Системийн өөрчлөлт гэж дээрээс хайх хэрэггүй ээ, дэргэд чинь л байна

Сүүлийн үед бид системийн өөрчлөлтийн талаар их ярих болсон. Ер нь системийн өөрчлөлт гэж заавал Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, заавал засаглалын институци солих асуудал биш юм. Буруу шийдвэрт хүргээд байгааг мэдэж байгаа бол тэр шалтгаан болсон суурийг нь өөрчлөх тухай л асуудал. Ийм өөрчлөлт хийхэд тийм хэцүү биш, харин хүлээн зөвшөөрөөд шийдлээ олох ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөх хандлага маш чухал. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх дээр улстөрчид тун тааруу , хойрго, мэдрэмжгүй улс юм. Бурууг нь мэдээд байна, гэхдээ энэ хууль, энэ журмын дагуу ийм зүйл болоод байна ш дээ гээд байхаас хариуг нь буруу гаргаад байгаа асуудлыг засах тухай бодохгүй, магадгүй хүсэхгүй байна. Саяхан болсон үйл явдал үүнийггэрчлээд өглөө л дөө.

Монгол орондоо тайван амьдармаар байна гэсэн залуус өвлийн тэсгим өдрүүдэд шийр зааж жагсаал хийлээ. Монгол орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг олон түмэнтэйгээ л ярьж шийдье гээд УИХ-аас шийдвэр гаргалаа. Тэр зөвлөлдөж, санал асуух асуудлыг тодорхойлж гаргаж ирэх 11 хүнийг уг зөвлөлийг байгуулах ажлын хэсэг гээч нь тодрууллаа. 

Тодроод гараад ирсэн хүмүүс нь 11-үүлээ эрчүүд байна.Намба тохь суусан эрчүүд тодроод гараад иржээ. Монголд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх санал асуулгын сэдвийг тодорхойлох хүмүүс дунд гаанц ч ширхэг эмэгтэй хүн байсангүй. Залуучуудын төлөөлөл ч бараг байхгүй. 39 настай хүн нэг байсан, оны өмнө материалаа бүрдүүлсэн болохоор 40 рүү орж байгаа биз. Товчхондоо хэлбэл, 11 хүний 5 нь 65-77 насны хүмүүс. Ахмад туршлагатай хүмүүс байлгүй яахав, гэхдээ төлөөлөл үндсэндээ хангагдаагүй. Нийгмийн бүлгүүдийн төлөөлөл энэ зөвлөлд тусгагдаагүй. 

Зөвлөлийн гишүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн ч УИХ-ын чуулган дээр жендэрийн тэнцвэр хангаж чадаагүй гэдгээрээ энэ зөвлөлийн асуудал үндсэндээ унаж, байнгын хороо руу буцлаа.

Нийгмийн бүлгүүдийн оролцоо ялангуяа жендэрийн тэнцвэрийг хангаагүйг шүүмжилж, Г.Доржханд, П.Анужин, Ц.Туваан гишүүн дуугарсан тулдаа энэ асуудал оролцоог хангуулахаар буцсан нь тэр. Тэгээгүй бол 11 эр бүхий зөвлөлдөх зөвлөл бүх ард түмнээсээ асуух асуудлын бодлогыг шийдэхээр болсон байлаа. 

