Алт амилах цагаар

Цагийн цөвүүнд ч үнэ өртгөө алддаггүй найдвартай хөрөнгө болох алтны үнэ ханш шинэ он гарсаар мэдэгдэхүйц өслөө. Хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 1900 ам.доллар болсон нь 2022 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж буй. Ерөөс 2022 он гарсаар алтны үнэ ханш сүүлийн найман жилийн дээд түвшинд хүрэхэд Орос, Украины дайнаас үүдэлтэй геополитикийн тогтворгүй байдал, цар тахлын дараах инфляцын түрэлт голлон нөлөөлсөн билээ.Үүн дээр алтны томоохон зах зээл болох БНХАУ-д хөл хорио чангарахын хэрээр жижиглэн худалдан авагчдын эрэлт нэмэгдсэн нь ч ташуур өгсөн. 2022 оны эхний улиралд гэхэд л Их долоогийн Төв банкууд зах зээлээ тогтворжуулахын тулд 1.4 их наяд долларын актив худалдан авсан нь валютын ханшид дарамт учруулж, хөрөнгө оруулагчид хамгаалалтын уламжлалт актив болох алт руу хошуурч эхэлсэн. Гуравдугаар сарын эхээр 2070 ам.долларын оргилд хүрсэн алтны ханш хоёр, гуравдугаар улиралд мэдэгдэхүйц бууран 1600 руу унасан ч арваннэгдүгээр сараас эргэн сэргэв. Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд алтны эрэлт 34 хувиар өссөн бол 2023 онд ханш огцом өсөж унци шар металлыг 3000 доллароор худалдах цаг ирнэ гэж зарим эдийн засагч таамаглаж буй.

Хэт өөдрөг төсөөлөл үү

Мөнгөний хатуу бодлого хийгээд эдийн засгийн хямралын айдас зах зээлийг тогтворгүй байлгаснаар 2023 онд алтны үнэ унци нь 4000 ам.долларт хүрч магадгүй гэж Swiss Asia Capital компанийн гүйцэтгэх захирал Юерг Кинер шинэ оны өмнө мэдэгдэв. Олон улсын эдийн засаг эхний улиралд бага зэрэг уналттай нүүр тулж магадгүй ч Төв банкууд бодлогын хүүгээ тогтоон барьж, алтны үнэ ханш шинэ дээд амжилт тогтооход нөлөөлнө хэмээн Кинер тайлбарлаж буй. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр, 2022 оны гуравдугаар улиралд Төв банкууд 400 тонн алт худалдан авсан нь 1967 оноос хойших оргил үзүүлэлт аж. Кинер мөн арилжааг бүхэлд нь харвал үндсэндээ алт баруунаас гарч, Ази руу орж буйг санууллаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-ын Төв банкны үнэт металлын нөөцөө өмнөх сараас 32 тонноор зузаатгаж, 1980 тоннд хүргэснээр алтны нөөцөөрөө дэлхийд зургаад бичигдэж буй. 

Тэгвэл Commodity Strategy төвийн тэргүүн Оле С.Хансены таамаглалаар алтны ханш оны сүүл гэхэд 3000 ам.долларт хүрч “VanEck”, “Junior Gold Miners” зэрэг алтны биржийн үнэлгээ дөрөв дахин тэлэх төсөөлөлтэй. Геополитикийн нөхцөл байдал хүндрэхийн хэрээр улс орнууд эрчим хүчний эх үүсвэр, хангамжийн сүлжээ зэрэг үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлүүдэд асар их хөрөнгө оруулалт хийх болно. Үүнтэй зэрэгцээд хөрөнгө оруулагчид хэзээ ч суларч мэдэх цаасан валютын нөөцөө аль болох багасгаж, үнэт металлын үүцээ зузаатгахыг эрмэлзэх нь алтны үнэ цойлох гол шалтгаан болох юм.

Харин Slatestone Wealth компанийн зах зээлийн ахлах стратегич Кенни Полкари алтны эрэлт их байгаа хэдий ч үнэ хоёр дахин өснө гэдэгтэй санал нийлэхгүй байна. Түүнийхээр дэлхийн даяар зээлийн хүүгийн өсөлтөд инфляц хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс үнэ тодорхойлогдох бөгөөд энэ онд унци алтны ханш 1900 ам.доллар гэсэн оргилд хүрээд бага зэрэг буурах аж.

Энэтхэгийн хамгийн том брокерийн компани болох Zerodha-г үүсгэн байгуулагч Никхил Камат хөрөнгө оруулагчдыг нийт хөрөнгийнхөө 10-20 хувийг инфляцын эсрэг урвуу хамааралтай алтаар арилжихыг зөвлөж, энэ нь 2023 он дуустал хэрэгжүүлэх стратеги болохыг санууллаа.

