Оршоох шинэ арга буюу “хүн бордоо”

Найман тэрбумд хүрч өнөр олуулаа болсон хүн төрөлхтөн байгальд ээлтэй оршуулгын шинэ аргыг эрэлхийлэх болсон. Хүн амын суурьшил шигүү болсноор талийгаач бологсдыг уламжлалт аргаар нутаглуулахад газрын хүрэлцээ асуудал үүсгэж, чандарлах  арга нь агаарт их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болж буй.

Тэгвэл байгальд сөрөг нөлөөгүй оршуулах аргыг эрэлхийлэгчид нас барсан хүний шарилыг бордоо болгох шинэ аргыг нэвтрүүлсэн нь АНУ-ын зургаан мужид хуулиар зөвшөөрөгдөн хэрэгжиж байна.

Вашингтон муж 2019 онд тус аргыг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын анхны муж болсон бол араас нь Колорадо, Орегон, Вермонт, Калифорни,Нью-Йорк мужууд тус хуулийг баталсан.

Хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлснийхээ дараа төрлөө өөрчилж цэцэг, мод болон хувирах боломжийг энэхүү оршуулгын зан үйл олгоно.

“Органик оршуулга” гэгдэж байгаа энэ аргаар цогцсыг бордоо болгон хувиргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгдөг.  Ингэснээр талийгаачийн шарилаас гаргаж авсан бордоог мод, ургамал тарихад ашиглах боломжтой аж.

Шарилыг хэрхэн задалж бордоо болгодог вэ

Оршуулгын шинэ аргыг санаачлан хэрэгжүүлж буй “Recompose” компанийг үүсгэн байгуулагч Катрина Спэйдийн тайлбарлаж байгаагаар энэ нь байгалийн задралыг хурдасгасан явц бөгөөд 30 хоногийн дотор шарилыг үржил шимтэй хөрс болгох боломжтой юм байна.

Цогцсыг задлахдаа модны үртэс, царгас, сүрлээр дүүргэсэнтусгай зориулалтын зургаан өнцөгт битүү ган саванд хийдэг байна. Үүнийхээ дараа савыг хааж, халдварыг устгахын тулд цельсийн 55 хэмд халаах процессыг ашигласнаар нэг сарын дотор шарил байгалийн жамаар бүрэн задарч бордоо болдог аж.

“Recompose” компанийг үүсгэн байгуулагч Катрина Спэйд “Манай компани хайртай хүмүүсийнх нь бордоогоор тарьж ургуулсан цэцэрлэгт хүрээлэнг хэзээ нэгэн цагт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна”хэмээжээ.

Тус компани одоогийн байдлаар 200 гаруй шарилыг бордоо болгон хувиргажээ.  Гэхдээ эбола, сүрьеэ, прионоор үүсгэгддэг өвчин туссан шарилыг энэ аргаар задалж,бордоо болгохыг хориглодог.

Нас барагсдыг бордоо болгох техникийг нэвтрүүлэхийн тулд олон салбарын эрдэмтэн, судлаачдын баг дөрвөн жилийн турш шинжлэх ухааны судалгаа хийжээ. 

Малыг бордоо болгох арга Вашингтонд нэвтрээд удаж буй юм. Харин хүнийг бордоо болгож, үлдэгдлийг байгаль орчинд аюулгүй байлгах ажлыг хөрс судлаач профессор Лин Карпентер Боггс ахалжээ. Тэрээр сайн дураар бордоо болохыг амьд ахуйдаа зөвшөөрсөн зургаан хүний цогцос дээр туршилт хийсэн байна.

Хүн бордоог дэмжигчид

Эко буюу ногоон амьдралын хэв маягийг эрхэмлэж байгальд ээлтэй амьдрахыг хүсэгчид нас барсан хойноо ч гэсэн шарил нь эх дэлхийд сөрөг нөлөө үзүүлээсэй гэж хүсдэггүй байна. Тэдгээр хүмүүсийн дунднасан эцэслэснийх нь дараа өөрсдийг нь бордоо болгон оршуулахыг гэрээслэгчид олширчээ.

