Хятадын Жэнжоу хот дахь iPhone-ийн томоохон үйлдвэрт үймээн дэгдэж, ажилчид нь цагдаа нартай мөргөлдсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Эмх замбараагүй байдал үүссэн “Foxconn” үйлдвэрт өнгөрсөн сарын сүүлээр коронавирусийн халдвар илэрсний улмаас хөл хорио тогтоогоод байгаа юм.

Хамгаалалтын хувцастай олон зуун ажилтан цагдаа нарын эсрэг эсэргүүцэл үзүүлж байгаа нь нийгмийн сүлжээнд тавигдсан дүрс бичлэгүүдээс харагдаж байгаа аж.

iPhone-ийн ажилчид “Бидний эрхийг хамгаал” хэмээн чангаар хашгирч, зарим нь хяналтын камер болон үйлдвэрийн цонхнуудыг модоор хагалжээ.

Түүнчлэн үйлдвэрийн хоолны чанар, амласан урамшууллаа авч чадахгүй байгаа талаараа гомдоллож, гэр рүүгээ харихыг хүсч байгаагаа хэлж байгаа аж.

Iphone гар утасны дэлхийн хамгийн том угсралтын үйлдвэрийнх нь үйл ажиллагаа доголдсоноос болж Apple компани iPhone 14 загваруудын нийлүүлэлт эрс багасна гэдгийг энэ сарын эхээр мэдэгдсэн.