“Монголд нэг л юм буруу байна” гэж ярьдаг байлаа. Тэгвэл саяхнаас “Монголд бүх юм буруу байна” гэлцдэг боллоо. Үнэхээр ч болж бүтэж байгаа юм алга. Эдгээр нь эцсийн дүндээ төрийн муу муухай, буруу бусармагаас үүдэж байгаа нь эмгэнэлтэй. Гэхдээ саяхныг хүртэл бидэнд гэгээтэй, гэрэлтэй, итгэл найдвартай, илүү хариуцлагатай, “Бүх зүйлд төр буруутай” гэж үздэггүй хэсэг байлаа. Нийт хүн амтайгаа харьцуулахад хэт цөөхөн ч гэлээ тэднийгээ бид ямартай ч давхарга хэмээн нэрлэхтэйгээ байсан юмсан. Хэний тухай яриад буйг тааж цөхөх хэрэггүй. Энэ бол дундаж давхарга юм.
Дундаж давхарга бол нийгмийн гомдоллож гоншигнодоггүй, урвайж уруу дорой царайлдаггүй, бусдыг царайчилдаггүй, урдах ажлаа хамгийн хариуцлагатайгаар хийдэг, улс эх орон, эдийн засаг, нийтийн оюун санаа, ухамсрыг чирч явдаг тэр хэсэг. Аль ч нийгэмд ийм л байдаг. Тэд хэт ядуу болон хэт баян гэх хоёр анги бий болохын эсрэг тогтворжуулагч, гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн гол зүтгүүр, эх сурвалж болсоор ирсэн. Дэлхийн хөгжилд хүрсэн орнуудын туршлагаас харахад дундаж давхаргадаа л тулгуурлан өсч өндийж, урагш хөгжсөн байдаг.
Эсрэгээрээ иргэний дайн, ядуурал, бослого, өлсгөлөн, сүйрэлд хүрсэн улсууд юун түрүүнд дундаж давхаргаа устгаснаас хамаг зовлон үүддэг нь зүй тогтол юм. Улс орны тусгаар тогтнол, эрх чөлөөг булаахын тулд ч ялгаагүй дундаж давхаргыг нь л “дугдайлгачихвал” зорьсон хэрэг нь шуудардаг тал бий. Тийм учраас л дундаж давхаргыг хамгаалах, улам нэмэгдүүлэх нь төр улсын тэргүүн бодлого байдаг ёстой. Анзаарвал, өдгөө дэлхийн бүх л улс гүрэн дундаж давхаргаа дэмжиж, тэтгэх тухайд санааширч байхад харин манай улс дундаж давхаргагүй улс орон болохын төлөө улайран давшилж байгаа мэт дүр зураг тодрох боллоо.
Арай ч ийм ухаангүй, мунхаг санаа зорилго агуулаагүй байлгүй гэж итгэхийг хүсэвч бүх тогтолцоо, бодлого шийдвэр нь Монголын дундаж давхаргыг устгахад чиглэж байна. Ард иргэдээ ядуу, тэнэг, амьдрах чадамжгүй байлгах хүсэл сонирхол төрийн эрх баригчид болоод санхүүгийн мэдлийг атгасан олигархиудад байгаа эсэхийг ч үгүйсгэх аргагүй. Нөхцөл байдал тийн үнэмшихэд хүргэж байна.
Өнөөдөр дундаж давхаргын өч төчнөөн залуус гадаад руу дүрвэж байгааг бид мэднэ. Олон тооны хувиараа бизнес эрхлэгчид дампуурч, өчигдөр өөрийгөө дундаж амьдралтай, орлоготойд тооцож асан зуу зуун залуус өнөөдөр ядуусын эгнээнд шилжиж байгааг гашуудалтайгаар харж байна. Ядуус нь тэднийг өөрсдөөс нь дээгүүр аж төрөлтэй, илүү мөнгөтэй явахад нь хорсож, зүхдэг байснаа доошоо унаж уруудаад эгнээнд нь ороод ирмэгц алга таших нь холгүй хүлээн авч байна. Нийгмийн сэтгэлзүй нь хүртэл ингэтлээ уначихлаа. Өөрөөсөө илүү мөнгө олж буй бүхнийг хорсдог нүдтэй боллоо, бид. Өөрөөс нь илүү ажиллаж хөдөлмөрлөж буй хүнийг нүд үзүүрлэдэг, дайснаа хэмээн үздэг хонзонт зүрхтэй боллоо, бид.
