“Гологдсон” уламжлал ба “гоёдсон” харь соёл
Их сургуулийн нэгдүгээр ангид байхад улс төр судлалын лекц орж байв. Хамгийн арын суудал дээр хэдэн хүүхэд хэлхэлдэж суусан харагдана. Багш өнгөрсөн хичээл дээр өгсөн даалгаврынхаа талаар товч тэмдэглэлээ ярь хэмээн оюутнуудыг нэг нэгээр нь босгож яриулав. Тэд дэвтрээ барин суудал дээрээсээ босож, хичээлийн тэмдэглэлээ ярьж эхэллээ. Ийнхүү хамгийн арын ширээнд суусан хүүхдүүдийн ярих ээлж ирсэн юм. Тэдэн дундаас нэг охин өөрийн бичсэн тэмдэглэлээ ярих үед ангийн бүх хүүхдүүд нир хийтэл инээлдэв. Учир нь тэр охин Увс аймгийн хүүхэд байсан тул зарим үгсээ аялагтай хэлж байсан нь хүүхдүүдийн инээх шалтгаан болсон юм. Их сургуулийн багш, оюутнууд иймэрхүү тохиолдлыг байдаг л үзэгдэл мэт хүлээж авдаг. Бүр оюутнууд бие биеэ хөндөөнийх, хотынх зэргээр ялгаварлан гадуурхана. Уг нь аль ч аймгийн иргэд эх хэлээрээ, өөрийн аймгийн өв соёл, онцлогоороо бахархах эрхтэй.
Хотоос дайжих залуус
Их хотын “соёлтой” залуус орк хэмээх үгийг ойр зуурын яриандаа ихээхэн ашигладаг болоод удаж байна. Тэр үгийг залуучууд ихэвчлэн соёлгүй, бүдүүлэг гэх утга илэрхийлэхдээ ашиглаж байгаа нь ажиглагддаг. Сүүлдээ бүр энэ үг нь “хөдөөгийн орк” гэх холбоо үг болоод хувирчихсан байх жишээтэй. Залуучууд бусдыг элдвээр хэлж доромжлохдоо “хөдөөгийн муу орк” гэх зэргээр элдэвлэх болжээ. Ер нь ихэнх иргэд юм л бол хөдөөнийхөн ийм тийм, хотод ирээд аятайхан байдаггүй, соёлгүй, бүдүүлэг хэмээн хамаг муу муухай бүхнийг л орон нутгийн хүмүүс рүү бухах болсон байна. Тэгсэн хэр нь гадаад хэл мэддэг, харилцан ярилцахдаа таван үгийн гурвыг нь англиар хэлдэг залуусыг ухаалаг, соёлтой гэх зэргээр шүтэх боллоо.
Товчхондоо, гадаад кино үзэж, гаднын дуу сонсдог, харь хэлээр ярьдаг л бол залуусын хэллэгээр “cool” буюу догь нэгэн болох аж. Харин монгол дуу сонсож, монгол кино үздэг бол орк, хөдөөний хэмээн хэлүүлдэг болжээ.
Шог зураач С.Цогтбаяр
Хотын соёлтой дасан зохицож чаддаггүй, амиа бодож хувиа хичээсэн, мухар сүсэгтэй бэртэгчин хэнбугай нь ч орк болохоос ХӨДӨӨНИЙХ бишээ, хө!
Дээрх хандлага нь орон нутгаас хотыг зорьж буй залуусын эрх ашгийг зөрчиж байна. Аймаг, сумаасаа алс нийслэлийг зорих иргэд хотод ирээд “хөдөөнийх, орк” гэж дуудуулахаас айж, халгах боллоо. Уг нь тэд эх орондоо, элгэн садан дээрээ зочилж байгаа бөгөөд эх хэлээрээ л ярьж, ойлголцож байгаа юм. Харин тэдэнд их хотын хээнцэр иргэд харь хүн үзэж харсан аятай хандах нь өөрөө учир дутагдалтай юм.
Увс аймгийн иргэн Ч. Нандиа
Хэлний аялга гэдэг нутаг улсынхаа үндсэн баялаг өв соёл нь байдаг. Гэвч нутгийн аялагтай хүмүүсийг хотынхон харийн хүн ирсэн мэт гайхдаг. Заримдаа Увс гэдэг аймаг биш улс байдаг юм шиг хандах тохиолдол ч бий. Уг нь адилхан л монгол үндэстэн шүү дээ. Гэтэл хүмүүс “Энэ үгийг чинь ойлгохгүй байна, орчуулаад өгөөч” гэх зэргээр ёжилдог. Орчуулна гэдэг ойлголт бол гадаад үг дээр л ашиглагдана. Аялгыг орчуулна гэж байхгүй. Харин “Тайлбарлаад өгөөч, танай аймгийнхан үүнийг юу гэж хэлдэг вэ” гэж лавлаж болно. Ганцхан манай аймаг бус бүх л аймаг өөр, өөрийн өв соёл, онцлог, шинжийг агуулсан аялагтай ярьдаг. Үүнийг бусад хүн ойлгож, доромжлох бус үнэт зүйл гэж хардаг болох хэрэгтэй.
