Н.Эрдэнэхүү: Элэгний В, С, Д вирус цусаар, бэлгийн замаар халдварладаг

"Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” ТББ-ын санаачилгаар “Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг өнөөдөр /2023.01.23/ зохион байгууллаа. 

Монгол Улсын хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн халдвартай, 9.4 хувь нь гепатит В вирусийн халдвартай, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусийн хавсарсан халдвартай байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад элэгний В вирустэй 450 мянга орчим хүн, түүнээс Д-компонент хэлбэртэй 240 мянга орчим хүн байгаа гэх албан бус тоо мэдээлэл бий бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дундах В вирусийн тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ. Одоогоор Монгол Улсад элэгний гепатит Д вирустэй хүмүүст тохирох эм, эмчилгээ байхгүй байгаа юм 

"Хамтдаа шийдэж, элэг бүтэн амьдарья" уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон эмч, эмнэлгийн дарга нар оролцлоо.  

Мөн үеэр ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү "Элэгний В, С вирустэй хүмүүс ихэвчлэн ямар нэг зовуурь илэрсний дараа эмнэлэгт ханддаг. Уг нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Өндөр хөгжилтэй улс оронд бол Д вирус гэж байдаггүй. Учир нь тухайн улсын иргэд В вирусийн эсрэг урьдчилан сэргийлэлтээ сайн хийдэгтэй холбоотой. Уг нь манай улсад В вирусийн эсрэг вакцинжуулалтыг сайн хийвэл Д вирусийн өвчлөлөөс сэргийлэх боломжтой. Манайд 1990 оноос өмнө төрсөн хүмүүс халдвартай байдаг. Хэрэв 1990 оноос хойш төрсөн хүмүүс ихэвчлэн халдвартай гарч байгаа бол вакцинжуулалт сул байна гэсэн үг. Ийм тохиолдолд нэмэлт тун хийх шаардлагатай . Элэгний В, С, Д вирус цусаар, бэлгийн замаар халдварладаг. Ихэвчлэн бэлгийн замаар халдаж байна" гэв. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж хүртээмжийг нэмэгдүүлж, элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхээр тусгасан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын 2023 оны Улсын төсөвт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 13.7 тэрбум төгрөгийг суулган цаашид тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлийг эрүүл мэндийн яаманд өгсөн. Иймд тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос эхлэн элэгний гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарахаар боллоо. Миний бие зөвлөлдөх уулзалтаас гарсан үр дүнг Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад уламжлан дамжуулж, Д вирусийн эмийг оруулж ирэх асуудлаар иргэдтэйгээ хамтран ажиллахаа илэрхийлж байна" гэв. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)