Цагдаагийн алба хаагч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн газар бие зассан зөрчил одоогоос гурван жилийн өмнө гарсан. Нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй алба хаагчийн зохисгүй үйлдэл гаргасан бичлэг нь олон нийтийн сүлжээнд маш хурдацтай тархаж иргэдийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн юм. Түүнийг ийн зүй бус авирласных нь төлөө ажлаас нь халж Зөрчлийн тухай хуулиар торгосон. Гэвч нийгэмд цагдаагийн байгууллагын болон хууль сахиулах үүрэгтэй алба хаагчдын нэр хүнд, үнэлэмж асар их унасан юм. Энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү олон нийтэд тайлбар мэдээлэл өгч, уулалт гуйж байсан юм. Тэрээр “Тухайн албан хаагч Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, нэр хүндийг гутаасан учир ажлаас нь халж байна. Бид энэхүү албан хаагчийн гаргасан ёс зүйгүй үйлдэлд иргэдээсээ албан ёсоор уучлал хүсэж байна” гэсэн.

“Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино” гэдэг үг бий. Ганцхан хүний ёс зүйгүй, мэргэжлийн бус үйлдэл, хандлагаас болж салбар бүхэлдээ болж бүтэхгүй, ялзарсан мэт нийгэмд харагдаж, нэр хүндээ барж байгааг дээрхээс харж болохоор байна. Цаашлаад тухайн салбарт боловсон хүчний догол үүсэх аюултай юм.

Хамгийн учир дутагдалтай нь, аль ч салбарт үүсэж буй буруу, бугшсан асуудал бүрийн цаана төр, нийгмийн гажуу тогтолцоо, төрийн буруу шийдвэр “нуугдаж” байдаг. Үүнээс хоёрхон жишээг одоо дурдъя.

Эрүүл мэндийн салбарын “эрүүл мэнд мууджээ”

Олны анхаарлыг татсан үйл явдал ихэвчлэн нэг хоногийн настай байдагт бид бараг дассан. Тэгвэл  “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгтэй холбоотой хэрэг дээр иргэд 14 хоногийн турш талцсан юм. Албан тушаал, халаа сэлгээнээс үүдэлтэй энэ асуудал иргэдийн эрүүл мэнд, амь насаа даатгадаг эрүүл мэндийн салбар хэрхэн ялзарсныг илчилсэн юм. Түүнчлэн уг маргаантай холбоотойгоор салбарын сайд “бяр, хүч”-ийг олон нийт таньсан. Энэ салбарт үүрлэсэн ялзрал, бугшсан “идээ, бээрийг” нийгэмд илчилсэн хүмүүс нь Ж.Энхцэцэг тэргүүтэй эмч нар. Хамгийн харамсалтай нь тос дотроосоо өтдөг гэдэгчлэн эрүүл мэндийн салбарыг ийм хэмжээнд хүргэсэн хүмүүс нь ч тэнд ажиллаж, алба хашиж буй хүмүүс юм. Тэдний хийдлийн улмаас эрүүл мэндийн тогтолцоо иргэдээ шулж мөлжих зохион байгуулалтад орчихсон байсан гэхэд хилсдэхгүй. Үүнийг “Өргөө амаржих газар” төрөхөөр ирсэн харьяаллын бус эхчүүдээс 300 мянган төгрөг авдаг байсныг илчилсэн баримтууд нотолно.

Салбарынхны хийгээд төрийн буруугаас үүдсэн асуудал дээрхээс дуусахгүй. Тухайлбал, улсын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд байдаггүй. Байгаа ганц нэг дээр нь сар, жилээр дугаарлах хэрэгтэй болдог гэхэд хилсдэхгүй. Гэтэл төр авч чадахгүй байгаа тэр төхөөрөмжийг захын хувийн эмнэлэг аваад тавьчихсан байдаг. Ийм техник төхөөрөмжийн гачигдал нь улсын эмнэлгийн бас нэгэн ялзралын үндэс болдог. Энэ юу вэ гэвэл, улсын эмнэлгийн эмч нар хувийн эмнэлгүүдтэй ашиг сонирхлын холбоо тогтоож явуулсан өвчтөн бүрийн тоогоор урамшуулал авдаг нь ил болсон. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа хэлж байлаа. Тэрээр “Улсын эмнэлгийн эмч нар өвчтөнүүддээ олигтой үйлчилгээ үзүүлэхгүй хувийн эмнэлэг рүү явуулж байна. Тэд ашиг сонирхлын төлөө өвчтөнүүдийг үзэхгүй зориуд хувийн эмнэлэг рүү явуулдаг” гэсэн юм.

