АНУ-ын Агаарын нисэх хүчин хамгийн сүүлийн үеийн үл үзэгдэгч цөмийн бөмбөгдөгч В-21 онгоцыг танилцууллаа. Дэвшилтэд технологийг ашигласан шинэ онгоц нь хүйтэн  дайнаас хойш ашиглагдаж байгаа В-1, В-2 бөмбөгдөгч онгоцнуудыг орлох аж.

В21-ийг танилцуулах ёслол Калифорни дахь “Northrop Grumman” үйлдвэрт болжээ. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд АНУ-д үйлдвэрлэсэн анхны бөмбөгдөгч болж буй. Ойролцоогоор 700 сая ам.долларын үнэтэй тус онгоц нь цөмийн болон ердийн зэвсэг тээвэрлэх чадалтай юм байна.

Сүүлийн хагас зуун жилийн судалгаа, тэр дундаа бусад улс орнуудын өнөөг хүртэл онцгой ач холбогдол өгөөгүй зүйлс дээр олж илрүүлсэн шинэ амжилтын үр дүнд В-21 бүтсэн гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэллээ.

Түүний хэлж буйгаар, шинэ үеийн үл үзэгдэгч технологиор бүтээгдсэн В21-ийг хамгийн дэвшилтэд агаарын довтолгооноос хамгаалах систем ч тэнгэрт байхад нь илрүүлж чадахгүй юм байна.

Одоогоор зургаан ширхэг үйлдвэрлэгдсэн В-21 онгоцыг ирэх оноос ашиглаж эхлэх аж. АНУ нийт 100 ширхэг В-21 бөмбөгдөгчтэй болохоор төлөвлөжээ.