Залуу уран бүтээлч Г.Золбаярын 3D арт зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал гарна
Залуу уран бүтээлч Г.Золбаярын "11.11" нэртэй 3D арт зургийн анхны бие даасан үзэсгэлэн 11 дүгээр сарын 11-нд Art of UB gallery -д эхэлсэн билээ. Түүний бүтээлүүдийн онцлог нь уран зургийг барималтай нийлүүлж зотон даавуун дээр товойлгож хийдэг. Г.Золбаяр гурван жилийн өмнөөс 3D арт хэлбэрээр зурж эхлээд нийтдээ 100 гаруй бүтээл гаргажээ.
Уран бүтээлч хүний хувьд бусдаасаа ялгарах онцлог, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж маш чухал. Түүний хувьд буддизм, мөн хүлэг морьдыг эрхэмлэн дээдэлдэг учраас уран бүтээлийнхээ сэдэл санааг олж авсан тухай өгүүлж байлаа.
Анхандаа 11 өдрийн турш үргэлжлэхээр товлоод байсан үзэсгэлэн энэ сарыг дуустал Art of UB галарейд үргэлжлэн гарахаар болжээ. Сүнс оюунаа урлагийн мэдрэмжээр дүүргэхийг хүсвэл та энэ өдрүүдэд Соёмбо тауэрын 1 давхарт Art of UB галарейд зочлон 3D art бүтээлүүдтэй танилцаарай.