Сүүлийн жилүүдэд “Нөлөөллийн аян” гэх нэршил газар сайгүй хэрэглэгдэж, ихэнх байгууллага, аж ахуйн нэгж энэ төрлийн аяныг өрнүүлэх болов. Нөлөөллийн аян нь сайнд уриалж, саараас сэргийлэх чухал ач холбогдолтой учир хүрээгээ тэлж, аль болох олон газар хэрэгжиж, илүү их хүнд хүрэх нь зүй. Гэхдээ аливаа зүйлийн тун хэтэрч, хэмжээнээс хэтийдвэл утгаа алдаж, агуулгаас гаждаг. Энэ жишгээр нөлөөллийн аян гэгч “савнаасаа хальж”, сүүлдээ хууль, журам, хэм хэмжээнд харшлах болов. Үүнийг гэрчлэх цөөн жишээг нийтлэлийнхээ энэ хэсэгт өгүүлье.
Жишээ 1
Шинэ жилийн баярыг угтаж төв талбайд мөсөн байгууламж сүндэрлүүлсэн байв. Хүүхдүүд хөгжилдөхөд тохиромжтойн зэрэгцээ хэлбэр хийц нь ч чамлахааргүй. Тиймээс хүмүүс ч ам сайтай байлаа. Гэвч тус мөсөн байгууламж дээр “Намайг алгас”, “Уух бол бүү залгаарай”, “Хүлээх хүнтэй” зэрэг үгс бичиж орхисон нь олон нийтийн шүүмжлэлд өртөв. Хамгийн хачирхалтай нь багачуудад зориулсан байгууламж дээр ийн лоозогносон эзэд нь цагдаагийнхан. Тэдний нийтийн эзэмшлийн талбайд буй хүүхдэд зориулсан бүтээл дээр архи, сархдын агуулга бүхий уриалгыг эрээчсэн шалтгаан нь өнөөх л нөлөөллийн аянтай холбоотой. Тодруулбал, өнгөрөгч арваннэгдүгээр сараас ЦЕГ-аас “Намайг алгас” гэх нөлөөллийн аян эхлүүлсэн бөгөөд үүнийхээ хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжүүлсний нэг нь энэ юм. Үүнийг нь хүмүүс шүүмжлээд эхэлсэн тул төд удалгүй арилгаж, баллав.
Хэрэв жирийн иргэн тэнд очоод “Намайг алгасаарай” гээд сараачиж орхисон бол лавтай хуулийн хариуцлага хүлээж таарна. Харин хууль сахиулах байгууллагынхан хууль, журам зөрчсөн тохиолдолд хэрхэв гэдэг бас анирдах л өнцөг.
Ер нь лавшруулаад бодоход, нөлөөллийн аян гэх нэрийн дор иргэдийн эрх ашгийг их бага хэмжээгээр зөрчсөн тохиолдол үүгээр дуусахгүй. Автобусны буудлын ард буй чиглэл заасан самбарыг нөлөөллийн аяны зурагт хуудсаар сольдог жишиг бүр тогтсон. Энэ нь зорьсон газраа хүрэхийн тулд аль номерын автобусанд суухаа мэдэхгүй иргэдэд багагүй хүндрэл учруулдаг. Гэвч иргэд зохицдог. Тэд ч үүнийг нь мэддэг.
Жишээ 2
Ямар нэг нөлөөллийн аян эхлүүлэхийн өмнө албаныхны “толгой гашилгадаг” чухал асуудал бол томьёолол. Тухайн аяныг юу гэсэн уриа үгээр томьёолж, олон нийтэд хоногшуулах вэ гэдэг дээр тэд тун нухацтай ажилладаг байж таарна. Тиймдээ ч хөл толгой холбосон элдэв чамин үг хэлхдэг байх. Тэр нь ч үг, үсэггүй хүмүүст хоногшиж, үүргээ тун сайн гүйцэтгэнэ.
Харамсалтай нь, хэт гоёчилж, хүмүүст таалагдах гэсэндээ монгол хэлний утга агуулгыг гажуудуулж, зарим тохиолдолд үг үсэг, өгүүлбэр зүйн алдаа гаргах нь ч бий. Тухайлбал, өнгөрсөн намар ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх зорилгоор ОБЕГ-аас “Алдвал галдана” гэх нөлөөллийн аян зохион байгуулсан юм. Үгийн утгыг задалж үзье. Алдвал гэх үг нь алга болгох, гээх, хаях зэрэг утга илэрхийлж байгаа бол галдана гэдэг нь мэдээж гал тавих, шатаах зэрэг утгатай дүйнэ. Тэгэхээр ямар нэг зүйлийг гээж, алдвал галдана, шатаана гэх сүрдүүлгийн өнгө аяс илэрхийлж байгаа юм. Ер нь алдвал галдана гэдгийг аль ч утгаар нь харсан албаныхны тайлбарлаад байгаа шиг оч үсрэх төдийд гал авалцах эрсдэлтэй гэх анхааруулгын аяс, утга анзаарагдахгүй байна.
