О.Оюунчимэг: Нэгдүгээр сард -40 градус хүрч хүйтрэх нь хэвийн үзэгдэл

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50, -53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш дахиж -50 градуст хүрч хүйтрээгүй байна.  Харин хоёр хоногийн өмнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хоносон байна. Үүний учир шалтгаан нь юу вэ ?

-Энэ өвлийн хувьд эрт хүйтэрсэн. Нэгдүгээр сарын эхээр Якутск орчимд үүссэн өндрийн циклоны салбар хотсууд Монгол орныг дайрч өнгөрч байсантай холбоотой хойд туйлын хүйтэн агаар бага багаар орж ирсээр байсан. Харин өнгөрсөн хоёр хоногт оргил хүйтэн хэсэг нь манай оронд ажиглагдав. Энэ үед газрын даралтын орон ихэнх нутгаар их даралтын орны нөлөөнд хонож хамгийн хүйтэн -50 градус хүрсэн. Завханы Баянтэс суманд далайн түвшний даралт 1088.2 гПа хүрсэн байна. 

-Өмнөх 5 жилийн хугацаанд яагаад -50 градус хүрч хүйтрээгүй вэ?

-Агаар мандлын урсгал жил бүр харилцан адилгүй байдаг. Өнгөрсөн онуудад харьцангуй дулаан жилүүд байсан. Өөрөөр хэлбэр хойд туйлын хүйтэн цөмрөл тийм ч хүчтэй орж ирээгүйтэй холбоотой юм.

-Ойрын өдрүүдэд хүйтрэх тухай урьдчилан сэргийлэх мэдээ түгж байна. Хаанаас үүдэлтэй ямар хугацааны хүйтрэлт болох юм бэ?

Хойд туйлын хүйтэн агаар цөмөрч орж ирсэнтэйгээр холбоотой энэ хүйтрэлт нэгдүгээр сарын 22-ноос 23-нд оргил үе нь ажиглагдлаа. Энэ хүйтрэлт 26 хүртэл өдрөөс өдөрт 2-3 градусаар суларна. Улмаар 27-ноос мэдэгдэхүйц (одоо байгаа температураас 10-15 градусаар) хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Энэ үзэгдлийн хувьд анхааруулах мэдээ гаргасан бөгөөд урьдчилан сэргийлэх мэдээг тухайн үзэгдэл гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдах нөхцөл бүрдсэн үед гаргадаг.   

-Хүйтрэх энэ үзэгдлийн эх үүсвэр хаанаас үүдэлтэй гэж ойлгож болох вэ?

Хойд туйлын хүйтэн цөмрөлтөөс үүдэлтэй.

-Энэ хүйтрэлтийн дараа дахиж хүйтрэхгүй гэх цуурхал гараад байна. Үүнийгээ естэй холбон тайлбарлаж байна лээ. Ер нь ийм байх боломжтой юу? 

Нэгдүгээр сар жилийн хамгийн хүйтэн сар байдаг. Энэ сард -40 градус хүрч хүйтрэх нь хэвийн л үзэгдэл  Учир нь 2-4 дэх ес давхацдаг болохоор тэр юм. Ер нь нэгдүгээр сар дуусаж байгаа учир цаашид дулаарах магадлалтай. Гэхдээ нэгдүгээр сар дуусаад тогтмол дулаардаг гэвэл энэ нь ташаа зүйл юм.   

-Өмнөх өвлүүдтэй энэ жилийг харьцуулбал онцлох зүйл юу байгаа вэ?

Эрт хүйтэрсэн. Мөн цас бага багаар орж цасны зузаан, тархац ихсэлээ.  Нэгдүгээр сарын эхээр ихэнх нутгаар дулаарч, араасаа хүчтэй хүйтэн цөмрөлт ажиглагдлаа.

2018 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сар олон жилийн дунджаас дулаан байсан. Энэ байдалд хүмүүс дасчихжээ. Түүнээс биш энэ жилийн нэгдүгээр сарын хүйтрэлт байдаг л хүйтэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)