“Ил” биш эрүүл мэнд
Монголчууд “Амны билгээс ашдын билэг” хэмээн ярьж, ирээдүйдээ илүү өөдрөг ханддаг ард түмэн. Гэхдээ гаднаа өөдрөг баясгалантай иргэд дотроо юу бодож, тээж явдаг бол. Нэг хүн нэгдэж нийгэм болдог. Нийгмийн сэтгэл зүй хэр бат бэх байна вэ? Эдгээр асуултад хариулт хайхаар энэхүү нийтлэлээ бичлээ.
Сүүлийн жилүүдэд иргэд сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэл зүйч гэх ойлголтыг илүүтэй анхаарч, ойлгох хандлагатай болжээ. Түүнчлэн иргэдийн сэтгэл зүйтэй холбоотой судалгаа, тайлан ч мэргэжлийн байгууллагаас цөөнгүй хийгдэх болсон.
Энэ хүрээнд өнгөрсөн сард улсын хэмжээнд Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг ТББ-аас цар тахлын дараах иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцуулсан. Тус судалгаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймаг 330 сумаас нийт 7919 хүнийг хамруулсан аж.
Судалгааны үр дүнгийн хувьд:
- 60 хувь нь сэтгэл түгшилттэй
- 70 хувь нь сульдлын хам шинжтэй
- 39 хувь нь сэтгэл гутралтай байна гэсэн үр дүн гарсан байна.
СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал болж байгаа. Нийт хүн амын 20-25 хувийг нийгэм сэтгэл зүйн гаралтай асуудлууд эзэлж байгаа. Үүнд айдас түгшүүр, гутрал, биеийн хэлбэрийн эмгэгүүд, архаг ядаргаа, архины хэрэглээтэй холбоотой эмгэгүүд их байна. Ковидын үеийн судалгаагаар архинд донтох эмгэг 25 дахин их, сэтгэл гутрал 8 дахин, сэтгэл түгшилт 7 дахин ихэссэн тоо мэдээлэл байгаа. Ковид19 халдварын үед өвчлөл буурч байгаа юм шиг харагдаж буй ч Ковидын дараах нөхцөл байдлаар амбулатори ачаалал ихэссэн.
Цар тахлын оргил үед иргэдийн дунд айдас түгшилт давамгайлж байсан бол дараа нь урт хугацааны сэтгэл түгшилт, гутралын эмгэг үүсэж эхэлсэн байна. Тухайлбал иргэдийн дунд ядрах, сульдах, мартах, нойрны эмгэгтэй болох асуудлууд илүүтэй ажиглагдах болсон. Судалгааны үр дүнгээс харахад иргэдийн 60 хувь нь сэтгэл түгших эмгэгтэй байна гэж гарсан. Энэхүү нөхцөл байдал нь Ковид19-ийн анхны тохиолдол Монголд бүртгэгдсэнээс хойш нийгмийн эмх замбараагүй байдал хүн бүрд нөлөөлж, сэтгэл түгших байдал хамгийн их ажиглагдсантай холбоотой гэж сэтгэл зүйчид үзэж буй.
Амиа хорлолт
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2020 онд хийсэн судалгаагаар манай улсад сүүлийн 10 жилд дунджаар 16.9 мянган хүн нас барснаас 2.8 хувь нь амиа хорложээ.
Насны бүлгээр нь авч үзвэл:
- 20-24 насны залуучуудын 20.0 хувь нь буюу таван хүн тутмын нэг нь
- 15-19 насныхны 21.1 хувь нь нь буюу таван хүн тутмын нэг нь
- 25-29 насны залуучуудын 27.1 хувь нь буюу дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлон нас барсан байна.
Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт 2003 онд нийт нас баралтын 3.3 хувийг эзэлж байсан. Тэгвэл 2020 онд энэ тоо 11.6 хувь болж гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь насны бүлгүүдээс хамгийн их өөрчлөлттэй бүлэг байгаа юм. Дээрх тоо нь хүн амын нийт тоотой харьцуулахад маш өндөр үзүүлэлт. Энэхүү судалгаанаас үзэхэд өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн анхан шатны мэдээ мэдээлэл, тусламж шаардлагатай байгааг харуулж байна.