Дэлхийн алтны зөвлөлийн төсөөллөөр 2023 оны үнэд АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого болон Хятадын эдийн засгийн гүйцэтгэл гэсэн хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлнө. Инфляцыг бууруулахын тулд Төв банкууд мөнгөний бодлогоо эрчимтэй чангаруулсан нь эдийн засгийн өсөлт удааширч, ирэх онд хямрал болох эрсдэлийг нэмэгдүүлсэн. Тиймээс ирэх оноос бодлогын хүүг нэмэх хурдаа багасгах хүлээлт зах зээлд өндөр байгаа юм. Тус зөвлөлийн зах зээл судлаач Жон Рид “Макро эдийн засгийн нөхцөл байдал алтны үнэд түлхүү нөлөөлдөг. Төв банкууд болон АНУ-ын Холбооны нөөцийн сан одоогийн хямралаас зөөлөн газардаж чадахгүй тохиолдолд ирэх оны хоёрдугаар хагасаас алтны үнийн хувьд таатай нөхцөл байдал үүсэх болно” гэлээ.

Нөгөө талаас инфляцыг бүрэн хяналтад авахаас өмнө бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний бодлогоо сулруулбал стагфляц үүсэх эрсдэлтэй. Ийм нөхцөл байдалд ч алтны үнэ өсдөг. Тэгэхээр 2023 онд алтны үнэ өсөлттэй басхүү тогтвортой байна гэж Дэлхийн алтны зөвлөл тооцоолж байна.

Үнэт металл үүцлэх шалтгаан

Үнэт металлын зах зээл 2022 оноос ч өмнө хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа тул өсөлт зайлшгүй үзэгдэл. 1970-аад оноос өмнө валютууд алтан баталгаатай байсан тул алтны ханш валютын ханштай шууд хамааралтай, ханшийн хэлбэлзэл бага байв. Алтан баталгааны систем унаж зах зээлд нээлттэйгээр ханш нь тогтдог болсноор унци тутамдаа 53 ам.доллар болтлоо уруудаж явсан үе бий. 1980 оны үед түүхэн дээд ханш буюу 850 ам.долларт хүрсэн нь Америкийн түүхэн өндөр инфляц, газрын тосны үнийн өсөлт, Ираны хувьсгал зэргээс үүдэлтэй. Америк, Их Британи улсууд шат дараатайгаар инфляциа бууруулснаар 288 ам.доллар орчимд ханш тогтворжсон бол 2001 онд есдүгээр сарын 11-ний халдлагын дараагаас аажим өгссөөр 2008 оны санхүүгийн хямралын үеэс 1000-ын босго давсан билээ. Моргейжийн гэх тодотголтой энэ хямрал банк, үнэт цаас, даатгалын зах зээл эрсдэлгүй хөрөнгө оруулалт биш гэдгийг нотлон харуулсан юм. Залгуулаад 2010 оноос Ойрхи Дорнодод өрнөсөн “Арабын хавар” хувьсгал алтны ханшийг бүрмөсөн хөөрөгдсөн билээ. АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд далдаас удирдсан өнгөт хувьсгалын үрээр Египет, Ливи, Сирийн үндэсний мөнгөн тэмдэгтүүд ахархан хугацаанд ам.доллар, евро, фунт, алт болсон түүхтэй.

Эдүгээ цар тахал, олон улсын харилцаанд геополитикийн тааварлашгүй нөхцөл байдал бий болсон нь бодит алт бол дэлхийн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт гэдгийг улам бүр нотолж, улс орнууд гадаад валютын нөөцөө ам.доллароор бус алтаар баталгаажуулж буй. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Орос, Турк, Энэтхэг, Польш, Хятад зэрэг орны Төв банк алтны нөөцөө их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Мөн өөрийн улсын алтны нөөцөө өөр улсад байршуулж байсан улс орнууд биет алтаа эргүүлэн татаж үндэсний валютаа хамгаалах боллоо. Тухайлбал, ОХУ 2005 оноос хойш улсынхаа алтны нөөцийг нийтдээ 1900 гаруй тонноор нэмэгдүүлж, сүүлийн 10 жилд хамгийн том худалдан авагч улс болсон бол Туркийн Төв банк 2017 оноос хойш 278.5 тонноор нөөцөө зузаатгажээ.Дэлхийн хамгийн том алт импортлогч басхүү хэрэглэгч Энэтхэг улс 2021 онд 1067 тонн алт импортолсноос 77.45 тонныг Төв банк, 989 орчим тонныг иргэд нь худалдан авчээ.  

Тэгвэл Герман, Итали, Румын тэргүүтэй улсууд гадаадад хадгалуулж буй биет алтаа татаж эхэлсэн. 2451.8 тонн нөөцөөр дэлхийд 3 дугаарт жагсдаг Итали улсын алтны 1200 орчим тонн нь Нью-Йорк дэх Холбооны нөөцийн сангийн хадгаламжид буй. Олон жил барааг нь хараагүй алтаа Нью-Йоркээс авахын зэрэгцээ Английн банк, Швецарийн Үндэсний банкны олон улсын төлбөр тооцоон төвд хадгалагдаж буй нөөцөө ч эргүүлэн татах ажлыг Итали улс өнгөрсөн жил эхэлсэн. Харин Герман, Нидерланд, Австри улсууд аль 2018 оноос л эх орондоо алтаа буцаан татах ажлыг эхлүүлсэн юм. 103.7 тонн алтныхаа дийлэнх буюу 60 хувийг Лондон дахь Английн банканд хадгалдуулдаг Румыны Төв банк ч мөн адил нөөцөө нутагтаа хадгалах шийдвэр гаргажээ.

