Бум бужигнаж, түм түжигнэсэн энэ л хотын хамгийн том асуудал нь өнөөх түгжрэл. Үүнд шийдэл хайсаар, буруутанг эрсээр, гаргалгааг хэлэлцсээр бид өчнөөн жилийг ардаа үдэв. Өдгөө ч халаглаж, шогширсоор л байна. Бүр аргаа бараад зөвхөн энэ асуудалд анхаарал хандуулах үүрэг, зориулалт бүхий Монгол Улсын сайдтай болсон. Тэглээ гээд байдал сайжраагүй. Хэзээ сайжрах нь ч тодорхойгүй л байна. Мэдээж, нэг сайд томилоод гялс шийдэгдчих асуудал байсан бол өдий олон жил түгжрэл арай ч ийм хэмжээнд хүрэхгүй байсан биз. Үүнд хугацаа орно гэдгийг би ч та ч, эрхэм сайд ч ойлгож буй. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөхдөө иргэд өөрсдөө дурандаа түгжирдэг анзааны юм ярьсан нь олны дургүйцлийг хүргэлээ. Тэрээр иргэд хичээчихвэл авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурдаг хэмээсэн юм. Ингэхээр бид өөрсдөө, дурандаа түгжирдэг болж таарлаа. Түүнийхээр бол бид хичээхгүй байгаа болохоор үйлийн үрээ эдлэж байгаа хэрэг болох нь. Яармаг, Нисэхэд амьдардаг хүмүүс 09.00 цагийн ажилдаа амжихын тулд түгжрэлээс зугтаан үүрийн 06.00 цагт гэрээсээ гардаг. Тэд уйдсандаа эсхүл, унтаж амарч ханасандаа ингэж эрт явдаггүй нь лав. Ер нь иргэд хаашаа ч явсан 2-3 цагийн нөөц бодож, тооцоолсоор даджээ. Гэвч түгжрэл улам нэмэгдэж, бидний өглөө бүр эрт л эхэлж байна.
Маргааш цастай. Цас орно гэхээр нийслэлчүүдийн “яс хавталздаг”. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт орсон цаснаар нийслэл 0 зогсож, нам гацсан. Замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ яриад эхлэнгүүт дарга нар иргэд өөрсдөө хичээж, автомашиндаа хамтаараа зорчихыг иргэдэд санал болгож буй. Аргаа барсан хүний л хэлэх үг. Дээрээс нь түгжрэлийн сайд маань тоочих элдэв шалтгаан тасрахаа болилоо. Тэрээр өчигдөрхөн гэр хороололд эмийн сан байхгүйн улмаас иргэд эм авахаар түгжрэл үүсгэж байна гэж хэлсэн нь мөн л иргэдийн уур унтууг барлаа. Түгжрэлийн буруутан нь гэр хорооллынхон болж байх шиг байна. Энэ янзаараа түгжрэлийн сайдаас нэг их зүйл хүлээх хэрэггүй бололтой.