Өмнөговь аймгийн Ханбогд сум болон Гашуунсухайт хилийн боомтод ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар Монголын жолооч авто тээвэрчдийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ. Монголын жолооч авто тээвэрчдийн хорооны дарга С.Батаа "Бидний зүгээс Ковид19 шинжилгээ Монголд байх шаардлагагүй болсон гэж үзэж байна. Учир нь Ковид19-ийн шинжилгээ авдаг хувийн эмнэлгүүд танил тал, хамаатнаараа дамжуулж шинжилгээний хариуг өөрчилж гаргаж байна. Үүний нэг нь Өмнөговь руу явахын өмнө Цогтцэций суманд байрладаг “Жасмин ундраа” нэртэй хувийн эмнэлэг миний шинжилгээний хариуг зөв гаргаагүй. Үүнээс болж ажиллах ёстой байсан Цагаан хад суурьшлын бүс руу орж чадаагүй. Шинжилгээний хариуны талаар “Жасмин ундраа” эмнэлгийн дарга, эмч нартай холбогдож, асуутал надад дарамт үзүүлсэн. Өөр нэг жишээ дурдахад Цагаан хаданд шинжилгээ өгөхөөр эерэг гардаг. Харин Улаанбаатарт ирээд Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ өгөхөөр сөрөг гардаг. Шинжилгээтэй холбоотой маш олон хүний гомдол бидэнд ирж байгаа" гэв.
Монголын жолооч авто тээвэрчдийн холбооны гишүүд "Нүүрс тээврийн жолооч нартай хийж байгаа компанийн хөдөлмөрийн гэрээ нь боолын гэрээ болж хувирсан. Жолооч ажил үүргээ гүйцэтгэж байгаад ямар нэг шалтгаанаар компаниас гарах, гэр лүүгээ буцах, амрах шалтгаан үүсэх юм бол манайх Ковид19-ийн шинжилгээг 82.370 төгрөгөөр, байр хоолны мөнгийг 40 мянган төгрөгөөр тооцно гээд ажлаас чөлөөлж өгдөггүй. Хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа асуудлаар өнгөрсөн намраас хойш төрийн байгууллагуудад хандсан. Гэвч өнөөдрийг хүртэл албан бичигт ч хариу өгөөгүй байна. Үүнээс болж мянга мянган жолооч хохирч байна" гэлээ.