Бүтэлгүй таван төгөлдөршил
Санжийн Баяр 2007 оны арванхоёрдугаар сарын 13- нд Ерөнхий сайд болмогцоо “Таван төгөлдөршил” гэх зорилтоо танилцуулж байлаа. Тэдгээр нь стратегийн том ордуудын ашиглалт, иргэний бүртгэл мэдээлэл, нийгмийн баялгийн хуваарилалт, сонгуулийн шударга тогтолцоо, төрийн албыг цэгцлэх гэсэн таван зорилт байсан.
Таван төгөлдөршлөө хэрэгжүүлэх нарийн аргачлал бүхий 50 шахам хуудас төслийг УИХ-ын гишүүдэд тараахад нь үнэхээр л “Төгөлдөржүүлэх нь дээ” гэсэн үнэмшил төрж байснаа нуухгүй. С.Баяр өөрөө эрч хүчтэй, элдэвтэй ч байсан ид үе. Тэр өөрийн зарласан таван төгөлдөршлөө үсрээд л дөрвөн жилийн дотор амжуулчихна гэж тооцож байсан байх. Гэвч өөрөө бүрэн эрхийн хугацаагаа ч дуусгахгүй албан тушаалаа өгч, их улс төрөөс яваад өгсөн. Явахдаа “Таван төгөлдөршлийн зорилтын маань эхний гурав нь амьдралд бодитой хэрэгжиж эхлэв. Таван төгөлдөршлийн гол үндэс суурь бол иргэний бүртгэл буюу төрийн ой санамжийг төгөлдөршүүлэх ажил билээ. Иргэний бүртгэлийн төгөлдөршил нь нийгмийн баялаг хуваарилалт, халамжийг шударга тод болгоно. Нөгөөтэйгүүр, иргэний бүртгэлийн төгөлдөршил нь үлдэж байгаа хоёр төгөлдөршлийнхөө үндэс суурийг бас тавьж байгаа юм. Иргэний бүртгэл сайжирснаар “амьгүй сонгогч”-ийн нэрээр санал луйвардах, сонгууль будлиантуулах үүдийг хааж чадна. Ингэснээр эцсийн дүндээ Монголын төрийн алба тунгалагшин ариусах зөв эхлэл болно” гэж сүржин мэдэгдэж байлаа. Үүнээс хойш хэдийнэ 15 жил улиран өнгөрчээ. Харин мөнөөх иргэний бүртгэл нь өдгөө төгөлдөрших нь бүү хэл, хамаг будлиан, завхралын уг үндэс нь болчихсон тууж явна.
Иргэний бүртгэлийн тогтолцоо маань ёстой л холион бантан, хүн амын дата мэдээлэл, бүртгэлийн систем нь хогийн тантан болж орхисныг саяын Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох гэсэн Засгийн газрын “бойтог” ажиллагааны үеэр ил боллоо.
Бүх өөрчлөлт шинэчлэлт, өсөлт хөгжлийн суурь гэж үзэж байсан нэг төгөлдөршил нь ийн нохойн замаар орсон юм бол С.Баярын үлдсэн дөрвөн төгөлдөршил хаашаа ч хөдлөөгүй, гарааныхаа газар таг гацсан байж таарна. Төгөлдөршүүлэх шаардлагатай таван чиглэлийн нэг нь л хэрэгжиж чадаагүй тохиолдолд нөгөөдүүлийнхээ үр дүнд гойд нөлөөлөх тийм зүй тогтол илт байсан. Энэ ч ёсоор болж дээ. Баялаг хуваарилах санаачлага нь иргэний бүртгэлээс үүдэлтэйгээр шударга бус түгээгдэж, халамж нь зорилтот хүмүүстээ очихгүй булаагдаж, шат шатны сонгууль булхай луйврын дор явагдаж ирсэн байна. Зарим хүн С.Баяр иргэний бүртгэлийг төгөлдөржүүлэх нэрээр улам будлиантуулж, завхруулах ажлыг эхлүүлсэн ч гэж ярьдаг нь ортой тусч байх шиг.
Тухайн үед УИХ-ын сонгуульд С.Баяртай өрсөлдсөн эдийн засагч Б.Лхагважав “Сүхбаатар дүүрэг иргэний бүртгэлийн мэдээллээр 48 мянган иргэнтэй. Энэ бол санал хураах өдрөөс долоо хоногийн өмнөх шилжилт хөдөлгөөн хаасан эцэслэсэн дүн. Гэтэл түүнээс хойш 12 мянган хүн нэмж ирсэн байна. Сонгуулийн санал хураалтын нэгхэн хэсэг 10-20 хувийн нүүдэлчин сонгогчтой болчихсон гэсэн үг” хэмээн заргалдаж байжээ.