“Ногоон оршуулга”-ыг дэмжигч  Сиатл хотын оршин суугч 48 настай Нина Шоен “Хэзээ нэгэн цагт амьсгал хураасныхаа дараа миний бие намайг тэтгэж, тэжээж байсан энэ сайхан эх дэлхийдээ өөр шинэ амьдрал бэлэглэх боломжтой байна гэдэг миний хувьд маш чухал зүйл” хэмээн өгүүлсэн байна.

Шарилыг бордоо болгох нь байгаль орчинд ямар ашиг тустай вэ

Бордоо болох аргыг сонгосон хүн бүрийн хувьд чандарлах болон уламжлалт булшлах оршуулгатай харьцуулахад нэг тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт ялгаруулахаас сэргийлж чадах аж.

АНУ-д жилд дунджаар 2.7 сая хүн таалал төгсдөг бөгөөд тэдгээрийн ихэнхийг уламжлалт болон чандарлах аргаар оршуулдаг гэсэн судалгаа байдаг.

Газарт булдаг уламжлалт оршуулга нь газрын асуудлаас гадна хөрсийг бохирдуулж, халдварт өвчин үүсгэх нянг үржүүлдэг бөгөөд шарил задрах явцдаа 30-40 жил хадгалагдах 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулдаг байна. Түүнчлэн авсыг хийхэд их хэмжээний мод тайрч устган,булшны чулуу, булшны доторлогоо зэргийг үйлдвэрлэх, тээвэрлэх явц нь уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулдаг.Чандарлах зарим арга нь малтмал түлшийг шатааж агаарт нүүрстөрөгчийн давхар исэл, тоосонцрыг ялгаруулдаг.

Харин шарилыг бордоо болгох нь нэг организмын үхэл нөгөө организмын амьдралыг тэтгэх чухал мөчлөг гэж үзэж буй аж.

Хөрс нь эрүүл экосистемийн үндэс бөгөөд усыг шүүж, ургамлыг шим тэжээлээр хангаж, дэлхийн температурыг зохицуулахад тусалдаг.

Түүнчлэн хүн бордоо нь оршуулгын газрын ажилчдыг шарилаас ялгардаг хорт хийд хордож архаг миелоид лейкеми болон ховор хорт хавдар үүсгэдэг формальдегидийн хавдартай болохоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Ганц АНУ-д бус Швед улсад хуулиар зөвшөөрдөг

Бордоо болгох аргыг Швед улсад мөн хуулиар зөвшөөрдөг байна. Харин Их Британид авсгүй оршуулах эсвэл био задралд ордог авсанд оршуулах зэрэг байгальд ээлтэй аргууд хэрэгждэг.

Шарилыг задалж, бордоо болгох үйлчилгээний зардал нь дундаж буюу 7000 ам.доллар юм байна. АНУ-д 2021 оны байдлаар уламжлалт оршуулгын дундаж зардал 7.848 ам.доллар, чандарлах зардал 6971 ам.доллар байжээ.

Эсэргүүцэгчид

Шарилыг бордоо болгохыг зарим соёл, шашинд эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, Нью-Йоркийн католик шашны сүмийн хамба лам нар энэ зан үйлийг хамгийн ихээр эсэргүүцэж хүний биеийг “Ахуйн хог хаягдал” мэт авч үзэж болохгүй гэсэн байр суурьтай байжээ.Түүнчлэн бордоо болгох арга нь шинэ салбар учир бусад ногоон оршуулгатай харьцуулахад байгаль орчинд хэр сайн нөлөөтэйг судалсан судалгаа хомсоос гадна шарилыг задлахад эрчим хүч зарцуулдаг учир 100 хувь байгальд ээлтэй гэж үзэхгүй хэмээн шүүмжлэгчид үзэж буй.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Аливаа адгуус амьтан үхээд газрын хөрсөнд шингэдэг нь байгалийн жам учир хүн ч мөн ялгаагүй байгaлийн жамыг дагахад буруутах зүйлгүй?! Шарилыг модон хайрцагт хийж хөрсөнд булдаг аргыг бид оросоос хуулбарлаж авсан. Урьд нь үхэгсдийг ил хаяж нохой, шувууны хоол болгодог байсан.

    4 0 Хариу бичих
    • Санал нэг баына

      0 0