Ирландын нийслэл Дублин хотод цагаачдыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжиллээ.  Жагсагчид “Ирланд дүүрсэн” гэсэн лоозон барьснаас гадна нийгмийн сүлжээгээр нь #IrelandIsFull, #IrelandForTheIrish гэсэн хаштагийг иргэд өргөнөөр ашиглаж байгаа аж.

Жагсагчид өмнө нь дүрвэгсдийн төвийн гадна жагсаж зам хааж байсан бол бямба гарагт жагсаал өргөжиж нийслэл хотынхоо төвд жагссан байна.

Энэ жагсаал нь арьсны өнгөөр ялгаварлах үзэл биш, зүгээр л цагаачдад багтаж, шингэх зайгүй болсон гэж жагсаалд оролцогчид хэлж буй. Хүн амын нягтаршлаас болж Ирландчууд өөрсдөө орон сууц түрээсэлж, худалдан авахад хүндрэлтэй болсноос орон гэргүйчүүдийн тоо нэмэгджээ.

Харин засгийн газар нь иргэдийнхээ энэ асуудалд анхаараал хандуулахаас илүүтэйгээр цагаачид, орогнол хүсэгчдэд давуу эрх олгож байна гэж жагсагчид шүүмжилж байгаа юм. Түүнчлэн цагаачдын дунд залуу эрчүүд их байгаа нь аюулгүй байдалд заналхийлж байна гэж тэд үзэж буй.

Ирланд улс сүүлийн жилд 73000 цагаачийг хүлээн авсны 54 мянга нь Украины иргэд аж. Өмнөх жилүүдэд нь ойролцоогоор 7500 цагаачийг хүлээн авдаг байсан тус улсад цагаач, дүрвэгчдийг байрлуулдаг зочид буудал, байр, төвүүд нь дүүрч хүн нэмж хүлээн авах боломжгүй болсон гэж өнгөрсөн долоо хоногт интеграцын сайд нь мэдэгдсэн.