Ард түмний “дургүй” тусгаар тогтнолын баяр

Монголчууд бид жилдээ бүх нийтээрээ 15 хоног амардаг. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу ийнхүү амардаг. Бүр тодруулбал, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар тав, Цагаан сараар гурав, Шинэ жилээр нэг, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр нэг, Хүүхдийн баяраар нэг, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдрөөр нэг, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр нэг, Бүгд найрамдах улс тунхагласан өдрөөр нэг, Бурхан багшийн Их дүйчин өдрөөр нэг гээд жилд есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр амардаг билээ.

2023 онд бид нийтээрээ хэд хоног амрах вэ

Хуанлийн дагуу 2023 оны 365 өдрийн 260 нь ажлын, 105 нь амралтын өдөр байна. Харин бүх нийтээрээ амрах 15 өдрийн хоёр нь бямба, нэг нь ням гарагт тохиож буй. Амралтын өдөр таарвал нөхөж амардаггүй хуультай учир ажлын 260 хоногоос 15 бус 12 өдөр л хасагдаж, энэ жил 248 хоног ажиллаж, үлдсэн өдрүүдэд амрах нь ээ. 

Дэндсэнгүй бас дутсангүй

Ер нь жилдээ 260 хоног л ажилладаг бидэнд бүх нийтээрээ 15 хоног нь амрах нь хэтийдсэн тоо болов уу. Бусад улстай харьцуулж үзье л дээ. Улс орнуудыг нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тоогоор нь “Wikipedia” нэвтэрхий тольд жагсаажээ Нийтдээ 74 орныг жагсаасан бөгөөд Монгол Улс энэхүү жагсаалтад 14 амралтын өдөртэйгээр 32 дугаар байрт жагсаж байна. Сүүлд нэмэгдсэн Бурхан багшийн их дүйчин өдөр нэмэгдээгүй бололтой. Бидэнтэй адил бүх нийтээрээ 15 хоног амардаг орнуудад Литва, Румын, Швед зэрэг орнууд байна. Хамгийн цөөхөн өдөр буюу 8-10 хоног амарч буй улсуудад Мексик (8), Эквадор (8-9), Их Британи (8-10), Тайвань (9) багтаж байна. Харин хамгийн олон өдөр буюу бүх нийтээрээ 25-аас дээш өдөр амардаг улсуудад Шри Ланка (25), Иран (26), Непал (30), Мьянмар (32) зэрэг улс багтаж байгаа юм. Эндээс харвал бидний амрах өдрүүд дэндсэн бас дутсан зүйлгүй харагдана

Манжийн эрхшээлээс гарсан нь чухал зүйл биш үү

Амарч буй өдрүүдийнхээ тоогоор дэлхийн тэргүүнд заларч, залхуучаараа цоллуулаагүй ч бид “утгаа ойлгож” баярлахгүй байсаар л байна. Саяхан болж өнгөрсөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдрөөр жишээ авъя. Энэ өдөр монголчууд Манжийн эрхшээлээс гарч, үндэсний тусгаар тогтнол, төр ёсоо дахин сэргээсэн.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар бүтээсэн, Шинжлэх ухааны академи, Түүх археологийн хүрээлэнгийн бүтээсэн “mongoltoli.mn” хэмээх хамгийн баталгаатай эх сурвалжид “Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглажээ. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь 1921 оны хувьсгалын төдийгүй бүхий л тусгаар тогтнолын үйл хэргийн үүтгэл байсан юм” хэмээн тэмдэглэжээ. Гэвч энэ өдрийг ойлгож байгаа нь асар цөөн. Сурагч дүү минь “Саяхан тусгаар тогтнолын баяр гээд арваннэгдүгээр сард амарсан. Монгол Улс чинь хэд дахин тусгаар тогтнодог юм бэ” хэмээн цухалдангуй суусан. Багш нь ч, сургууль нь ч, аль аль нь түүнд ойлгуулаагүй бололтой. 

