МАН Бага хурлаа маргааш хийж, цаг үеийн асуудал хэлэлцэнэ. Энэ удаагийн бага хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох хүлээлт буй. Одоогийн генсек Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон учраас намын дүрмийн дагуу ажлаа өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, МАН-ын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга давхар албан тушаал хашиж болохгүй. Тиймээс Д.Амарбаясгаланг чөлөөлж, өөр хүн томилох уу эсвэл намын дүрэмд өөрчлөлт оруулах уу гэдэг асуудал удтал МАН дотор ил, далд яригдаж буй.
11 дүгээр сард МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын II Бага хурлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Тус Бага хурлаар МАН-ын даргын өнгөрсөн нэг жилийн хугацааны улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл гэсэн асуудлыг хэлэлцэх товтой байгаа талаар мэдээлж байлаа.