Гэхдээ чуулганы танхимд болсон яриа үнэхээр сонирхолтой. Тухайлбал, хүн амын тал хувийг бүрдүүлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл хаана байна вэ. Дандаа эрчүүд байна ш дээ гэсэн асуултад уг ажлын хэсгийн ахлагч, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэр дэвшигчдийг тодруулах журам нь нууц санал хураалтаар явах юм билээ. Саналаа материал нь ирсэн 133 хүн дээр нууцаар өгсөөн. Эмэгтэйчүүд ороогүй нь анхаарах ёстой асуудал мөн үү гэвэл мөн. Нууцаар санал өгөх их хэцүү. Нууц санал хураалтаар гараад ирчихсний дараа засья гэж болдоггүй. Нууц санал хураалтаар орж ирээгүй юмыг оруулж ирнэ гээд байхад аягүй хэцүү байхгүй юу. Нууц санал хураалтаар гараад ирчихсэн юмыг яах вэ. Ийм асуудал дээр жендэр хэцүү байхгүй юу. Журам дагахгүй бол болохгүй ш дээ” гээд уурлах учирлах зэрэгцээд тайлбарлаж байх юм.Асуудал тэр баталсан журамдаа биш байлаа. Асуудал гаргахаар байгаа бол засаад явах боломжиндоо байгаа юм. Дараагийн том завхралаас сэргийлж засахыг хэлээд байгаа болохоос энэ ийм учраас хариу ийм гарлаа гээд гоншигноод байхыг хэлдэггүй. Системийн өөрчлөлт гэж жижиг гэлтгүй үүнийг л хэлнэ. 

Түүнээс юу хураамаар байна тэр үрээ цацаад байх явдал биш. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Д.Тогтохсүрэн дарга нийгмийн бүлгүүдийн оролцоог хангаж чадаагүй зөвлөл байгуулахаас сэргийлж болох л байсан. 

Зөвлөлдөх зөвлөлийг тодруулах систем ухаалаг байсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Систем алдаатай бол өөрчлөх ёстой гэсэн итгэл үнэмшил, хандлага ажлын хэсгийн даргад ч, гишүүдэд ч байх хэрэгтэй байлаа. 

Өнөөдөр томоохон компаниуд, олон улсын байгууллагууд аливаа сонгон шалгаруулалтад хүйсийн оролцоог хангахын тулд эмэгтэйчүүдийг давуу тал болгон авч үзэх хүртэл шалгуур тавьсан байдаг. Тэр нь эмэгтэйдээ биш, аль нэг хүйсийн давуу байдал үүсэхээс сэргийлж авч байгаа зохицуулалт. Хэрэв эрэгтэй нэр дэвшигчдийн тоо цөөн, хэт олон эмэгтэй гарах магадлал байвал эрэгтэй дээр нь оноо өгөх мэтээр зохицуулна. Энэ бол системийн гажуудал үүсэхээс сэргийлж авдаг зүй ёсны арга хэмжээ.

Зөвлөлийн гишүүдийг шалгаруулах журмыг л нийгмийн бүлгүүдийн оролцоо, хүний эрхийг хангах шалгуурт нийцүүлээд сайжруулчих хэрэгтэй. Энэ чинь л системийн өөрчлөлт. Тэрнээс журам нь ийм юм, тэгээд алдаатай хариу гарлаа гээд чуулганы танхимд хэлээд сууж байж огт болохгүй. Систем нь өөрөө буруу болохоор ингээд алдаатай буруу л хариулт гарч байгаа юм. Засахгүй бол гарсаар л байх болно.Системийн өөрчлөлт гэж дээрээс хайх хэрэггүй ээ, дэргэд чинь л байна Д.Тогтохсүрэн дарга аа. 

Хүн бүр асуудлыг сайжруулчих гээд дор бүртээ хичээвэл олон зүйл сайнаар эргэж болно. Атал манай хуучин арга барилтай, туршлагатай гэгдэх улстөрчид буруу руугаа дагуулж сэжчих гээд байх юм. Асуудалд шүүмжлэлтэй хандсан Г.Доржхандыг чи өөрөө эзгүй байсан, гадаадад зугаалж явсан л даа гэж Д.Тогтохсүрэн загнаж, Н.Энхболд гишүүн Г.Тувааныг болохоор энэ асуудал чамаас өмнө шийдэгдэж байсан гэж байх жишээтэй. 

Шүүмжлэлд ийм мэдрэг байгаа шигээ нийгэмд буруу жишиг бий болгоод байгаа системийн гажуудлаа мэдэрдэг болчихвол, үгүй мөн олон асуудлыг бид шийдэж чадахаар байгаа юм даа. 

Дахин хэлье, системийн өөрчлөлт гэж дээрээс хайх хэрэггүй ээ, дэргэд чинь байгаа шүү, дарга нараа. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)