Украины элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газрууд руу тэсрэх бодис болон амьтны цус, эд эрхтэнтэй учир битүүлэг илгээмж ээлж дараалан ирсээр байна. Одоогоор дэлхийн 12 орон дахь Украины 18 дипломат төлөөлөгчийн газар ийм төрлийн халдлагад өртжээ. Илгээмж бүгд Европын нэгэн орноос ирсэн бөгөөд мөрдөн шалгах ажил явагдаж байгаа учир аль улсаас ирснийг нь нууцалж байгаа аж.
Хамгийн эхэнд өнгөрөгч лхагва гарагт Мадрид дахь Украины элчин сайдын яаманд тэсрэх бөмбөгтэй илгээмж ирснээс болж нэг ажилтан нь гэмтэл авсан. Үүнээс хойш учир битүүлэг хурц үнэртэй шингэн болон үхэр, гахайн нүдтэй цустай илгээмжүүд Унгар, Нидерланд, Польш, Хорват, Итали, Чех гэх зэрэг 12 орон дахь дипломат төлөөлөгчийн газруудад нь ирсэн байна.
Түүнчлэн Казахстан дахь Украины элчин сайдын яаманд тэсрэх бөмбөг тавьсан гэх хуурамч мэдээлэл иржээ.
Санаатайгаар зохион байгуулж буй энэ хэргийг ОХУ-ыг дэмждэг этгээдүүд үйлдэж байж болзошгүй гэж Украин улс үзэж байгаа аж.
Энэ хэрэгтэй холбогдуулан дэлхийн улс орнууд дахь Украины бүх ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдлыг чангатгажээ.