Өчигдөр ОХУ-ын нутаг дэвсгэр дэх цэргийн хоёр нисэх баазад нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөс цохилт өгөх оролдлого гарчээ. Энэ халдлагыг Украин улсыг үйлдсэн гэж ОХУ үзэж байна.

“12-р сарын 5-ны өглөө Украин улс Оросын алсын нислэгийн онгоцыг устгах зорилгоор Зөвлөлтийн үеийн нисгэгчгүй төхөөрөмжөөр Рязань мужийн “Дягилево” болон Саратов мужийн “Энгельс” нисэх баазуудад цохилт өгөхийг оролдлоо” гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдлээ.

ОХУ-ын агаараас хамгаалах систем нисгэгчгүй төхөөрөмжийг устгах үеэр дэлбэрэлт болж гурван цэрэг амиа алдаж, зургаан хүн шархаджээ.

Украин улс энэ ажиллагааг зохион байгуулсан эсэх талаараа албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Халдлагад өртсөн Оросын цэргийн нисэх баазууд Украины хилээс 500-700 км-ийн зайд оршдог юм.

Энгельсийн нисэх баазад Оросын стратегийн цөмийн бөмбөгдөгч Ту-160М, Ту-95МС онгоцнууд байрладаг аж. Түүнчлэн тус бааз дахь цэргийн онгоцнууд Украины эрчим хүчний байгууламжуудад далавчит пуужингаар цохилт өгдөг юм байна.