Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын материалд Монгол Улсаас оффшор данстай 49 хүний нэр давхардсан тоогоор илэрсэн. Тэдний дотор нэр нь илэрсэн УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр АТГ-д өөрийгөө шалгуулах хүсэлт гаргажээ.

Миний иргэний үнэмлэх дээр  Даваагийн Батбаяр биш, Даваагийн Кёкүшюзан Д.Батбаяр гэх нэр байдаг.

Тэрээр энэ тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "АТГ-аас оффшор данстай гэх мэдээллийг шалгаж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Би төрөөс төрсөн тэрбумтан биш ээ. Миний иргэний үнэмлэх дээр Даваагийн Батбаяр биш, Даваагийн Кёкүшюзан Д.Батбаяр гэх нэр байдаг. Би 2008 онд өөрчлүүлсэн. Тэгэхээр оффшор данстай гэх хүмүүсийн дотор илэрсэн нэр минийх биш. Би Япон улсад байхдаа хэрэглээний зорилгоор хэд хэдэн данс нээлгэж, хэрэгцээндээ болон сайн үйлст зарцуулдаг байсан. Одоо зарим нь нээлттэй байгаа. Заримыг тэглэсэн учраас ашигладаггүй" гэлээ.

Мөн энэ үеэр Кёкүшюзан Д.Батбаяр төрийн түшээд оффшор данстай байх нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг онцолсон юм.