Гэтэл үнэндээ улс орон маань дундаж давхарга гэж нэрийдсэн тэр цөөнхийн нуруун дээр л амь тээж яваа. Дундаж давхарга том байх тусмаа боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй, төр засгийн албан тушаалтнуудын авлига, хээл хахууль хүртэл бага байдаг ёстой. Одоо харин Монголд дундаж давхаргын амийг тасалж, нэг хэсэг нь хэт баяжсан олигархи бүлэглэл, тэдгээрийн гар хөл болсон албан тушаалтнууд, нөгөө хэсэг нь хэт ядуурч доройтсон, халамж тусламжаас өөрөөр амьдрах аргагүй болсон ядуус гэсэн хоёр л давхарга үлдэх нь.
Бүх тогтолцоо, тогтоол шийдвэр үүнд чиглэж байгаагийн нэг жишээ нь татварын бодлого юм. Эрх баригчид сонгуульд ялахдаа “Татвар нэмэхгүй” гэсэн амлалт өгсөн боловч сонгуулиас хойш татвар хэрхэн нэмсэн талаар “Татвар-Иргэний хяналт” ТББ-ын тэргүүн Б.Сарантуяа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа "Хүн амын орлогын албан татвар өмнөх оноосоо 19 хувиар өссөн. Үл хөдлөх хөрөнгийн татвар 18, онцгой албан татвар 34, авто тээврийн болон өөрөө явагч тээврийн татвар дөрвөн хувиар тус тус нэмэгдсэн билээ. Ингээд зогсох байх гэтэл зогссонгүй. 2021-2022 онд Хүн амын орлогын албан татвар дахиад л 14.6 хувь, Хөрөнгийн албан татвар 21.5 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татвар 22.7 хувь, онцгой албан татвар 28.8 хувь, гаалийн албан татвар 15.7 хувь нэмэгджээ. Тэгэхээр 2016 оноос хойш ийм хэмжээний татварын нэмэгдлийг ард иргэд үүрч байгаа" гэж мэдэгдсэн. Энэ бол бодитой дарамт. Тэр тусмаа цар тахлын онцгой хүнд өгөгдлийн үед олон иргэн, аж ахуйн нэгжийг сөхрүүлэхэд хүрэлцэхүйц хүнд ачаа. Ёстой юм ч ёсоороо болсон. Олон бизнес хаалгаа барьж, олон зуун хүн ажилгүй, орлогогүй болсноор татварын орлого ч бүрдэхээ байсан нь бодит үнэн. Татвар төлдөг дундаж давхаргынхаа нуруун дээр сандайлчихаад, татвараар ташуур хийн ороолгож байсны гор энэ.
Гэвч эндээсээ сургамж авч, алдаагаа залруулахын оронд төсвийн орлого бүрдэхгүй байгаагаас гарах гарц шийдэл нь татвар нэмэх гэж эрх баригчид үзсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь энэ оны эхний өдрөөс хэрэгжиж буй. Төр ахиад л хөдөлмөрлөдөг, хийж бүтээдэг хэсгийнхээ халаас руу гар шургуулах замыг сонголоо.
Уг нь 2018 онд Татварын багц хуулийн шинэчлэлээр хувь хүний орлогын албан татварыг нэмэхээр болсон. Түүнийгээ татварыг шатлалтайгаар нэмэх бодлого хэмээн нэрийдсэн бөгөөд цалингийн хэмжээнээс хамаарч төлөх татвар өндөр байхаар зохицуулсан. Энэ бол илүү бүтээмжтэй байгаа хэсгээ илүү бүтээмжтэй байсных нь төлөө шийтгэж байгаагаас өөрцгүй бодлого. Эрх баригчид энэ мунхаглалаа үргэлжлүүлж, татварын дарамтаа одоо хувь хүн рүү чиглүүлж байна. Өмнөх нэмэгдэл аж ахуйн нэгжүүдийг сөхрүүлэхэд хүрэлцээтэй байсан. Харин энэ өөрчлөлт ажилтай, орлоготой, илүү бүтээмжтэй, эсвэл давхар ажил хийдэг хувь хүмүүсийг сөхрүүлэх болно.