“Хаяг андуурсан” үүрэн операторуудын мэндчилгээ

Дүүтэй адил “учрыг нь ойлгоогүй” олон хүн дээр үүрэн холбооны үндэсний операторууд болох “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи мобайл” нэмэгдэв. Хэдэн мянган харилцагчтай үндэсний томоохон, хариуцлагатай компаниуд Сүхбаатар жанжны дүрийг гол дүрээ болгон “хаяг андуурав”. Жанжин Сүхбаатар Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан уу гэвэл тийм. Гэхдээ 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний гол дүр лав тэр биш. Утгаа ойлгоогүй тэдний “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн баярын мэнд хүргэе”, “Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон монгол хүн та энэхүү түүхэн өдөр эрх чөлөөний үнэ цэнийг эрхэмлэн дурсаж, хүндэтгэн өнгөрүүлээрэй”, “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Монгол Улс мөнхөд мандан бадраг”, “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн баярын мэндийг тохиолдуулан оны сүүлчийн онцгой урамшууллаа зарлаж байна” гэх ядмагхан үгс нь ч иргэдэд хүрсэнгүй. Заримынх нь цухлыг барав. 

Бөх барилдаж, шагнал гардуулах л амралт

Ер нь энэ өдөр нийтийг хамарсан, ач холбогдол, үнэ цэнийг нь нийтэд ойлгуулсан зүйл нэг ч болсонгүй. Нийтийг анхаарлыг татсан хоёр арга хэмжээ болсон нь Ерөнхийлөгчийн шагнал гардуулах ёслол болоод Монгол бөхийн өргөөнд болсон Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан. Төрөөс зохион байгуулсан энэ хоёр арга хэмжээ “далимдуулсан” л арга хэмжээ болохоос биш шулуухан хэлэхэд түүхэн энэ өдрийг ойлгуулахад ямар ч үнэ цэнгүй л зүйл. Үгүйдээ төр засгийн удирдлагууд VIII Богдын хөшөөнд цэцэг ч өргөж, хүндэтгэл үзүүлсэнгүй. Монголчууд 200 гаруй жилийн Манжийн дарлалаас гарсан нь тийм ч чухал үйл явдал биш бололтой. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ л “Ардчилсан нам” гэсэн туузтай цэцэг өргөж харагдлаа. Богд хааны ордон музейд энэ өдөрт зориулсан арга хэмжээ болсон гэх боловч олны анхаарлыг татахаар хэмжээнд хүрсэнгүй. Энэ өдрийг нэг иймэрхүү л тэмдэглэж ирсэн. Цаашид ч ийм байх бололтой.

Дэлхийн улс орнууд үндэсний түүхэн өдөртөө хамгийн их ач холбогдол өгдөг

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монголд чухам ямар үйл явдал болсон, өнөөгийн монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлсөн, яагаад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой гэж нэрлэсэн гээд таниулах олон шалтгаан байна. Уг нь таниулах нь хэцүү зүйл биш. Хэдхэн жилийн өмнөх “үл таних” баяр байсан Сүнсний болон Валентины өдрийг одоо үндэсний баяраас илүү тэмдэглэж, үүх түүхийг нь мэдэж байна. Манайд хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг нь бидний ярьж заншсанаар Шинэ жил, Наадам, Цагаан сар, Март, Хүүхдийн баяр. Ихэнх нь олон улсын тэмдэглэлт баяр.

Дэлхийн улс орнууд үндэсний түүхийнхээ хамгийн чухал ач холбогдолтой үйл явдлуудад тулгуурлан баяраа тэмдэглэж, улс орных нь хамгийн нүсэр баяр энэ байдаг. Монгол Улсын минь тусгаар тогтнолтой салшгүй холбоотой үндэсний баярууд болох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Бүгд найрамдах улс тунхагласан өдөр Монголд хамгийн үнэ цэнгүй, зарим иргэдийнхээр бол “утга учиргүй” шагнал л гардуулдаг амралтын өдөр болж байна. Бид хэзээ энэ бүх үндэсний баяраа ойлгож, монгол хүн гэдгээрээ бахархаж, омогшиж, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн эрэлхэг баатруудаа хайрлах юм бэ. Уулсын сүрлэг, усны тунгалаг Монголд төрж, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн хэмээн овоглочихоод үндэсний баяраа “танилгүй”, хэдий хүртэл шоовдорлох вэ. Төрийн дарга нар болоод жирийн иргэд бидний ч өнгийж харах асуудал зүй ёсоор мөн билээ.

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. 11 sariin 26 -niig butsaagaad ajliin odor bolgoh heregtei.

    0 0 Хариу бичих
  2. Ядуу хүн улстөрждөг юм. Монголын Барууны намынхныг дагагчид Монгол Улсын ядуугийн түвшинг дэлхийд харуулдаг.

    0 0 Хариу бичих
  3. iim udur baih estoi. amraltaa ologtoi edelj chadahgui, amraltiin udruu geriihendee lai udaj heruul margaan hiij arhidan sogtuurdag garuud bolichih heregtei

    0 0 Хариу бичих