Олон үнэн

Үнэн гэж юу байдаг юм бэ, гар дээр минь тавиач, үзчихээд буцааж өгье гэж Ренчиний Чойном нэхсэн бий. Нам, засгаас хүн бүрт албан ёсоор хэлж цээжлүүлээд байхад өөрийг хайж тэрсэлсэн хэрэг. Тэрслээд зогсохгүй ерөөсөө үнэн гэж байдагт эргэлзжээ.

Биет оршиж, асуудал үүсч, үйл явдал өрнөж байгаа бол үнэн нь тэндээ буй. Гагцхүү тэр үнэнийг хүмүүс, хэсэг бүлгүүд, улс орнууд өөр өөрийн өнцгөөс хардаг, тэр нь хоорондоо зөрдөгөөс хүмүүний хамаг зовлон үүдэлтэй. 

Сэтгүүлчид нэвтрүүлэг, ярилцлагынхаа төгсгөлд “Дүгнэлт хийх эрхийг танд үлдээе” гэж хэлээд үзэгчид рүү том хардаг. Үнэн хэрэгтээ ямар дүгнэлт хийхийг дөнгөж сая чиглүүлчихээд тэгээгүй болж даналзаж байгаа хэрэг. Харин бид тэс өөр дүгнэлт хийх эрхтэй. Үүний тулд хүссэнээ олж үзэх, сонсох, уншихад дэндүү амар болжээ. Сонин хэвлэл, телевиз радио, нийгмийн сүлжээ бүгд алганд атгагдах гар утасны дэлгэцэн дээр нэгдэж байршлаа. Үйл явдлын мэдээ, мэдээлэл, тойм, тайлбар, дүгнэлт, үзэл бодлууд зогсоо зайгүй хөвөрч дотоод, гадаадын мэдээллийн сувгууд бидний өмнө 24/7/365 нээлттэй. Тэр болгоныг сайтар судалж харьцуулаад жинхэнэ үнэнийг мэдэж аваад хэл амаа ололцож амар сайхандаа жаргах ёстой бус уу?

Үгүй ажээ. Хэн ч үнэнийг эрж хайдаггүй гэж хэлбэл алдас болох ч хүмүүс, улс орнууд зөвхөн өөрийн үнэнийг хүлээн зөвшөөрч, түүгээр цайз хэрэм босгож хамгаалах төдийгүй зэвсэг болгон агсаж бусдын үнэнтэй үзэж тарах бүү хэл үхэх сэхэхээ үзсээр иржээ. Хил зааг үгүй болсон дэлхий нийтийн мэдээллийн орон зайнаас нотолсон, эсвэл няцаасан, тэнгэрт тултал дөвийлгөсөн, эсвэл газарт ортол гутаасан юуг ч олж болно. Хагас үнэн гэж ярьдаг, тэгэхээр дөрөвний нэг үнэн, үнэний хэлтэрхийнүүд, бас бүдэг тод үнэн гэж байж таарна. Бүтэн буюу бүх үнэн хэнийх ч биш.

* * * * * * * * * * 

Тоо бол үнэний хэмжүүр. ЖДҮ ба Хөгжлийн банкны зээлүүд тэр чигээрээ сая, тэрбум гэсэн тоонууд учраас ил тод болгоход л үнэн нь тодорч, буруутай нөхдүүд нь орон шоронгоо зорьж байгаа билээ. Үүнтэй нэгэн адилаар нүүрсний хулгайн үнэн илэрнэ. Нэг талдаа Тавантолгойн уурхайнууд дээр эксковаторын шанаган доороос тэвшээ дүүргээд гарсан, нөгөө талдаа урд хилээр нэвтэрсэн машины хил, гаалийн бүртгэл (тоо, дугаар, огноо, ямар ачаатай, нүүрстэй нүүрсгүй гарсан)-ийг тулгах л ажил. Үүнийг АТГ, цагдаа хоёр хийж байгаа. Олон жил хаалттай үргэлжилсэн холион бантан учраас хугацаа хэрэгтэй.