Үүнээс хойш сонгууль бүхэнд л “Явдаг царцаа” гэх ойлголт яригдах болсон. Гэвч хий хоосон хардлага, үр дүнгүй яриа болоод л өнгөрдөг байлаа. Түүний учир шалтгаан нь иргэний бүртгэлийг “хэт төгөлдөршүүлсэн” буюу “Иргэний бүртгэлд тодорхой эрх ашгийн үүднээс гар, хөл хүрдэг тогтолцоо бий болсон юм биш биз ээ” гэх хардлага 15 жилийн дараа яах аргагүй босч ирж байна. Иргэний бүртгэлээс үүдэлтэй ямар булхай луйвар, гаж буруу тогтолцоо, эрхийн зөрчил, эд мөнгөний хулгай явсныг тооцоолох аргагүй. Гэвч санаанд буй хэдхэн жишээг л энд дурдаад үзэцгээе.
- Сонгуульд талийгаач болсон 29 мянган хүн санал өгснөөр тооцогдсоор ирсэн нь ил болж байлаа
- 2016 оны сонгуулиар хэвлүүлсэн саналын хуудас сонгогчийн тооноосоо хоёр дахин илүү байсан баримт бий.
- Иргэний бүртгэл мэдээлэлд хяналтын бүртгэл хийсний үр дүнд хаягийн давхардалтай 116 мянган иргэн илэрч байв. Үүнээс хоёр хаягтай 110190, гурван хаягтай 6106, дөрвөн хаягтай 255 иргэн илэрсэн.
- Регистрийн дугаар нь давхардчихсан иргэдийн 104 500 хүн Улсын иргэний бүртгэлээс илэрч байлаа.
- Нэг иргэн таван ширхэг иргэний үнэмлэхтэй явж байгаад баригдсан түүх бий.
- Иргэний бүртгэл мэдээллийн төв, Үндэсний статистикийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо гурав нь сонгогчдын тоог гаргадаг бөгөөд тэдний гаргадаг сонгогчийн тоо хоорондоо 200- 300 мянган хүнээр байнга зөрж ирсэн.
- 2016 оны УИХ-ын сонгуулиар зөвхөн баг, хороонд “задгай” гэх нэрээр нийтдээ 18 мянга гаруй сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Тухайлбал, Архангай аймагт 1341, Баянхонгор аймагт 2059, Хөвсгөл аймагт 2943, Увс аймагт 3237 сонгогч тус тус шилжсэн.
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1794 сонгогчийн 180 нь нэгэн компанийн Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг ажилтнууд байсан нь ил болж байв
Баян Итгэлт ч малаа ингэж тоолохгүй
Дээр өгүүлсэн жишээ, баримтууд нь иргэний бүртгэлийг будлиантуулснаар сонгууль нөлөөлж болох бодит кэйс болох тухай юм. Тэгвэл хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь ялгавартайгаар олгохоор болсон шийдвэрийг хэрэгжүүлэх явцад өөр олон булхай, хулгай иргэний бүртгэлийн цаана явагдаж байж болзошгүй нь илэрлээ.
Нэг хаяг дээр хүн нэмж бүртгэхээс гадна хэд хэдээр нь хүүхэд бүртгэсэн зөрчил гарлаа. Энэ нь магадгүй Ковидын үед нэмэгдэлтэйгээр олгогдсон хүүхдийн мөнгийг бүртгэлийн аргаар завшдаг байсан гэх ноцтой хардлагыг үүсгэж байна. Хөвсгөл аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ёстой 27 сая төгрөгийн нэмэгдлийг олгоогүй завшсан хэрэг гарч байсан. Мөн нас барсан иргэдийн тэтгэврийг үргэлжлүүлэн авсаар байсан зөрчил ч илэрч байлаа. 2012 онд л “Хүн амьдардаггүй газар иргэдийг бүртгэсэн байна”, “Огт байхгүй хүнийг хэн нэгний хаяг дээр нэмж бүртгэсэн байна”, “Нэг хаяг дээр олон хүнийг давхардуулан бүртгэсэн байна” гэх хэл ам байнга гарсаар байсан ч тухай бүрт Улсын бүртгэлийн ерөнхий газраас программын алдаа гэж тайлбарлаж ирсэн. 2016 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой нэгтгэн, Засгийн газар дэргэдээ авсан билээ.
