Богдхан уулын дархан цаазат газраас зэрлэгшсэн нохдыг барих, үргээх ажил хийж эхэлжээ. Тиймээс ууланд аялах, алхах хөдөлгөөнөө зохицуулахыг иргэдэд анхаарууллаа. Учир нь Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэний амуудад удаан хугацааны туршид золбин ноход үүрлэсэн бөгөөд ойр хавьд оршин суух иргэд болон ан амьтанд аюул учруулах нөхцөл бүрдсэн ажээ.
Ташрамд дурьдахад Богдхан уул нь үндэсний төдийгүй дэлхийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газар хэмээн ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын сүлжээнд 1996 онд бүртгэж, 1997 онд гэрчилгээ олгосон юм. Богдхан уулын дархан цаазат газар нь нийт 42271.24 га нутаг дэвсгэртэй бөгөөд хязгаарлалтын бүс нь 12035.09 га, хамгаалалтын бүс 23314.48 га, онгон бүс нь 6921.66 га юм.