Энэчлэн хөгжиж буй орнууд алтны нөөцөө нэмэгдүүлж эдийн засгийн аюулгүй байдлын эрсдэлээ бууруулж байгаа бол хөгжингүй орнууд нөөц алтаа Төв банкинд байрлуулах замаар үндэсний валютын дархлааг бий болгож буй. Цар тахлаас ч өмнө АНУ-Хятадын худалдааны дайн, Орост тавьсан өрнөдийн эдийн засгийн хориг, бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн зэрэг нь иргэдийг хадгаламжаа алт хэлбэрт шилжүүлэх үйл явцыг өдөөж эхэлсэн. Дэлхийн алтны зөвлөлөөс 2020 онд явуулсан санал асуулгаар алт худалдан авсан иргэдийн 75 хувь нь ирээдүйд дахин худалдан авахаа илэрхийлж байжээ.

Алга болдоггүй алт

Худалдаа арилжаа эхэлсэн цагаас л алт хүн төрөлхтний бүхий л түүхэнд үнэ цэнээ хадгалсаар ирсэн нь устаж үгүй болдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр олборлосон бараг бүх алт ямар нэг хэлбэрээр оршсоор буй.

Хүн төрөлхтөн түүхийнхээ туршид 201 296 тонн алт олборлосны гуравны хоёрыг 1950 оноос хойш эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Хэрвээ дэлхийн бүх олборлосон алтыг нийлүүлбэл хааш хаашаа 22 метр орчим шоо дөрвөлжин болно. Олборлосон алтны бараг тал хувь нь үнэт эдлэл хэлбэрээр хадгалагддаг бол дэлхийн царцдаст үлдсэн нөөц 53 000 тонноор хэмжигдэнэ. Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрээс хайгуулчид алт олох тусам нөөц өөрчлөгдөж, өсөх боломжтой.

 

Алтны нөөцийн

.          46 % нь гоёл чимэглэл, эд зүйл байдлаар,

        22 % сангуудад,

.          17.2% Төв банкуудад,

        15 % нь бусад хэлбэрээр хадгалагдаж байна.

Хэдийгээр алт үнэт металлын хувьд эрэлт ихтэй ч электроник, шүдний эмчилгээ, сансар огторгуйн судалгаа зэрэг төрөл бүрийн үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгдэнэ. Ердийн iPhone-д бусад үнэт металлаас гадна 0.034 грамм алт агуулагддаг гэсэн тооцоо бий. Хойшид улам бүр өсөн нэмэгдэх аж үйлдвэрлэлийн хэрэгцээ нь 29 448 тонн буюу ойролцоогоор дэлхийн гадаргууд байгаа алтны нөөцийн 15 хувьтай дүйнэ.

Нөөц нь тогтоогдсон алтны орд нийт 53 000 тонн /улсаар/

•           Австрали 10 000 - 19%

•           Орос 7500 - 14%

•           АНУ 3000 - 6%

•           Перу 2 700 - 5%

•           Өмнөд Африк 2 700 - 5%

                               •           Дэлхийн бусад орнууд 27 100 - 51%

Хамгийн хүнд ч бас уян сунамтгай онцлог чанартай энэхүү ховор металл хэдийгээр инфляцид өртдөггүй ч эдийн засаг өсөлттэй, томоохон улсуудын харилцаа тогтвортой байх үед ханш унадаг зүй тогтолтой. Одоогоор геополитикийн нөхцөл байдал таамаглахад бэрх, цар тахлын нөлөө буураагүй, олон улсын харилцаа хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж буй зэрэг нь дэлхийн эдийн засагт хямрал болох эрсдэлийг дагуулсан хэвээр. Үүнээс үүдэж хөрөнгө оруулагчид алтнаас бусад салбарт хөрөнгө оруулах сонирхол одоогоор төдийлөн харагдахгүй байгаа. Нэг үгээр жирийн иргэд хоол хүнсээ нөөцөлж байгаа бол баячууд хөрөнгө оруулалтын портфелээ алтаар дүүргэнэ.

Монгол Улсын хувьд алтны экспортын орлого жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд үнэт металлын экспортын орлого 758 сая ам.долларт хүрсэн. Энэхүү үзүүлэлт нь 2008 оноос хойших хамгийн өндөр дүн. Тэгвэл 2023 онд Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 17 тонн байхаар төсөөлсөн бөгөөд унци алтны үнийг 1830 ам.доллар байхаар тооцоолжээ.

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)