Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хөх-Овооны бууц” гэдэг газар малчин Б нь арван хоёрдугаар сарын 4-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй алга болжээ. Түүний унаж явсан мотоцикл болон эд зүйлсийг гэрийн урд зүгт 1 км орчмоос нь олсон бөгөөд тэр даруй ОБЕГ-т дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Улмаар гэрээс нь баруун урд зүгт 3 км-т “Арвижихын гол” гэдэг газар иргэн О-нд очсон мэдээллийн дагуу очиж шалган тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.