“Үйлдвэргүйжүүлэх үйлдвэр”-ийн 30 жилийн ойд

Монгол Улсад уул уурхайгаас бусад салбарын бүтээмж сул. Түүхий эдээ боловсруулдаггүй, үйлдвэрлэлийн бодлогогүй явж ирснээс улс бүхэлдээ импортын хараат байдалд оржээ. Өнгөрсөн 30 жилийн энэ алдаа завхрал Монголын эдийн засгийг зээл тусламжгүйгээр урагшлах боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, үйлдвэргүйжүүлэх үйлдвэр л амжилттай ажиллаж байна.

Эдийн засгийн доройтлын шалтгаан нь юу вэ?

Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй нөхцөл байдал руу орлоо. Ганц нэгхэн жил эдийн засгийн өсөлтөд таатай тоо харагдсан ч бүхэлд нь тоймловол сүүлийн 30 жил төр өөрөө эдийн засгийн алуурчин болжээ. Үндсэн шалтгаан нь үйлдвэржилтийн бодлого хэрэгжүүлээгүй, бүх хэрэглээгээ импортоор авдаг, алдагдлын зөрүүгээ гадаадаас зээлж ирсэн. Улсынхаа ирээдүйг харсан алсын бодлогогүй, сонгуулийн цикл харсан богино зайн улс төр сүүлийн 30 жилийн доройтлын шалтгаан. Одоо байгаа байдлыг харвал ядуурал, гадаад өр, төлбөрийн тэнцлийн алдагдал, хэрэглээний үнийн өсөлт, эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханш, төгрөгийн үнэгүйдэл. Энэ бүхний суурь шалтгаан нь үйлдвэрлэлийн доройтол, үйлдвэржилтийн бодлого хэрэгжүүлэхгүй 30 жил явсаны гор юм.

Нийт экспортын 92 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн

Социализмын үед Монгол Улс мал аж ахуйн орноос үйлдвэрлэгч орон болохын төлөө явсан. Харин сүүлийн 30 жилд улстөрчдийн популизмд хөтлөгдөн сонгуулийн жилээр амьдардаг, арван төгрөг олоод 20 төгрөгийн худалдан авалт хийгээд алдагдлаа гадаадаас зээлээд сууж байдаг улс болчихлоо. Бид юу хийж чаддаг улс вэ гэвэл нийт экспортын 92 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Энд нүүрс, зэсийн хүдэр, төмрийн хүдэр, тэгээд жаахан алт. Гэтэл нийт экспортод мал аж ахуйн бүтээгдэхүүн дөрвөн хувь, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн дөрвөн хувь, газар тариалан болон бусад бүтээгдэхүүн 0.1 хувь байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөө аж аж ахуйн түүхий эдэд өртөг шингээх үйлдвэрлэл хэдхэн компанийг эс тооцвол бараг байхгүй байна. Харин эсрэгээсээ бүх хэрэглээгээ импортоор авдаг. Нийт импортын 40 хувь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, Оюутолгой зэрэг уул уурхайн компанид авч байгаа техник. Тэр машин техникийг нь үйлдвэрлэж чаддаггүй юмаа гэхэд жилд 727 сая ам.доллар зарж байгаа барилгын материалын багагүй хувийг үйлдвэржилтийн бодлоготой байсан бол дотоодоосоо хангаж чадах л байсан. Хэрэглээний импортыг ч харсан бид жилд 85 сая ам.доллароор согтууруулах ундаа, 64 сая ам.доллароор тамхи, 485 сая ам.доллароор автомашин авчээ. Нийт импортын 17 хувь нь нефтийн бүтээгдэхүүн, эндээс 590 сая доллароор дизель түлш авдаг. Үүний ихэнхийг уул уурхай, хавар намартаа жаахан газар тариаланд ашигладаг. Тэгээд 353 сая ам.доллароор АИ92, АИ95 автобензин авч байна. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол энэ тоо жаахан буурна. Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэр. Яг ийм төслүүдийг бид эртнээс хийх байсан.

Гадаадад эмчлүүлэхэд  19 сая доллар, боловсролд 383 сая доллар, аялал жуулчлалд 195 сая доллар зарцуулжээ

Манайх шиг үйлдвэрлэл огт хөгжүүлээгүй мөртлөө биеэ даах хэмжээний эдийн засагтай улсууд бий. Тэд аялал жуулчлал, олон улсын боловсрол, эмчилгээ гээд үйлчилгээний салбараа хөгжүүлсэн байдаг. Тэгтэл манайх үйлчилгээний орлогоор жилдээ 800 орчим сая ам.доллар л олдог. Тээврээс 500 сая, аялал жуулчлалаас 20 сая ам.доллар. Уг нь үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй юм бол тээвэр, аялал жуулчлал, боловсрол, эмчилгээ гээд үйлчилгээний салбараа хөгжүүлж баланслах ёстой. Гэтэл гадагшаа үйлчилгээний зардалд бид жилд 2.1 тэрбум доллар гаргаж байна. Энд эмчилгээнд 19 сая доллар, гадаадад сурах төлбөрт 383 сая доллар, аялал жуулчлалд 195 сая доллар төлж байгаа бол 2021 онд зөвлөх үйлчилгээнд 203 сая ам.доллар төлж байжээ. Энэ бол нэг хоёрхон жилийн огцом үзүүлэлт биш өнгөрсөн 30 жилийн алдаа завхарлын дүн нөлөө. Эсрэгээрээ энэ бол гадаадад аялж зугаалж, сурч, эмчлүүлж, гадаад худалдаа хийж байгаа иргэд байгууллагын буруу ерөөсөө биш. Эргүүлээд валют оруулж ирэх үйлдвэрлэл үйлчилгээний салбараа огт хөгжүүлээгүй төрийн л буруу юм.