“Сахил хүртээд шал дордов” гэгчээр тэд одоо ч хаяагаа манасан хэвээрээ л байна. Хаяг дээр нь нэмэгдсэн хүн болоод хүүхдийн талаар “Манай байгууллагаас зориудаар ямар нэгэн хууль зөрчсөн болон бүртгэл буруу хөтөлсөн асуудал байхгүй ээ. Эдгээр асуудал нь сонгуулийг будлиантай болох үндэс болохгүй бөгөөд иргэд өөрсдөө хүсэлт гаргаж хаягийн зөрчлөө арилгуулахгүй бол бүртгэлийн байгууллагаас хүчээр шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбар өгдөг. Ийм илт зүйлд ийм эргэлзээтэй тайлбар өгч байгаа нь цаашид ч засрах найдвар алга гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

“Хүүхдийн 100 мянган төгрөгийг нийт хүүхдийн 9 хувьд нь олгохгүй” гэж шийдсэн Засгийн газар тэрхүү 9 хувийг тогтоохдоо хүртэл алдаа гаргав. Ямар шалгуур үзүүлэлтээр ангилал хийж байгаагаа анхнаасаа зарлаагүйгээс явж явж энэ нь Засгийн газрын ялгаварлах үзэл, төрийн албан хаагчийн үзэмжийн асуудал мэт болж хувирлаа. “Хүүхдийн мөнгийг хэрэглээндээ зарцуулахгүй, хадгаламжиндаа шууд шилжүүлж байгаа гэр бүлд хүүхдийн мөнгийг олгохгүй байхаар шийдсэн” гэх ЗГХЭГ-ын даргын тайлбар нь бүр ч элэг хөшөөм байлаа. Энэ нь өнөөх л хичээдэг, зүтгэдэг, хураадаг, хуримтлуулдаг, юмыг юм болгодог хэсгээ алаг үзэж байгаа төрийн харалган бодлогын жишээ болов.
Аливаа үйлийг хийхдээ хөгөө чирж, будилж, ундуй сундуйтайгаа хутгалдан уймрахыг бид “Бойтоглох” хэмээн егөөддөг. Тэгвэл Засгийн газар энэ удаа ёстой л бойтоглож өглөө. Иргэний бүртгэл, мэдээллийн лавлагааг өгдөг “E-Mongolia” систем нь гацаж, тэнд иргэд төрүүлээгүй атлаа хүүхэдтэй болж, гэрлээгүй атлаа нөхөртэй, эхнэртэй ч болж амжив.
“Тунгалаг тамир” романы нэгэн дүр болох баян Итгэлт ч малаа ингэж тоолохгүй. Хамгийн хөгжилтэй нь, энэ бүх алдаагаа төр засаг, төрийн албан хаагчид хүлээн зөвшөөрөхгүй, буруугаа эргээд иргэд рүүгээ чихэх гэж үзсэн нь хөгтэй байлаа. ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар “Энэ ямар нэгэн байгууллага юм уу, системээс гарсан алдаа биш. Иргэд мэдээллээ шинэчлээгүйтэй холбоотой. Тиймээс E-Mongolia-аас бүртгэлээ хараад, хаяг дээр нь илүү хүн, хүүхэд бүртгэгдсэн байвал хүсэлтээ гаргаад энэ алдаануудаа засуулж болно. Засагдсаных нь дараа бид дахиад үнэлгээг нь гаргаад, хүүхдийн мөнгө олгох эсэхийг шийдчихнэ” гэж ярьсан. Асуудлыг тун ч хөнгөн, мөн ч амарханд бодож байгаа юм шүү. Гэтэл иргэний бүртгэл дээр хуримтлагдсан эдгээр зөрчил нь төрийн албаны чадамжгүй байдал, уялдаа холбоогүй байдал, иргэдийн мэдээллийн аюулгүй байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай хүртэл холбогдох ноцтой аюул, осол юм. Энэ аюулыг уг нь аль эрт С.Баяраас ч өмнө нийтээрээ ярьдаг л байсан. Засах, өөрчлөх тухай засаг төр нь байнга чалчдаг л байсан.
1939 онд Цагдан сэргийлэх газарт паспортын хэлтэс гэгчийг байгуулж, иргэддээ Монгол Улсын иргэний паспорт (бор өнгөтэй) олгохоор шийдвэрлэснээс хойш 2018 онд Улсын бүртгэлийн багц хуулийг баталж, Монгол Улсын Засгийн газрын 144 дүгээр тогтоолоор “Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг батлах хүртэл урт замыг туулсан байна. Харамсалтай нь иргэдээ бүртгэдэг арга хэлбэр маань паспорт олгодог 1939 оноосоо төдий л хол харайсангүй дээ.
Эцэст нь энэ Засгийн газраас хүсэх нэг л зүйл үлдлээ. “Тэр цахим үндэстэн, иргэний бүртгэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг ч яамай хэвтэнэ. Түүнээс өмнө иргэнээ нэг ян тан тоолчихвол яасан юм бэ” гэж санагдаж байна.
Малаа л тоолохоо мэдэхээс хүнээ ер нь тоолж, бүртгэл мэдээллийг нь цэгцэлж чадах улс юм уу даа, бид. Мал бүрэн. Харин хүн бүрэн үү, хөөе!