Хариуцлага дутсан “ирээдүй”

Гэр бүл төлөвлөлт гэдэг амьдралын хамгийн чухал ойлголт. Залуу хосууд үерхэж, нөхөрлөн, гал голомтоо бадрааж хүүхэдтэй болно гэдгийг өөрсдийн төсөөлөл, мөрөөдлөөрөө ойлгодог. Гэвч гэр бүл зохионо гэдэг хоёр хувь хүн нийлж нийгмийн нэгэн чухал статусыг үүсгэх үйл явц юм. Үүний ард асар олон хариуцлага дагалдаж ирдгийг залуу хосууд тэр бүр ойлгодоггүй. Залуус гэр бүл төлөвлөлт гэдэг үгийг сонсоод найз залуу, бүсгүйтэй болсон эсвэл гэрлэсний дараа л бодолцож үзэх ёстой асуудал хэмээн боддог. Гэвч гэр бүл төлөвлөлтийн талаар тодорхой мэдлэггүй байх нь хүсээгүй жирэмслэлт, өрхийн эдийн засгийн хүнд нөхцөл байдал, сэтгэл санааны тогтворгүй байдал зэрэг олон эрсдэлт хүчин зүйлст хүргэж байна.

Хувь заяа бус төлөвлөлт

Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 14252 гэрлэлт бүртгэгдэж, 3316 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 6267 хос гэрлэлтээ батлуулсан бөгөөд 1743 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны эхний таван сараас 30 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Энэхүү тооноос харахад манай улсад салалт жил ирэх тусам нэмэгдэж буй. Салалт нэмэгдэх болсон шалтгаан нь гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас үүдэлтэй.

Монгол Улс дахь гэр бүл төлөвлөлтийн чанарын судалгааг анх 2016 онд Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүн амын сангаас хийж, танилцуулж байв. Тус судалгаанд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хүртээмж хотод хөдөөгийнхийг бодвол их ч хэрэглээ нь урвуугаараа байсан байна. Олон улсын туршлагаас үзэхэд 2012 оны байдлаар гэр бүл эсвэл хамтран амьдрагчтай хоёр эмэгтэй тутмын нэг нь гэр бүл төлөвлөлтийн арга хэрэглэж байв.

Харин манай улсын хувьд Зүүн азийн орнуудаас харьцангуй доогуур бөгөөд Казахстан, Вьетнам зэрэг оронтой ойролцоо түвшин буюу 24 хувь байсан талаар судалгааны тайланд дурджээ.

18 настай М.Б

Би найз залуутайгаа үерхээд гурван жил болж байна. Бид хоёр энэ жилээс эхэлж дотно харилцаанд орж эхэлсэн. Жирэмснээс хамгаалах талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө мэдээлэл аваагүй. Найз нөхөд, интернэтээс л энэ талын мэдээ, мэдээллийг олж уншдаг. Одоогоор жирэмснээс хамгаалахын тулд бэлгэвч л хэрэглэж байгаа. Гэхдээ цаашид илүү баталгаатай хамгаалах дааврын ч юм уу, суулгац зэргийг хийлгэх талаар судалж байна. Гэвч энэ төрлийн эм бэлдмэл, суулгацыг удаан хугацаанд хэрэглэвэл маш муу, цаашид жирэмсэн болдоггүй гэж зарим хүмүүсээс сонсож байсан. Тиймээс яах учраа сайн ойлгохгүй байгаа.

Гэр бүл төлөвлөлт гэдэг нь хосууд өөрсдийн нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, боловсролын байдалдаа тохируулан хүүхэд хоорондын зайгаа зохистой тохируулахыг хэлдэг аж. Залуус эхнэр нөхөр, аав, ээж болоход сэтгэл зүйгээ бэлтгэхээс гадна хүүхдээ эрүүл өсгөхөд наад захын хэрэгцээт зүйлээр хангаж чадах уу гэдгээ тодорхойлох явдал юм.

Гэр бүл төлөвлөлтийн ач холбогдол:

  • Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлнэ
  • Аюултай үр хөндөлт, давтан үр хөндөлтөөс болж эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлнэ
  • Умайн гадуур жирэмслэлт, үрэвсэл, үр тогтох чадваргүй болохоос сэргийлнэ
  • Ядууралд өртөхгүй байх, үр хүүхдээ сайн боловсролтой болгох, хангалуун амьдрахад тустай
  • Эрүүл боловсролтой, чанартай иргэдтэй байснаар улс орон тогтвортой хөгжихөд тустай.