Эдийн засгаа ийм сул дорой болгосон 30 жилийн алдаа завхрал одоо бүхэлдээ муудаж байгаа гадаад орчны нөлөөг дааж чадах уу?

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ дөрвөн хувьд хүргэлээ. Бүх үзүүлэлт валютын ханш чангарахыг харуулж байна. Дээр нь дэлхий даяар том жижиггүй инфляцад нэрвэгдлээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэлгүй бүх хэрэглээгээ валютаар импортолдог улсын хувьд ирэх жилүүдэд хэрэглээний үнэ өсөхийг харуулж байна. Бидэнд үүнийг сөрөх нөөц байхгүй, өр л байна. Хөгжлийг бид өндөр шилэн барилгууд, гялалзсан хар машинууд, өдөр өнждөггүй тансаг хурал чуулгануудаар төсөөлж болохгүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 оноос өсөлтгүй, уул уурхайгаас бусад салбарын бүтээмж маш бага, авлигын индексээр 111-т, өрсөлдөх чадвараар 102-т байгаа нь манай хөгжлийн хэмжүүр мөн. Тиймээс аж үйлдвэрийн сэргэлтийн хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэх нь чухал байна.

Бид юуг буруу хийсэн бэ?

Ам бүл цөөхүүл ч тарчигхан цалинтай. Тэр цалин нь амжиргаандаа дөнгөн данган хүрэхээр байхад шинэ загварын гар утас, жинхэнэ биш ч брэнд хэрэглэх хүсэлтэй дээр нь ипотек, автомашины зээл, цалингийн ч юмуу финтек зээлийн хэлхээнд орчихсон л айлууд боллоо. Нийтээрээ олж байгаа мөнгөндөө хэрэглээгээ тохируулахын оронд ирээдүйд олох мөнгөө барьцаалаад өдий төдий давхар зээлийн гинжин хэлхээнд ороод өнөөдөр нэгийг нь төлөөд маргааш хоёрыг зээлээд явж байна. Манайхны нийтлэг энэ төрх бол монгол төрийн үнэн байдал. 30 жилийн төрийн буруу бодлого улсаа үйлдвэрлэгч биш, хэрэглэгч улс болгосон. Айл өрх иргэдээ хэрэглээ санхүүгийн сахилга батгүй, тансаг хүмүүс болгосон. Гаднын зээл тусламжийг боловсруулах үйлдвэр, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлд заралгүй популист амлалтаа хэрэгжүүлэх, тойргоо услах, сонгогчдодоо таалагдах шийдвэр төслүүдэд үрээд дууссан. Хамгийн сүүлчийн том мөнгөөр яг үйлдвэржилтээ дэмжье гээд Хөгжлийн банк байгуултал тэр зээлийг нь төрийн компаниуд, улс төрд нөлөөтэй хүмүүс хувааж аваад дууссан. Бодитой ажил болсон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх цементийн үйлдвэр зэрэг хэдхэн төсөл л хөл дээрээ зогсох гээд ядаж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал үйлдвэржилтийг дэмжих мөнгөө халамж, популист амлалтдаа зарцуулсны үр нөлөө ийм байна. Статистикийн тоо бол ямар ч улстөрчийн яринаас илүү бодитой баримт. Сүүлийн 30 жил үйлвэрлэлийн бодлогогүй яваад улсаа ямар орон болгосон бодит үнэнийг тоонууд дурайтал харуулж байна. Буруу замаар гүйж яваа хүн хэзээ  ч зөв замаар алхаж яваа хүнээс түрүүлж оргилд гардаггүй. 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Үйлдвэр гэхээр л "жижиг дунд" гэж яриад хэт жижгэрээд явчихдаг буруу ойлголт байна. Уг нь дотоодын түүхий эдэд суурилсан томоохон хэдэн үйлдвэр тэдгээр жижиг дунд үйлдвэрүүдийг чинь өөрийн стандартаараа дээш татаад аваад явчихна. Зөв бодлого хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  2. байгаа малаа хүртэл аятайхан нядлаад хоёр хөршдөө зарж чадахгүй, маьдаар нь гаргаж байгаа л даа, үйлдвэр байгуулъя гэхээр яаж жилийн 36% зээлийг 2 жилийн хугацаатай аваад байгуулах вэ дээ, за тэгээд тэр 3%-ийн зээл нь жирийн үйлдвэрлэгч мэтэд нь олдохгүй, хэдэн дарга нар нь хувааж аваад банк бус руугаа оруулаад эргээд маниустаа өндөр хүүтэй зээл болгож гаргана, улны маниус нь түүнийг нь аваад өдөр хоногийг өнгөрөөнө, ийм л болж. Монголын компаниасаа төр өөрөө авдаг бол ядаж дэмжлэг болох байсан, гэтэл үгүй шүү, урьд хөршөөсөө авна, албаар өндөр үнэтэй авч цавчаагаа хийнэ.

    0 0 Хариу бичих