“Анна Каренина”, “Миний аав супер баатар” жүжгийг Эрдэнэтэд толилуулна
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 8, 9, 10-нд Эрдэнэт хотноо “Анна Каренина”, “Миний аав супер баатар” жүжгийг толилуулах гэж байна.
Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг 2020 оны аравдугаар сарын 3-нд Монголын үзэгчидтэй анх уулзсан билээ. “Анна Каренина” сонгодог зохиолыг жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн билээ.
Харин “Миний аав супер баатар” жүжиг нь УДЭТ-ын 2022 оны шинэ бүтээл юм. Тус жүжгийн нээлтийн тоглолт 2022 оны есдүгээр сарын 10-нд болж байсан юм. Ташрамд дурдахад, “Сычуаны сайн хүн” жүжгээр өвөл цагийн нээлтээ хийсэн Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 3-ныг дуустал тоглох юм байна.