Тавантолгой бол ил уурхай. Доош ухсаар хэтэрхий гүнзгий болмогц хэзээ нэгэн цагт далд уурхайд шилжинэ гэдэг. Харин Тавантолгойн нүүрсний хэргийн ялгаа гэвэл ухах тусам доош биш дээшээ явах, далд биш ил болох учиртай. Сүхбаатарын талбай дээрээс “Нэрсээ зарла”-хыг шаардаад салаагүйд тэвдсэн эрх баригчид хэдэн нэр шидсэн ч жагсагчид ханаагүй, хэзээ нэгэн цагт “цаад эздийг” ч нэхэж болзошгүй. Үнэхээр тултал ухвал хулгайчдыг томилсон, гэрээг нь нууцалж өгсөн, таслан зогсоогоогүй төрийн гурван өндөрлөгийн гэгээн дүрс магад тодорно. Гэтэл нүүрсний хулгайн шийдэл болгож УИХ-ын дарга Зөвлөлдөх санал асуулга нэртэй баахан хурлуудыг зарласан бол бол Ерөнхий сайд төмөр замын төслүүд, газрын хулгай, Монгол банкныхны эзэмшдэг ББСБ-ууд гэсэн дараачийн хэргүүдийг амлав. Тэрбээр 2016 оноос хойш тэвдэх болгондоо энийг, тэрийг илчилнэ, үнэнийг хэлнэ гэж цочоон анхаарал сарниулж сураад байна. Мартсанаас Зоригийн хэргийн үнэн яасан бэ?

* * * * * * * * * * 

Урьдын юм ул, одоогийн юм зул гэдэг. Саяхны туйлын үнэн өнөөдөр адгийн худал. Одоо цагийн монголчууд Орост, оросуудыг хэрхэн ханддагийг тодруулсан санал асуулга, судалгаа байхгүй ч нийгмийн сүлжээгээр дүгнэх юм бол улам бүр сөрөг болж байна. Тэдэнд Монгол-Зөвлөлтийн мөнхийн найрамдал, орос ах, Найрамдал -Дружба, алтан Москва, тэр тусмаа “Зэвсэгт нэг ахан дүүс”-ийг сануулбал уурлана. Энэ үзэгдэл Орос улс, оросуудыг дорд үзэх хэлбэрээр аль эрт эхэлсэн ч ноднин ОХУ Украинд халдсаны дараа оргилдоо хүрээд байна. 

Украин улс зөв зүгээр хөгжиж байхад Путин дайрч орсон, оросын арми муу байлдаж асар олон цэргээ алдсан, ялагдан ухарч байгаа, зэвсэг техник нь хоцрогдсон, Украины хот тосгодын бөмбөгдөж энгийн иргэдийг олноор алж хядсан, бүх дэлхий Оросын эсрэг, барууны улсуудын хориг арга хэмжээнээс болж эдийн засаг нь сүйрсэн агуулгатай мэдээ, сурвалжлага, гэрэл зураг, бичлэг Интернэтээр пиг дүүрэн. Украин ба Оросын хооронд зөвхөн цэрэг зэвсгийн бус, мэдээллийн бас нэг дайн дэгдсэн, барууны орнууд дэмжсэн учраас түүнд Украин ялж яваа. Үүний нөгөө талд Орос улс энэ дайныг эхлүүлэхээс өөр арга байгаагүй, Украинд нацизм дэлгэрсэн нь үнэн, орос хүн ам зонхилсон зүүн өмнөд бүс нутагт иргэний дайнаас болж олон мянган хүн үрэгдээд байсан, Оросын арми Украины армид маш их хохирол учруулсан, Оросын эдийн засаг хөл дээрээ найдвартай зогссон тухай мэдээллийг олж авахад тийм ч хэцүү биш. Хэлний асуудлыг эс тооцвол. 

Өнгөрсөн саруудад манай хэвлэл мэдээлэл аль нэг тал руу туйлшралгүй тэнцүүлсхийгээд явж ирсэн ч нийгмийн идэвх, улс төрийн байр суурьтай ихэнх хүмүүс хоёр хуваагдаад байна. Гэхдээ Украиныг дэмжигсэд тоогоор хавьгүй олон, бас ширүүн байгаа. 

Тэд Украин, Оросын хоёр үнэний аль нэгийг хэрхэн яаж сонгосон бол? Бараг бүх тохиолдолд аль хэдийнэ тогтсон үзэл бодол, итгэл үнэмшилдээ нийцсэн тэр үнэнийг сонгож авсан. Харин олон нийт даган дууриажээ. Түүнээс биш судалж судалж энэ тэр зөв буруу юм байна гэж шийдээгүй. Мэдлэг боловсрол төдийлөн хамаагүй. Тэд эсрэг талын мэдээллийг бол авдаг, гэхдээ зөвхөн няцаах, өөрийн үнэнийг батлахын тулд. Бусдын үнэнд автаж байр сууриа өөрчилсөн хүн надтай тааралдаагүй.  

Манай улсын хувьд төвийг сахиж байгаа. Энэ бол Украиныг дэмжиж байгаа барууны орнууд ба Орос улсын хэн нь илүү хүчтэй, ирээдүйд бидэнд илүү хэрэгтэй, бас хэн манайхыг “чангалж” чадна үзсэн тэр талыг сонгох тухай асуудал юм. Бидний сонголтын зөв буруу Орос-Украины фронт дээр шийдэгдэж байгаа. Энд хичнээн ч цамнаад нэмэргүй.

2023.01.09.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)