистанд цочир хүйтэрч, их хэмжээний цас орсноос болж сүүлийн хоёр долоо хоногт 124 хүн амиа алдсан гэж Талибаны албаны хүмүүс мэдээлжээ. Энэ өвөл тус улсад сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөлд тооцогдож буй. Афганистаны зарим хэсэгт зуд болж 70 мянган мал хорогджээ.

Цас их хэмжээгээр орсноос болж олон газарт зам харилцаа боогдож, аврах ажиллагаанд цэргийн нисдэг тэргийг ашиглаж байгаа ч алслагдсан уулархаг бүсэд газардаж чадахгүй байгаа аж. Хүйтэнд амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь малчид болон эмнэлгийн тусламж авах боломжгүй алслагдсан бөглүү газрын иргэд аж.

Тус улсын засгийн эрхэнд гарсан Талибанчууд эмэгтэйчүүдийг төрийн бус байгууллагад ажиллахыг нь хориглосноос болж тусламжийн олон агентлаг үйл ажиллагаагаа зогсоосон. Талибанчууд энэ шийдвэрээ цуцлах боломжгүй тул олон улсын нийгэмлэгүүдийг исламын соёлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ.

Айл, өрх болгоноос эрчүүд аврах ажиллагаанд оролцож буй учир эмэгтэйчүүдийн оролцоо огт шаардлагагүй гэдгийг гамшигтай тэмцэх газрынх нь албаны хүн хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)