Иргэн Н /17 настай/
Миний амиа хорлох талаарх бодол хэн нэгэнд ямар ч хамаагүй байх. Гэхдээ энэ бодол хэт их бодогдож эхлэх үед би тогтворгүй болж эхэлдэг. Яг тодорхой шалтгаан гэж байхгүй. Нийгмээс ирэх дарамт, гэр бүл, найз нөхөд гээд бүх зүйлс миний энэ бодолд нөлөөлөөд байгаа юм шиг санагддаг. Одоогоор эмчилгээ хийлгэх бодолгүй байгаа. Учир нь өөрийгөө эмчиллээ гээд бусад хүний хандлага засрахгүй. Тэгэхээр дахиад л миний энэ сөрөг бодол сэдрэх байх. Хэрэв би хэзээ нэг өдөр өөрийн сэтгэлээ эмчлэхийг хүсвэл сэтгэл доторх бүх зүйлсээ алга болгож уужиртал ярилцах байх.
Академич, сэтгэл засалч Д.Эрдэнэбаатар
Монголд сэтгэцийн эмгэг судлаач 150 гаруй эмч бий. Гурван сая хэдийнэ давсан хүн амд энэ нь хаана ч хүрдэггүй. Гэвч иргэдэд сэтгэл зүйн асуудлаа шийдэх хэрэгцээ их байна. Сэтгэл засал хэмээх том салбар хөгжиж эхэлж байна. Энэ тал дээр боловсон хүчний асуудал чухал байгаа. Дээрээс нь эдийн засаг, материаллаг баазын хангамжийг сайжруулах зайлшгүй шаардлага бий.
Тогтворгүй нийгэм
Монголын иргэдийн дунд хийсэн судалгаанаас харахад иргэдийн сэтгэл санаа тогтвортой бус, маш их стресс, бухимдалтай байгааг баталж буй. Энэ нь нийгмийн сэтгэл зүйтэй шууд холбоотой. Учир нь нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй байдал нь хувь хүний сэтгэл зүйн тогтворгүй байдалтай салшгүй холбоотой байдаг аж. Тогтворгүй байдлыг үүсгэж байгаа хүчин зүйлс нь ажилгүйдэл, ядуурал, нийгмээс ирэх дарамт, шахалт зэрэг. Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа, улс төрийн тархи угаалт гэх зэрэг зүйлс нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж буй.
Жишээ нь, иргэд сошиал орчинд хэн нэгний талаарх сөрөг сэтгэгдэл уншчихвал тэр хүнийг олны дүгнэлтээр муу хүн, сөрөг гэж дүгнэх хандлагатай байдаг. Харин нөгөө талдаа өрөвдөх, уучлах сэдлийг нь өдөөвөл мөн л адил тухайн зүйлд автаж арай өөрөөр бодож эхэлдэг аж.
Иргэдийн бухимдал сошиал орчинд хүчтэй байдаг учир сошиал медиаг хүртэл зөв ашиглах нь цаашлаад нийгмийн сэтгэл зүйг гэмтээхгүй байхад туслах хүчин зүйл болдог байна. Ийнхүү нэг хүний сэтгэл хөдлөлийг хүндэлж, анхаарч чадвал нийтийн асуудал ч гэсэн эерэг болох боломжтой. Мөн массыг харж сэтгэл хөдлөлд автахаас илүүтэй бодит байдлыг хүлээж авч дүгнэлт хийх нь нийгмийн сэтгэл зүйд ач холбогдолтой.
Судлаач Ц.Батсугар
Бид сэтгэл хөдлөл өндөртэй. Энэ нь бидний ажил хөдөлмөр, нийгмийн амьдрал, хүрээлэн байгаа орчин гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг. Гэхдээ эдгээрийг бид удирдах ёстой. Янз бүрийн мэдээлэл, ялгаатай нөхцөлүүдийг хүлээн авч, шингээж чаддаг арга ухаанд суралцах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол бид бусдын болон нийгмийн золиос болно. Өнөө цагт хүн бүр орчин, нөхцөл байдлаа удирддаг, энэ их мэдээ, мэдээллийг шингээж чаддаг болох ёстой гэж дахин онцолж хэлмээр байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл