Танихгүй хүн “дайсан” биш
Ихэнх хүн хүрээллийнхээ гадна оршиж буй танихгүй хүмүүстэй харилцаж, яриа өдөхөөс болгоомжилдог. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдүүддээ “Танихгүй хүн бол муу хүн”, “Уйлаад байвал танихгүй хүнд өгөөд явуулна” гэх зэргээранхааруулж, сануулдагтайхолбоотой. Түүнчлэн гэмт хэргийн талаарх шуугиан тарьсан мэдээ, мэдээлэл нийгэмд түгэх нь хүмүүсийн бие, биедээ итгэх итгэлийн түвшинг бууруулсаар байна. Гэвч үнэн хэрэгтээ танихгүй болгон муу хүн байдаггүй. Зарим тохиолдолд харин ч эсрэгээрээ байх нь бий.Түүгээр ч зогсохгүй өмнө нь уулзаж байгаагүй хэн нэгэнтэй учрах нь бидний сэтгэл зүйд гайхалтай эерэг нөлөө үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Бид өдөр тутамдаа нийгмийн харилцаанд орж хүмүүстэй хөнгөн яриа өрнүүлдэг ч тэр болгон сэтгэлээ нээж, мэдрэмжээ хуваалцдаггүй. Харин сэтгэл судлаачдын үзэж байгаагаар чин сэтгэлээсээ ярилцах нь сэтгэл гутралд орохоос бүрэн сэргийлдэг аж.
Бид өдөр бүр ажилдаа явах, цэцэрлэгт хүрээлэн орох эсвэл кафед суух, супермаркетаар зочлохдоо танихгүй хүмүүстэй таардаг. Гэвч амьдралдаа анх удаа таарч буй хүмүүстэй мэндэлж, харилцан ярилцахаас эмээдэг. Энэ нь хэн нэгэнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх байх, миний асуултад хариулахгүй байх вий зэрэг айх айдастай холбоотой байдаг аж.
Уг нь танихгүй хүмүүстэй мэндэлж, инээмсэглэж, харилцах нь бидний төсөөлснөөс илүү эерэг нөлөөтэй. Тухайлбал зүрхний шигдээсээр өвдөх, сэтгэл гутрал орох,амиа хорлох зэрэг элдэв эрсдлээс сэргийлдэг гэнэ. Түүнчлэн завгүй амьдрал, стресстэй нийгэмд амьдарч буй бид зөрөн өнгөрөх үл таних хэн нэгэнд эерэг дулаан үг хэлж,тэдэнтэй харилцаа үүсгэж амжвал хэн хэнийхээ бүтэн өдрийг “дулаацуулж” чадна.
Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг
Сэтгэл зүйн асуудлаа гадагшлуулж, бусдад илэрхийлэхгүй байх нь асуудлыг улам бүр хүндрүүлдэг. Хүмүүс өөрийнх нь нууцыг задруулж, хүндлэхээ болихвий, ирээдүйн харилцаанд ярьсан зүйл нь нөлөөлөх вий гэсэн түгшүүрийн улмаас бид өөрийгөөтэр бүр илэрхийлж чаддаггүй. Илэрхийлсэн ч тухайн асуудлыг шийдэхэд тусалж чадахгүй гэсэн бодлоос үүдэн ярихаас татгалздаг. Тиймээс хэрэвта хэн нэгний итгэлийг хүлээж асуудлыг нь сонссон бол шууд зөвлөгөө өгөхөөс илүүтэйгээр ойлгож, анхаарлаа хандуулж сонсоод, нууцыг нь хадгалах хэрэгтэй. Мөн сэтгэлээрээ түүнтэй хамт байгаагаа илэрхийлэхийг хичээх хэрэгтэй юм.
Хүмүүс ажилдаа явах замдаа тааралдсан, танихгүй хүмүүстэй харилцах нэгэн сонирхолтой туршилтыг Чикагогийн их сургуулийн сэтгэл зүйч, доктор Николас Эпли болон түүний докторант Жулиана Шрөдер нар явуулжээ.