Өнгөрсөн зун ЦЕГ-аас зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яахав дээ” аян зохион байгуулсан. Энэ нэршил мөн л алдаатай. Тодруулбал, монгол хэлэнд “яахав” гэдэг үг байдаггүй. Ярианы хэлэнд ашиглах тохиолдол бий ч бичгийн хэлэнд “яах вэ” гэж буудаг. Гэвч мэдэхгүйгийн балаг уу, мэдэмхийрсний барцад уу ямартай ч “яахав” гэж нэрийдсэний гороор хүмүүс энэ үгийг бичгийн хэлэнд элбэг ашиглах эрсдэлтэй юм.
Түүнчлэн дээрх аяны хүрээнд хэд хэдэн уриалга гаргасны нэг нь “Хэзээ ч очихгүй байснаас хоцорч очсон нь дээр” юм. Энэ уриалга хэдий үг, өгүүлбэрийн хувьд алдаа мадаггүй ч агуулгын хувьд зүй бус. Монгол хүн бэлгээрээ, хятад хүн мэхээрээ, тангад хүн шидээрээ гэх үг бий. Монголчууд хэзээ ч хол замд гарсан нэгэндээ дээрх шиг бэлэггүй үг унагахгүй нь лавтай. Харин ч цээрлэж, үгийн сайнаар үдэж таарна. Гэтэл ЦЕГ-аас гаргасан энэ уриалга орон нутгийн зам тааралдах самбар бүхэнд өлгөөтэй байсан нь зорчигчдод таатай сэтгэгдэл төрүүлээгүй нь лавтай.
Мэдээж нөлөөллийн аян нэг уриа үг зохиогоод, хэдэн зурагт хуудас тараагаад дуусчихгүй. Маш олон хүн, өргөн цар хүрээг хамарч зохион байгуулдаг. Хөрөнгө мөнгө ч багагүй зарцуулдаг. Гэхдээ нэг аян зохион байгуулахад хэчнээн төгрөг зарцуулдаг талаар төрийн байгууллагын төлөөлөл болох ОБЕГ, ЦЕГ-аас тодруулахад “энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгсөн юм.

Жилд тэдэн нөлөөллийн аян тийм, ийм байдлаар зохион байгуулна гэх норм байдаггүй. Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаарна. Гэмт хэргийн гаралт, цаг үе ч нөлөөлнө. Тухайлбал, 7-8 дугаар сард иргэдийн хөдөө, орон нутгийг зорчих хөдөлгөөн их байдаг учир зам тээврийн осол гэмтлээр урьдчилан сэргийлэхийн аян, арванхоёрдугаар сар архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг учир “Намайг алгас” аян зохион байгуулсан. Санхүүжилтийн хувьд дотоодын аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг. Төрийн байгууллага ч хамтарна. ЦЕГ-аас мөн санхүүжилтийн тодорхой хэсгийн гаргана. Ямар аян яг хэчнээн төгрөгөөр хэрэгжүүлсэн талаарх мэдээлэл өгөх боломжгүй байна.
Санхүүжилттэй холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй гэдгээ төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг нь нийтэд зарлах нь зохимжгүйтэй холбон тайлбарласан юм. Тэгвэл санхүүжилтээс гадна зорилгодоо хэрхэн хүрсэн талаар болон аяны ач холбогдлын тухай нэгдсэн тоо мэдээлэл ч нэгтгэхгүй байна. Товчхондоо, энэ аян тэдэн хүнд хүрлээ, энэ бичлэг, шторкийг төчнөөн хаягаас хуваалцсан байна гэдэг л үр дүн тайлагнадаг. Багагүй хөрөнгө, шаггүй цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж буй ажлынхаа эцсийн үр дүнг ийм байдлаар тайлагнах нь хангалтгүй юм.
Нөлөөллийн аяны эерэг нөлөө ихийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ сөргөөр ч мөн нөлөөлөх эрсдэл бийг энэ нийтлэлдээ шигтгэхийг зорилоо. Түүнчлэн иргэдэд нэр, уриа лоозон нь л хоногшиж байгаагаас нидэр дээрээ үүргээ гүйцэтгэж байгаа эсэх нь ч эргэлзээтэй байна.