Маазрал маргаан дагуулав
Саяхан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хошин шогийн жүжигчдийг "алиалагчид" хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн юм. Үүний улмаас хошин урлагийнхан яамны үүдэнд цугларч, өөрсдөөс нь уучлал гуйхыг шаардсан билээ.
Тус үйл явдлаас болж иргэд цахим сүлжээнд хошин урлагийнхны ёс бус үйлдэл, алдаа дутагдлыг шүүмжлэх болов. Иргэдийн ихэнх нь хошин урлагийнхыг “Хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг, үндэсний цөөнхийг доромжилж элдвээр дуурайдаг, хөндөөнийхнийг бүдүүлэг юм үзээгүй мэтээр харагдуулдаг. Мөн хүмүүсийг дандаа нас хүйс, гарал угсаагаар нь доромжилдог” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Түүнчлэн тэдэнд алдаа дутагдал байна гэдгийг олон нийт дуу нэгтэй илэрхийлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Гэвч энэхүү заалтыг хамгийн их зөрчдөг хүмүүс нь хошин урлагийнхан юм. Тэд олон үзүүлбэртээ өвөрмонголчуудыг доромжилж, шоглож байсан удаатай. Түүнчлэн баруун аймгуудын аялгыг шоглож, доромжилж нутаг ус, үндэс угсаагаар нь элэглэлдэг. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд хүрч тэднийг доромжлох нь энгийн үзэгдэл мэт бусдад ойлгогдсоор ирсэн билээ.
Ухамсартай “инээх” шалтгаан
Хэн нэгний инээд, наргиан аймаг үндэстний эрх ашиг, өв соёлыг гутаан доромжлох шалтгаан болж буй нь харамсалтай. Бид өвөрмонголчууд, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудын хийгээд бусад сум суурингийн ч үндэс угсааны ялгаа, хэл, соёлын онцлог зэргийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандахад суралцах хэрэгтэй.
Тал бичээч Д.Жаргалсайхан
Монгол бол нэг үндэстэн. Тиймээс олон угсаатан ястнууд бие биеийнхээ яриа, үг хэллэгийг ойлгохгүй байх нь тун зохимжгүй. Халх, Баяд, Хотон, Дөрвөд, Халимаг, Буриад, Хотгойд, Хойдууд, Торгууд, Захчин, Үзэмчин, Барга, Зүүнгар, Хакас Дархад, Дагуур, Цахар, Эвэнк-хамниган Өөлд Цорс, Ордос Монголжин гээд хэмжээлшгүй олон угсаатны үг хэллэг нийлэхээр МОНГОЛ ХЭЛ хэмээх их мөрөн түргэлэн урсах билээ.
Гадаадад сураад ирсэн залуучууд, хөдөө амьдардаг хүмүүс гэх зэргээр харьцуулж, харь хэл мэддэгийг нь шагширч, эх хэлээрээ эг маггүй ярьж байгааг нь шоглож, доромжлох нь үнэндээ учир дутагдалтай. Өөрийн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нүүдэлчин өв соёлоо хадгалж, тээж байгаа залуусыг алагчлах үзэл санааг өөрийн тархинаасаа таягдан хаях хэрэгтэй биз ээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Иргэн 2023/02/25
Энэ хүүхний гангалсныг нь ээ! Улаанбаатар соёл мэддэггүй хөдөөнийхнээр дүүрчээ. Гадаад руу зугтья гэхээр бас монгол янхнууд дагана биз.
0 0 Хариу бичихИргэн 2023/02/25
Цагаан сар гоё байхаа больсон. Арай гэж түгжрээд айлд ирэхэд дэлгүүрийн бууз, цайны газрын салатууд өгөх юм. Зочдынхоо ходоодыг муутгадаг нь ёс заншил юм уу?
0 0 Хариу бичихdampuu niitlel 2022/12/04
buuljis hurneer niitlel bn talbai deer oin bayraar irsen hunuus chine shuud l modruun sheej bnleeshd orc gehgui uur yu ghiin
1 0 Хариу бичихГАРЦГүй газараар 2022/12/04
ЗҮТГЭХЭЭР чинь л орк гэхгүй өөр юуг хийн.. жич 50 к торгууль, иргэний онооноос 100 г хасуулхаар б.а да наад зураг чинь ха ха ха хот гэдэг нь дүрэм дор амьдрах ухаан.. орк гэдэг чинь жаргалаараа зовж яваа нэгэн
0 0 Хариу бичих