Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 17-оос эхлээд буй. Сурагчид нийт зургаан долоо хоног амрах юм. Тус хугацаанд хүүхдээ хэрхэн үр бүтээмжтэй, зугаатай амралтаа өнгөрөөж болох дараах зөвлөмжийг хүргэж байна.
Сургалт, дамжаанд хамрагдах
Хүүхдийн урлан бүтээх төвд 2022-2023 оны хичээлийн жилд 18-24 төрлийн дугуйланд сурагчид үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Дугуйлан өглөө, өдөр гэсэн хоёр ээлжээр хичээллэдэг бөгөөд дотроо анхан, дунд, гүнзгий гэж хуваагддаг. Тухайлбал уран зураг, баримал, сийлбэр, хатгамал, үндэсний хувцасны загвар зохион бүтээх, сүрлэн урлал, наамал, нисэх загвар, автомашины загвар зохион бүтээх, уран бичмэл гэх зэрэг маш олон төрлөөр хичээллэдэг. Иймд сурагчид өвлийн амралтаараа тус дугуйланд хамрагдаж чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой. Мөн ХУБТ-д сурагчдад зориулсан тодорхой сэдвийн дор үзэсгэлэнгүүд зохион байгуулдаг аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, саажилт, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд баримал, зургийн дугуйланд хамрагдах боломжтой байдаг байна.
Цэвэр агаарт толгойгоо сэргээх цаг
Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй төв дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байдаг аж. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлд хамгийн өртөмтгий хэсэг бол хүүхдүүд, жирэмсэн эхчүүд. Иймд амралтын өдрүүдэд гэр бүлээрээ цэвэр агаарт гарах нь хүүхдийн эрүүл мэндэд хамгийн тустай төлөвлөгөө болох юм. Түүнчлэн амралтаараа хөдөө аялалд гарч чаргаар гулгаж, цасаар тоглож цагыг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Хичээлийн хоцрогдлоо арилгах
Цар тахлын улмаас танхимын сургалтыг бүрэн зогсоож теле хичээлүүдийг боловсруулан "Е-контент систем" /www.econtent.edu.mn/-ээр дамжуулан ЕБС-ын сурагчдад хүргэсэн билээ. Тэгвэл сурагчид амралтаараа энэхүү платформд байгаа сурах бичиг, интерактив, видео болон теле хичээл бүхий нийт 3900 гаруй контентыг үзэж суралцах бүрэн боломжтой юм. Тус платформд ЕБС-ын сургуулийн сургалтад зориулсан 104 интерактив, цахим контентыг казах, тува болон дохионы хэлний хувилбартайгаар бэлтгэн хүргэдэг байна. Сурагчид эдгээр цахим контентыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд дээрх системээс хүссэн хичээлээ сонгож хоцрогдлоо бүрэн арилгах боломжтой.
Ном унших дадал хэвшилд суралцах
Хүүхэд залууст өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлээ зөв сонгоход ном унших дадал хамгаас чухал юм. Тэгвэл та бүхэнд хэрхэн ном унших дадал хэвшилтэй болох талаар зөвлөж байна. Хамгийн эхэнд жилд хэдэн ном уншихаа тодорхойлж, үүнийгээ сардаа хувааж тэмдэглэнэ. Улмаар сард нэг ном уншина гэж бодоход 300 орчим хуудастай номыг 30 хоногт хувааж унших юм. Энэ нь та өдөрт 10-15 минутыг ном уншихад зарцуулах юм. Түүнчлэн ном унших тогтсон цагтай болсноор цагийг үр дүнтэй ашиглахад суралцах боломжтой. Өдрийн аль цагт илүү төвлөрдөг зэрэг асуудлыг харгалзан үзэж цагаа сонгох нь зөв юм.
Спортын дугуйлан, сургалтад хамрагдах
Өвлийн амралтаар хүүхдээ эрүүл чийрэг, тогтмол дасгал хөдөлгөөнтэй байлгах нь чухал. Ингэхийн тулд спортын дугуйлан, сургалтад хамруулах боломжтой. Амралтын хугацаанд хүүхдээ сагс, гар бөмбөг, балет, теннис гэх мэт маш олон төрлийн спортоос сонгож хичээллүүлэх нь хүүхдийн бие бялдрын хөгжил, нурууны суулт зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой. Спортоор хичээллэхэд хүний тархинаас эндофрин гэдэг бодис ихээр ялгарч энэ бодис нь хүний бухимдал, стрессийг тайлж эерэг бодол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн эрч хүчийг бий болгодог байна. Иймд хүүхдэдээ тохирох спортоор нь хичээллүүлж амралтын хугацааг үр дүнтэй өнгөрүүлэхэд нь туслаж болох юм.
Зохистой цахим хэрэглээ
Интернэтийн хязгааргүй орон зайд хүүхдийн хараа хяналтгүй орхих нь худал мэдээлэлд төөрөгдөх, зохисгүй контент үзэх, гэмт хэргийн золиос болох, нүдний хараа муудах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс улс орнууд бага насны хүүхдийн цахим хэрэглээнд хязгаар тавих, цахим аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлогоо тодорхойлон ажиллаж буй. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) хүүхдийг насны ангиллаар хувааж интернэт ашиглах зөвлөмж гаргажээ. Хүүхэд цахим орчин, дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цагийн хязгаарыг хүүхдийн насны онцлогт тохируулан заасан байна.
Үүнд: