Казакстан улсад хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн байж болзошгүй иргэд хандлаа. Тэднийг сарын 4-5 сая төгрөгийн цалин амлаж Казакстаны Караганда хот руу аваачсан ч хөлсгүй сар гаруй хугацаанд ажиллуулж, сүүлдээ эсэргүүцэл илэрхийлмэгц явуулахгүй гэж хорьсон гэж ярилаа. Иймээс та харь орныг зорьж ажил хийх гэж байгаа бол баталгаатай зуучлагч кампанитай гэрээ байгуулж явахыг зөвлөж байна.
Иргэн: Байрны зээлээ дарах гэж гадаад руу явсан ч цалин ч үгүй, байр ч үгүй болсон
Казахстаны талаас бидний цалинг Мөнх Оргил Цамхаг ХХК-нд өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд бидний гар дээр цалин өгөөгүй. Цалин аваагүй болохоор энэ ажлыг хийхгүй гэж хэлсэн. Гэвч тухайн ажил хийлгэж буй хүмүүс биднийг хашаанаас гаргахгүй гээд барьцаалчихсан. Ингээд 3 сар орчим хугацаанд тухайн хашаанд байсан. Бид энэ хугацаанд сонгино шарж, байцай жигнэж идэж байлаа. Би байрны зээлээ дарахаар гадаад руу гарч ажил хийсэн. Гэвч Монголд буцаад ирэхэд байр ч үгүй, цалин үгүй болсон байна.
Иргэн: Казахстанаас шөнө оргож гарахаас өөр араггүй болсон
Би барилгын бригад ахалж явсан. Сард 5 сая 500 мянган төгрөгийн цалин авахаар тохиролцсон. Гэвч сар гаруй ажиллах хугацаанд цалингаа авч чадаагүй. Харин ч Казахстанаас шөнө оргож гарахаас өөр араггүй болсон. Биднийг анх очиход бичиг баримт хурааж авсан. Арай гэж тэмцэлдэж хэрүүл хийж байж бичиг баримтаа эргүүлж авсан юм. Тэгээд Астанагаас Баян-Өлгий рүү хүн тээвэрлэдэг ахын тусламжтай Монголд оргож ирсэн.
Иргэн: Казахстанд очмогц бичиг баримт хурааж авсан
Ажил жуулчлалын компани Казахстаны талаас хоол унд, хэрэглээний төлбөрийг бүгдийг нь даана гээд биднийг явуулсан. Үнэн хэрэгтээ тэнд очоод цалин ч үгүй, хөдөлмөрөө шулуулаад ирж байгаа юм. Монголд ирмэгцээ жуулчилж өгсөн компанитай холбогдоход бид ч гэсэн хохирсон гэсэн хариуг хэлж байгаа юм.
Дээрх иргэдийг Монголын талаас жуулчилсан компани нь Мөнх Оргил Цамхаг ХХК . Энэ компани нь тухайн бригад хариуцаж байсан компани руу ажилчдын цалинг шилжүүлсэн ч тэндээсээ ажилчдадаа цалин хүрээгүй гэх тайлбарыг өгч байгаа юм.
“Мөнх Оргил Цамхаг” ХХК-ийн захирал Ц.Жамсран “2022 оны наймдугаар сард Казакстаны Караганда хотод “Euro Asia Building 1” гэх компани хамтарч ажиллахыг санал болгосон. Монгол дахь ажлаа зогсоож болохгүй учраас зар тавьсан. Нэг бригад ирж уулзсан. М.... гэдэг захиралтай. Нийтдээ 20 хүн авах төлөвлөгөөтэй байсан. Манайд 20 хүн байгаа бид нар явъя гэсэн. Дахиад хүн хайхгүйгээр тэдний бригадыг явуулсан. Казакстаны талаас 5 сая тенге урьдчилгаа авахаар тохирсон байсан ч мөнгөө өгөөгүй. Гэтэл манайхаас бүр анх очсон М-д 1,5 сая тен өгсөн байсан. Тэгээд 3,5 сая тенги надад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь ажил хийж байгаа 20 хүнээ нийтийн байранд оруулаарай гээд 500 мянган тенге, цалин 200 мянган тенге, үлдсэн 2,8 сая тенгег Монгол руу шилжүүлээд бэлэн мөнгө болгоод Таана Анх Манд гээд компанийн захирал руу шилжүүлсэн. Зуучлагч компани болох манайд хэлэлгүйгээр тохирсон газраасаа өөр газар ажил хийхээр хүмүүсээ аваад явсан байсан. Мөн хүмүүсийнх нь цалин гээд мөнгө шилжүүлсэн ч цааш ажилчдадаа өгөөгүй байсан” гэлээ.
Барилгын болон зуучилсан монгол компани зэрэг 3 компани дамжин тухайн хүмүүст цалин нь очих ёстой байсан ч авч чадалгүй, нөхцөл байдал хүндэрч сүүлдээ хувь хүнээс мөнгө зээлж эх орноо барааджээ. Цар тахлаас хойш үнийн өсөлтөд өрх бүр дарлуулж байна. Ахиу цалин хөлс бүгдэд л хэрэгтэй байна. Гэхдээ та Монголоосоо гарч ажиллах гэж байгаа бол найдвартай, баталгаатай компанитай, гэрээ байгуулж ажиллаарай. Эс бөгөөс хөдөлмөрөө шулуулж, эцэс сүүлд нь эх орондоо ч ирж чадахгүй хүндхэн байдалд мөн орох эрсдэлтэй байна.