Энэхүү туршилтад оролцсон хүмүүс галт тэргэнд хэн нэгэнтэй ярилцах нь ганцаараа суухаас илүү таатай байсан гэж хариулсан байна. Түүнчлэн сонирхолтой сэдвээр бусадтай ярилцаж, туршлага хуримтлуулсан гэдгээ илэрхийлжээ. Танихгүй хүнтэй ярилцах нь тэднийг тайвшруулсан төдийгүй тэр өдөр гаргах ёстой байсан чухал шийдвэрт нь эерэгээр нөлөөлсөн байна. Уг судалгааны дүгнэлтэд танихгүй хүнтэй харилцах нь биднийг илүү аз жаргалтай болгодог бөгөөд оюун санааны хувьд хурц, сэргэлэн, эрүүл, ганцаардалгүй, өөртөө итгэлтэй, өөдрөг мэдрэмж төрүүлдэг гэдгийг тэмдэглэжээ.
Танил нь хор хүргэх цаг
Монголчууд эрт дээр үеэс мэндлэх хүндлэх ёсоо эрхэмлэн, гэртээ ирсэн зочин гийчнийг таних танихгүй гэж ялгалгүй хүндэлж, дайлж, цайлсаар ирсэн. Тэгвэл орчин үед бид танихгүй хүмүүстэй харилцах нь аюултай хэмээн бодож болгоомжилдог болсон учраас харилцаандаа “хана босгодог”. Тэр байтугай хөршөө ч танихаа больсон цаг.
Гэтэл хүнд танихгүй хэн нэгэн биш танил нь хор хүргэх нь олонтаа. АНУ-ын сураггүй алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдийн үндэсний төвөөс гаргасан судалгаанд гэмт хэргийн дийлэнх хувийг хохирогчийн танилууд болох хамаатан садан, гэр бүлийн гишүүнэсвэл найз нөхөд үйлддэг гэдгийг нотолсон байна. Жишээлбэл, хүүхэд сураггүй алга болсон тохиолдлын 99 хувийг гэр бүлийнхэн нь үйлдсэн байдаг аж. Тэгэхээр ердөө нэг хувийг нь л танихгүй хүн үйлддэг байж таарах нь.
Монгол Улсын хувьд ч гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчийн дийлэнх нь хохирогчийн танил, цусан төрөл байдаг. Тухайлбал, бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлсэн гэмт хэргийн шүүгдэгч нарын 85хувь бага насны хохирогчийн гэр бүлийн гишүүн эсвэл хамаатан садан, танил хүмүүс эзэлдэг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Эелдэг байх алхам
Хүүхдүүдэд өмнө нь уулзаж байгаагүй хүн бүрийг аюултай гэж ойлгуулах нь маш их хор хөнөөлтэй гэж нийгмийн судлаачид үздэг байна. Олон арван жилийн турш танихгүй бол “муу хүн” гэх мессежийг нийгэмд илгээсэн нь бүхэл бүтэн үе бусдад итгэх итгэлээ алдахад хүргэжээ. Гэтэл итгэлцэл нь нийгмийн үйл ажиллагааны гол түлхүүр. Хүүхэд хүнд итгэх итгэлээ гээж, танихгүй хүнээс эмээдэг болсноор насанд хүрсэн хойноо ч бусдад өөрийгөө зөв илэрхийлж, нийгмийн харилцаанд оролцож чадахгүй байх сөрөг үр дагаварт хүрдэг байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн олон боломжоо алдахад хүргэдэг гэж судлаачид үздэг байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ танихгүй нэгнээс айлгах бус тэдэнтэй хэрхэн зөв ярих талаар зааж сургах хэрэгтэй юм.
Хүн бол нийгмийн амьтан. Тиймээс бид нийгмийн харилцаанд орж, хүрээллээ үүсгэж, бусадтай харилцахгүйгээ орших боломжгүй. Өөрөөр хэлбэл, хүн буй газар бүхэнд харилцаа, харилцан яриа өрнөдөг нь байгалийн бичигдээгүй “хууль” юм. Бид бүхий л амьдралынхаа туршид олон янзын хүрээлэлд орж, өөр өөр хүнтэй танилцаж, нөхөрлөдөг. Ингэхдээ сайн бас саар нэгэнтэй ч таарна. Хэдийгээр шинэ танил, өөр хүрээлэл зарим тохиолдолд биднийг тав, тухгүй болгодог ч харилцаа үүсгэж, дотносоод ирэхээр илүү таньж, эелдэг нэгэн байсныг нь мэдэх тохиолдол элбэг. Тиймээс шинэ танилтай болохоос цэрвэж, танихгүй нэгэнтэй харилцаж, ярилцахаас эмээхээсээ урьтаж эелдэг, дулаанаар яриа өрнүүлэхийг хичээгээрэй.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл