Өнөөдөр Туркийн баруун хэсгийн Дюзе мужийн Голкаяа хотод орон нутгийн цагаар өглөөний 04:08 цагт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Анкара болон Истанбул хотуудад мэдрэгджээ.
Гамшгийн бүс нутагт эрчим хүч тасарсан байна. Хүмүүсийг унтаж байхад болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр айж сандарсан зарим иргэд барилгын тагтнаас үсэрчээ. Өндрөөс үсэрсэн нэг хүн ноцтой гэмтэл авсан талаар эрүүл мэндийн яамнаас нь мэдээллээ.
6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос 20 минутын дараа дахин 4,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.
Гамшигт хүний амь эрсэдсэн мэдээлэл байхгүй байгааг Туркийн Дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Гэхдээ 22 хүн гэмтэж, бэртжээ.
Дюзед 1999 онд болсон 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр 854 хүн амиа алдсан. Тус хотын өнөөгийн барилгын 80 орчим хувь нь энэ газар хөдлөлтийн дараа шинээр баригджээ.