Үнэндээ улсын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авах мөнгө төрд бий. Гэвч төхөөрөмжөөр хангахгүй байгаа нь төрийн албан тушаалд суусан, шийдвэр гаргах эрхтэй хэдхэн хүн иргэдээ зохион байгуулалттайгаар хувийн, төлбөртэй үйлчилгээ рүү шахаж шулж мөлжиж байгаатай холбоотой. Учир нь тэд өөрсдөө хувийн эмнэлэгтэй байдаг. Тодруулбал, нийслэлийн 15 эмнэлгийн даргын тав нь хувийн эмнэлгийн эзэд болох нь есөн жилийн өмнө баримтаар ил болж байлаа. Энэ бүх зүй бус үйлдлийн эзэд нь ерөөсөө л эрүүл мэндийн салбарынхан байна. Товчхондоо, энэ салбарыг салбарынхан нь л унагаж байгаа юм.

Эрчим хүч ба оноо цуглуулах хэрэгсэл

Салбарынхан салбараа унагаж буй жишээ дээрхээр дуусахгүй. Энэ жишиг эрчим хүчний салбарт ч бий. Социализмын үед өрх бүр механик тоолуур буюу тухайн үеийн нэршлээр счётчикаг хэрэглэдэг байлаа. Гэвч механик тоолуурыг нэн даруй электрон болгон шинэчлэх шаардлага тулгарсан юм. Учир нь цахилгаан түгээх станцаас гаргасан эрчим хүч, иргэдийн механик тоолуур дээрх заалт хоёр өөр хоорондоо асар их зөрүүтэй гарч байсан юм. Энэ нь ихэнх айл механик тоолуурын заалтыг зогсоох, буцаах үйлдэл хийж хулгайгаар цахилгаан хэрэглэж байсантай холбоотой юм. Ингэхдээ механик тоолуурыг 45 градус хазайлгаж заалтыг нь зогсоох, тоолуурын гүйдлийн хэлхээг эргүүлэх, неодим соронзыг тоолуурын биед нааж заалтыг нь ухраах зэрэг олон арга ашиглаж байв. Энэ зальхай аргыг иргэд яаж олж мэдсэн нь хамгийн сонирхолтой. Ерөөсөө л тухайн үед эрчим хүчний салбарт ажиллаж байсан мэргэжлийнхэн хүмүүст задалсан хэрэг. Үүний судлаачид ч санал нийлдэг. Энэ бол эрчим хүчний салбарт гарсан цахилгааны хулгай.

Харамсалтай нь, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж 22 дахь жилийн нүүрийг үзсэн өнөөгийн нийгэмд ч цахилгааны хулгай байсаар л байна. Ингэхдээ өмнөх шиг механик тоолуур дээр ажиллах бус газрын гэрчилгээгүй айл өрхүүд цахилгаанчны тусламжтай хулгайгаар цахилгаан хэрэглэж байгаа юм. Үүний үйлдэж буй хүмүүс нь өнөөх л салбарынхан нь.

Гэхдээ аль ч салбарыг унагаж буй субъект нь дан ганц салбарынхан биш. Нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн үүнд төрийн оролцоо ч бий. Энэ санаагаа дараах жишээгээр баталъя.

Өнөөдрийн эрчим хүчний салбарыг тольдоход, өвлийг өнтэй давж чадах эсэх нь тодорхойгүй байна. Тухайлбал, Монголыг эрчим хүчээр хангадаг төв цахилгаан станцуудын тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа аль хэдийнэ дуусаж эвдрэл, гэмтэл гарах болжээ. Энэ талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгор  тайлбар өгсөн юм. Тэрээр “Цахилгаан станцуудын ашиглалтын хугацаа дууссан. Гэвч эрчим хүчний салбарт хөрөнгийн эх үүсвэр дутагдаж байгаатай холбоотой шаардлагатай засвар үйлчилгээг үзүүлэх боломжгүй байна. Түүнчлэн насжилт үүссэн техник технологийг шинээр сольж чадахгүй байгаа юм. Зөвхөн урсгал засвар хийж байна” гэв.

Ийнхүү Эрчим хүчний салбар хүнд байдалд орсон нь төрийн буруу шийдвэр,  төр, иргэн, эрчим хүчний салбарын уялдаа холбоогүй байдлаас үүдэлтэй юм. Тодруулбал, төр иргэдээс оноо цуглуулахын тулд цахилгааны үнийг бууруулах, шөнийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг элдэв арга хэмжээ хэрэгжүүлдэг. Гэвч үүнээс болж эрчим хүчний салбар өдгөө уналтад орж 2019 онд  59 тэрбум төгрөгийн алдагдал, 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум, 2022 оны байдлаар 162 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм. Алдагдлын улмаас шаардлагатай засвар үйлчилгээгээ хийж чадахгүй байгаа төдийгүй ажиллах хүчний хомсдолд орж, “гал алдах” эрсдэл үүссэн.

Товчхондоо, аливаа салбарын уналт, уруудалтад нэг бол төр үгүй бол тухайн салбарынхан л буруутай байдаг. Тэгэхээр салбараа “нураасан” салбарынхнаас ангижирч чадвал салбараа төдийгүй улсаа аврах ч боломжтой юм.