Каспийн тэнгисийн эрэг орчимд сүүлийн өдрүүдэд 2500 гаруй далайн хав үхсэн байдалтай олджээ. Нэг дор ингэж олноороо үхсэн шалтгаан нь тодорхойгүй байгаа ч байгалийн жам ёсных гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. Удаан хугацааны турш үргэлжилсэн тэнгисийн шуурга далайн хавын үхэлд нөлөөлсөн байж болзошгүй гэсэн таамаг бас байгаа юм.

Устаж үгүй болох аюулд ороод байгаа далайн хавнуудыг ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнө үхсэн гэж үзэж байгаа бөгөөд дотор эрхтнээс нь авсан шинжилгээгээр хүнд металл болон пестицидэд хордсон шинэ тэмдэг илрээгүй байна.

Өнгөрөгч бямба гарагт анх 700 гаруй үхсэн хав олджээ.  Гэвч дараагийн өдөр нь энэ тоо эрс нэмэгдэж 2 мянга 500-д хүрсэн талаар Дагестаны байгаль хамгаалагчид хэлж  байгаа юм. Каспийн тэнгист 70 мянга орчим тоо толгой далайн хав амьдардаг гэж үздэг юм.