Татварын уг буруу бодлогын үр дүнд маш олон залуус хийж бүтээх хүсэл зоригоо төрдөө дээрэмдүүлнэ. Давхар ажил эрхлэх, нэмэлт цалин горилох, цаашлаад өмчтэй байх эрхээ хүртэл хазаарлуулахад хүрнэ. Хийж бүтээж буй цөөхөн хүмүүсээ бүрэн сөхрүүлэх ийм бодлого Монголд хэрэггүй. Энэ хуулиа яаралтай буцаан татах хэрэгтэй.
Монголын дундаж давхаргын нуруун дээр дан ганц татвар гэх ачаа хуралддаг юм биш. Татварыг дагасан баахан торгууль, алданги, сүрдүүлэг, авлига нэмэгддэг. “Юм л бол торгоно” гэж дайрдаг энэ төрийн үед дундаж давхаргынханд маань үнэхээр толгой өндийх боломж олдохгүй нь. Орлогод нь өндөр хувийн татвар оногдуулаад зогсохгүй, эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгөнд нь татвар ногдуулж эхэллээ.
Шинэ мөрдөж буй хуульд “Гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэд гурав дахь орон сууцанд 0.6-1 хувийн албан татвар жил тутам төлөх”-өөр заасан. Хуульд “Үл хөдлөх хөрөнгө нь хамтран өмчлөгчтэй бол татвар ногдуулалтыг хувь тэнцүүлэх буюу хамтран өмчлөгч нарын тоонд хуваасан байдлаар төлнө” гэж заажээ.
Замын цагдаа нар нь зөвхөн машин унаатай, ажил албатай дундаж давхаргынхныг онилон торгох аян зохион байгуулж байна. Зөвхөн авто зам дээрх торгуулиар жилд 19.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг даалгаварыг тэд авдаг аж. Харин тэдний гол бай нь хэзээ ч ядуус, эсвэл нийгмийн дээд давхарга байдаггүй нь гачлантай. Тэрхүү 19.6 тэрбумыг мөнөөх дундаж давхаргынхан л халааснаасаа гаргаж өгч байгаа гээд бодохоор энэ дээрмийн хохирогч хэн болох нь тодорхой байна.
Одоо удахгүй автомашины хэрэглээтэй холбоотой зогсоолын төлбөр, хураамжийг бүсчилсэн хэлбэрээр мөн л ялгамжтайгаар нэмэгдүүлэхээр зэхэж буй. Хэний халаасыг тэмтэрч, нимгэлэх нь нэн ойлгомжтой. УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийслэл хотын автозамын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай тусгайлсан хуулийг удахгүй батална. Тансаг зэрэглэлд тооцох автомашин, байр орон сууц нь ердийн хэрэглээнийхээс өндөр татвартай байна. Хотын төвийн үнэтэй байрны үл хөдлөхийн татварыг нэмэгдүүлнэ. Энэ нь нийт хүн амд татварын дарамт учруулахгүй. Зөвхөн өндөр орлоготой иргэд рүү чиглэнэ” хэмээн ярьсан. Эндээс нөгөө л мөнгөтэй, орлоготой, илүү дөмөгхөн амьдарч буй хэсгээ “саах” санаархал нэвт үнэртэж байх жишээтэй. Ийм л байна.
Эцэст нь асууя. Бидний зорилго нийтээрээ ядуурах, эсвэл хэн нэг нь хэзээ ч илүү орлого олохгүй байх тийм нийгэм журмыг цогцлоох уу? Зөвхөн төрийн албан тушаалтнууд баян тарган байж болдог, бусад нь эн чацуухан ядуу, тэгш тэнцүүхэн дорой буурай байх дарангуйллын тогтолцоо юу? Бид мэдээж үүнийг хүсэхгүй. Гэвч хүсээгүй замдаа хэдийнэ хөл тавьжээ. Хөл тавиад зогсохгүй, бүр хөл нийлүүлэн алхацгааж эхэллээ. Тэгвэл бид туугдаж яваа боолууд биш. Цөмөөрөө яг одоо зогсоод, энэ нийгэм журмыг сөрж алхах хэрэгтэй. Татвараар ташуурдаж буй эрх баригчдын эсрэг “Хүсэхгүй байна” гэж хэлэх хэрэгтэй.
