Оюунлаг монголчууд

Монголын олон оюунлаг залуус дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж байна. Одоогоос арваад жилийн өмнө монголчууд оюуны спорттой анх танилцаж байв. Энэхүү спорт бидэнд шинэлэг, сонирхолтой санагдаж байсан цаг саяхан. Гэтэл өдгөө оюун ухааны спортын дэлхийн дээд амжилтуудын ихэнхийг нь Монгол залуус эзэмшиж байна. Ой тогтоолтын спорт нь эртний Грекээс гаралтай. Аристотель, Сократ зэрэг философичид олон цагийн илтгэлийг тавих бэлтгэл хийхдээ мнемотехникийн аргын анхны хувилбарыг ашигладаг байжээ. Мнемотехникийн арга гэдэг нь цээжлэх урлаг, зохиомол холбоо үүсгэх замаар цээжлэх арга барилыг хөнгөвчлөх, санах ойн хэмжээг нэмэгдүүлэхийг хэлдэг аж.

Улмаар XX зуунд тус спортыг сэргээн хөгжүүлж, 1991 онд “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах анхны тэмцээнийг Английн Лондон хотноо амжилттай зохион байгуулсан байдаг. Улмаар энэ тэмцээн өдгөө жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байна. Монгол Улсын хувьд энэхүү спортыг эх орондоо нутагшуулсан хүн бол Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шуугч Х.Хатанбаатар юм. Тэрээр 2006 оноос хойш хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан юм. Харин өдгөө оюун ухааны дэлхийн тэмцээнүүдэд Монгол Улс 54 дээд амжилтын 30-ийг эзэмшдэг. Үүнээс өсвөр насны дэлхийн 18 дээд амжилтын 10-ыг нь монгол тамирчид эзэмшиж байгаа юм. Ой тогтоолтын спорт анхаарлаа төвлөрүүлэх, шийдвэр гаргах, сэтгэн бодох зэрэг чадваруудыг сорьдог. Олон улсад ой тогтоолтын тэмцээн нь үндсэн 10 төрлөөр явагддаг. Тухайлбал, ой тогтоолт, цээж тоо, хурдан уншлага, го даам, бридж, рубикийн шоо, судоку, соробан сампин гэх мэт төрөлтэй.

Монголын оюун ухааны түүхэн амжилтууд

Монголын оюун ухааны академийн залуучууд өнөөдрийг хүртэл Америк, Англи, Хятад, Тайвань, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Солонгос зэрэг олон улсын 58 тэмцээн уралдаанд амжилттай оролцоод буй. Улмаар ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхийн оюуны олимп зэрэг томоохон тэмцээнүүдээс нийт 1077 медаль хүртсэн байна. Тэд оролцсон тэмцээн болгоноосоо ганзага дүүрэн олзтой ирээд зогсохгүй дэлхийн рекордыг эвдэж шинэчлэн тогтоож буй.

Түүхэн амжилтаас дурдвал:

  • Монгол хүний оюун ухаан дэлхийд гайхагдаж буйн тод жишээ бол ихэр эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар юм. Тэд 2017 онд БНХАУ-ын Шинжань хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номд бичигдсэн билээ.
  • “Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн В.Янжаа Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах “World Memory Championships” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, мөнгөн медалийн эзэн болсон. Тэрээр таван минутад 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон юм.
  • Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд Хонгконгод болсон. Тус тэмцээнд олон улсын их мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам “Хоёртын тоолол” төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож, Геннисийн номд бичигдээд буй.

Манай улс ой тогтоолтын олон улсын 10 их мастер, 26 олон улсын мастертай. Энэ мэтээр монгол залуусын амжилтыг дурдаад дуусахгүй билээ.

Дэлхийн анхаарлыг татаж буй тэдний “нууц”

Дэлхийн 80 оронд IQ “Intelligence Quotient” буюу оюуны итгэлцүүрийн судалгаа явуулдаг. Тус судалгааны дүнгээр монгол хүн оюуны хөгжлөөрөө эхний 10-т багтдаг байна. Тиймээс Монгол залуусын оюун ухааныг шагшин магтаж, тэдний арга барилыг сонирхох улс орон олон байдаг.

Оюун ухааны спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар

Зөвхөн тоо бодох, хөзөр тогтоох, тоо цээжилж байгаа нь “мөсөн уулын орой” буюу ил харагдаж байгаа хэсэг нь юм. Үүний цаана хүүхдийн оюуны олон суурь чадварууд хөгжиж байдаг. Тухайлбал, анхаарлаа төвлөрүүлэх, сууж сурах, бүтээлчээр сэтгэж суралцах зэргийг дурдаж болно. Ой тогтоолтын тэмцээний нэг төрөл болох тооны марафон гурван цаг үргэлжилдэг. Тамирчид нэг цагийн турш хэдэн мянган цифрийг дэс дараатайгаар тогтоож хоёр цагийн хугацаанд нэг ч алдалгүй нэрлэх ёстой. Үүнийг хийхэд анхаарал төвлөрөлт, тэсвэр тэвчээр гээд маш олон чадвар хэрэг болно.

 

Олон улсын их мастер Н.Энхшүр

Миний хувьд хоёртын тоолол гэх төрөлд дэлхийн рекорд эвдэж, Гиннесийн номд бичигдсэн. Энэ төрөл нь 30 минутад цээжилдэг онцлогтой ба 0-1 гэсэн цифрүүдээс бүрддэг энэ төрөлд би 30 минутад 5445 цифр цээжилж, алдаагүй санаснаараа Шведийн тамирчны эзэмшиж байсан 5040 цифрийг эвдэж дэлхийн дээд амжилт тогтоосон юм.

Нэг жишээ дурдахад, тамирчин Н.Мөнхшүр 34.5 багц буюу 1700 гаруй хөзрийг нэг цагийн дотор цээжлээд буцаагаад яг дарааллаар нь санаж чадаж буй. Зарим хүмүүс үүнийг  боломжгүй гэж хэлэх биз. Тэгвэл манай тамирчид үүнийг оюун ухааны цар хүрээ, шаргуу хөдөлмөрөөрөө хийж чадаж дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Тэдний нууц бол ердөө л шаргуу хөдөлмөр аж. Оюун ухаан гэдэг материаллаг зүйлээр хэмжигддэггүй, хязгааргүй өргөн цар хүрээтэй зүйл. Тиймдээ ч тэд энэ ололт амжилтыг эзэмшиж нь дэлхийн нүд чих нь болж Монголын бахархал гэх эрхэм алдрыг хүртээд байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Монгол хүний оюун ухааны гайхамшигийг дэлхийд мандуулж бахархал болсон Монголынхоо ирээдүй эрхэм сайхан залуус хүүхдүүд, агуу багш нарт халуун баяр хүргэж АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ЕРӨӨЕ

    0 0 Хариу бичих
  2. Мундаг байна, Гэвч оюун ухаан сайтай мундаг гээд зөвхөн өөрийнхөө л амжилтыг ахиулаад яваад байвал Монгол нээх их дээрдэхгүй э, Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ өвчинтэй тэмцэж яваа үеийнхэндээ зааж сургаж хуваалцаж туслаж явбал Нийтээрээ Мундаг болно до, өөрсдийн чинь амьдрал улам дардан болно до

    0 0 Хариу бичих
  3. mongol zaluusaaraa baharhj bn

    1 0 Хариу бичих
  4. Мундагуудыг сонсоод өарсдийгөө ухаантай гэж бүү андуур. Бидний ихэнхи нь усан динэг штаа

    1 0 Хариу бичих