Оскарын шагналд нэр дэвшигчид тодорлоо

Кино урлагийн хамгийн нэр хүндтэй дээд шагнал болох Оскарт нэр дэвшигчид тодорлоо. 95 дахь удаагийн Оскарын наадамд Мишель Иеогийн гол дүрд нь тоглосон “Everything Everywhere All at Once” кино хамгийн олон буюу нийт 11 төрөлд нэр дэвшжээ.

Тодруулбал тус кино шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр, шилдэг хувцасны дизайн, шилдэг найруулагч, шилдэг эвлүүлэгч, шилдэг хөгжмийн зохиол, шилдэг дуу, шилдэг кино, шилдэг кино зохиол зэрэг төрлүүдэд нэр дэвшсэн байна.

Дараагийн хамгийн их төрөлд “All Quiet on the Western Front” болон “The Banshees of Inisherin”  кинонууд тус бүр есөн төрөлд нэр дэвшсэнээр удааллаа. 95 дахь удаагийн Оскарын наадамд Ази жүжигчид хамгийн ихээр нэр дэвшиж байгаагаараа онцлог болж байна.

Малайз жүжигчин Мишель Иео нь Оскарын шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшсэн анхны Ази жүжигчин болж байна.

Энэ төрөлд “The Fabelmans” киноны жүжигчин Мишель Уильямс түүнтэй өрсөлдөх аж.

Саяхан болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн домогт дуучин Элвис Преслигийн амьдралаас сэдэвлэсэн “Elvis” кино нь шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг зураглаач, шилдэг кино гэх зэрэг нийт найман төрөлд нэр дэвшжээ.

Алтан бөмбөрцгөөс шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн алдарт найруулагч Стивен Спилбергийн бүтээсэн “Fabelmans” кино  Оскарын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэх зэрэг найман төрөлд мөн нэр дэвшлээ.

Араас нь “Tar”, “Top Gun”, “Maverick” кинонууд тус бүр зургаан төрөлд нэр дэвшсэн байна.

Ташрамд дуулгахад 95 дахь удаагийн Оскарын наадмыг 2023 оны 3-р сарын 13-ны өглөө 07:30 цагаас Боловсрол телевиз, Хөгжим, Moviebox суваг шууд дамжуулан толилуулна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)