Яагаад эд нар дундаж давхаргадаа ингэж хайргүй, хайхрамжгүй хандана вэ? Хариулт нь ийм. Тэдний хувьд дундаж давхарга бол аюул занал. Ажилтай, орлоготой, чадалтай, ухаантай хүмүүс л дундаж давхаргыг бүрдүүлдэг тул тэд мөнгөөр сонголтоо худалддаггүй. Хэн хүссэнд нь тархиа угаалгахгүй, бас захирагдахгүй. Эрх баригчдын сонгууль угтсан их хайр, халамж тэдэнд хэрэггүй. Учир нь тэд өөрсдөө аж төрөх чадамжтай. Иргэд нь ядуу байх тусам эрх баригчид завшдаг. Төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн хүмүүс нь ад үзэгдэж, зүгээр суусан нь завшиж, амьдарч болоод байдаг ийм л тогтолцоог тэд хүссэн хэрэг. Хүссэндээ ч хүрч явна.
Бид тун удахгүй өрөндөө баригдсан Зимбабве, Того зэрэг улсын араас орох гэж байна. Африкийн тэдгээр улс үгээгүй ядуусыг тэтгэж, дундаж давхаргаа юу ч үлдээлгүй ховх сорсон учраас ямар ч бүтээмж, орлого, өсөлт дэвшлийн тухай ярих боломж олдоогүй. Монгол Улс одоо энэ боломжоо алдах яг тэр цэг дээр зогсож байна. “Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдлийг оногдуулах гэтэл түүнд нь таацах орлоготой иргэн 1300 орчим л байсан” гэх мэдээ бол үүний бэлэн нотолгоо. Тийм байхад хууль тогтоогч, хэрэгжүүлэгчид нь үүнийгээ бах тав болгож, баяр хөөртэйгөөр зарлаж байгаа нь хэчнээн гуниг харуусалтай вэ. Уг нь энэ 1300 иргэн шиг иргэн Монголд 1 300 000 байдаг ч болоосой. Даанч энэ төр засгийн харалган улстөрч, бодлого шийдвэр гаргагчид энэ тоог улам л бага байлгах хүсэл сонирхолтой байх шиг. Магадгүй Монгол Улсын хэмжээнд энэ тоог уртаашаа, өргөөшөө ердөө л 13 дээр барихыг зорьж байгаа мэт бөгөөд хэрэв тийм байвал сая тэдний бах ханах мэт ээ. Нийгмийн баялаг бүтээж буй хэсэгтээ үүрүүлж буй татварын дарамт, бодлогын ялгамжтай байдал нь ийм л сэтгэгдэл төрүүлэх болов.
Тэгсэн атлаа Ерөнхий сайд нь “2050 он гэхэд нийт хүн амын 80 хувь нь дундаж давхарга болсон байх” том зорилт дэвшүүлчихээд сууж буй. “Сэрчихгүй л бол сайхан зүүд” гэдэгтэй адил, “Хэрвээ дундаж давхаргынхан дээрээ тохсон татварын дарамтаа өөрчлөхгүйгээр энэ зорилт хэзээ ч биелэхгүй”. Ер нь энэ зорилт угаас биелэхгүй л дээ. Гэхдээ л 2050 он гэхэд Монгол Улс дундаж давхарга гэж нэрийдэж болохуйц ядаж 80 иргэнтэй байх ёстой байлгүй дээ. Энэ эх оронд “Хийж бүтээе, сайхан амьдаръя, хөдөлмөрлөе, зүтгэе” гэх хүмүүс нь илүү олон байх ёстой юм уу, эсвэл тэр хүмүүсийнхээ бусдаас илүү гарсан мөч, гар, хуруу, үс, толгой бүхнийг тайрч хаяад, жинхэнээсээ “эрх тэгш, эн тэнцүү” гуйлгачин улс болцгоох юм уу? Хариултыг бодох л хэрэгтэй санагдана. Уг нь татвар бол ухаантнуудын бодож олсон хийгээд төр нь ард түмэндээ үйлчилгээ үзүүлэхийн тулд хэрэглэдэг арга механизм. Гэтэл Монголд энэ бүхэн урвуугаараа нэгэнт эргэжээ. Татвар гэгч нь тэнэгүүдийн бодож олсон дээрэм болж хувираад, төрд шургалсан хэдэн хулгайч, худалч нөхдийг тэтгэж тэжээхийн төлөө түмэн олны халаасыг суйлдаг арга хэрэгсэл хэмээгдэхэд хүрчээ.