Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын 2022 оны А/07 дугаар тушаалын дагуу Архангай аймгийн Цэнхэр, Их тамир, Тариат болон Хөвсгөл аймгийн Тариалан сумдад хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, Шинжлэх ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөл болон Архангай, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулсан байна.
Хяналт, шалгалтаар Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм, журам, норм, стандартыг ханган мөрдүүлжээ. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/372 дугаар тушаал “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай”, 2022 оны А/282 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны “Ойн дагалт баялгийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.
Шалгалтаар дээрх сумдад үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуш модны самар бэлтгэж ашиглахдаа нөөцийн хэмжээг тогтоолгож, бэлтгэх газрыг хүлээн аваагүй, нөөцийг бэлтгэх ажилчидтай улирлын болон түр ажиллах журмаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь илэрчээ. Түүнчлэн хуш модны самар бэлтгэх иргэдээ байгаль хамгаалагчид бүртгүүлж ойд оруулаагүй, самар түүж бэлтгэсэн талбайгаа актаар хүлээлгэн өгөөгүй, байгаль орчинд халгүй арга технологи хэрэглээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Энэ нь хуш модыг гэмтээж цаашлаад байгаль орчинд хохирол учруулж байгаа юм. Иймд зөрчил илэрсэн нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд сонсох ажиллагааны тайлбар, нотлох баримтаа бичгийн хэлбэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газарт ирүүлэх ажээ.