Сэтгэл зүйч Б.Оюун-Эрдэнэ

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэнд, иргэний боловсролын хичээл орж байгаа боловч тухайлсан бэлтгэгдсэн багш байхгүйгээс үүдэн чанар нь доогуур байгаа гэж хардаг. Олон залуус анхны хүүхэд төрүүлэх, дараагийн хүүхэд хоорондын зайгаа зохицуулахыг хүсдэг ч гэр бүл төлөвлөлтийн аргыг мэдэхгүй байх, хүртээмжгүй байх зэргээс шалтгаалж чадахгүй байна. Энэ байдал үр хөндөлтийн тоо, насанд хүрээгүй ээж болж байгаа охид, нэн ядуу өрхийн хүүхдийн тоо зэргээс харагддаг. Гэр бүл төлөвлөлтийн арга бол жирэмслэлтээс сэргийлэх арга юм. Энэ талын мэдээллээр хангах үүргийг эрүүл мэндийн байгууллага хүлээдэг. Хамгийн анхан шатных нь өрхийн эрүүл мэндийн төв юм.

Төлөвлөлтгүйн уршиг урагт

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жилд 18 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлдэг болохыг тогтоосон байдаг. Үүнээс нарийвчлан авч үзвэл, 20-оос доош насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт 5.1-5.5 хувь байдаг бол 20-34 насныхан 70 гаруй хувийг эзэлж байгаа юм. Монголд залуус 20-29 насандаа гэрлэдэг ч судалгаанаас харахад дийлэнх нь 18, 19 насандаа эцэг эх болж, өрх тусгаарладаг байна. Нэг үгээр хэлбэл манай улсад гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэггүйн улмаас хосууд үерхэж байхдаа хүүхэдтэй болж өрх тусгаарлахаас өөр аргагүйд хүрдэг аж. Улмаар эцэг эх байх сэтгэл зүйн бэлтгэлгүй байдал, эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаагаас шалтгаалж үр хөндөлт хийлгэх арга замыг сонгохоос гадна гэр бүлээ цуцлуулж буй юм.  

22 настай С.Х

Би нөхөртэйгөө гурван жил хамт амьдарсан. Бид хоёр 10 жилээсээ үерхэж байгаад гэрлэсэн хосууд. Анх төгсөх ангидаа хүүхэдтэй болсон гэдгээ мэдсэн. Тухайн үед бид хоёр ямар ч эцэг эх болох төлөвлөгөөгүй байсан. Учир нь манай нөхөр гадаадад тэтгэлэг аваад явах гэж байсан учир хүүхдээ өсгөж чадахгүй гэсэн юм. Тийм учир би хүүхдээ ганцаараа өсгөх бэлтгэлгүй бас айсан учир үр хөндөлт хийлгэсэн. Тэгээд л өөрсдийгөө буруутгаж хэрэлдэж маргалдсаар байгаад салцгаасан. Хэрэв тухайн үед жирэмснээс хамгаалах эм тариа хэрэглэж байсан бол энэ их зүйлийг туулахгүй байсан байх. Хүн ер нь сэтгэлзүйн бэлтгэлтэй байж хүүхэдтэй болж гэр бүл зохиох хэрэгтэй байдаг юм байна лээ.

НЭМҮТ-ийн Эрүүл  мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа

Үр хөндүүлэхээс ч өмнө жирэмслэхээс урьдчилан сэргийлэх боломжууд олон байдаг. Төрөөгүй болон нэг удаа төрсөн эмэгтэйчүүдэд охидод зориулсан ерөндгийг байрлуулахыг зөвлөдөг. Гэхдээ бидний зүгээс бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх эсвэл тогтмол бэлгийн харилцаанд орж, хамтдаа амьдардаг бол эм уудаг байхыг зөвлөдөг. Өмнө төрж байгаагүй охидууд ерөндөг хэрэглэхээс  зайлсхийх хэрэгтэй. Ерөнхийдөө бол бид бэлгэвч хэрэглэж байхыг их зөвлөдөг бөгөөд энэ нь жирэмслэлтээс сэргийлэхээс гадна, бэлгийн замын халдвараас хамгаалдаг. Залуучууд бэлгэвч хэрэглэхээр бэлгийн хөрөлт, сулралттай болдог, хайртайгаа илэрхийлээгүй, итгэхгүй байгаа учраас бэлгэвч хэрэглэж байна гэх мэт ташаа ойлголттой яваад байдаг. Мөн оюутан залуус гэрлэхээсээ өмнө олон хүнтэй үерхэх, хайртай хүнтэйгээ унтахыг хайраа баталж, илэрхийлж буй баталгаа гэж ойлгодог. Үүнээс болоод бэлгийн замын халдвар авч, эмчлүүлээгүйгээс болоод үр тогтоход нөлөөлдөг.

Иймд гэр бүл төлөвлөлтийн талаар хүүхдүүдэд сургуульд байхаас нь эхэлж мэдээлэл өгч, жирэмснээс хамгаалах эм, тариа, суулгацын талаарх ташаа ойлголтыг засаж залруулах нь зүйтэй. Улмаар үр хөндөлт, өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн боловсролд анхаарах нь чухал. Мөн энэ төрлийн зүйлсийг хэрэглэхийг дэмжих үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэл өгч ажиллах шаардлага тулгараад байна.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)