АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч асан Дональд Трампын татварын тайланг Ардчилсан намын хяналтад байгаа Конгрессийн төлөөлөгчдийн танхимын орлого, зарлагын хороонд ил болгохыг зөвшөөрчээ.
Дональд Трамп санхүүгийн мэдээлэл болон татварын тайлангаа олон нийтэд ил болгохгүйн тулд олон жилийн турш хүчин чармайлт гаргасаар ирсэн. Тэрээр 2017 онд төрийн тэргүүнээр сонгогдохдоо сүүлийн 40 жилийн хугацаанд татвараа нууцалсан анхны Ерөнхийлөгч болж байсан.
Төлөөлөгчдийн танхимын орлого, зарлагын хороо 2019 оноос хойш Трампын татварын тайланг авахыг хичээж, хоёр жилийн өмнө Дээд шүүхэд зарга үүсгэн Трампыг санхүүгийн мэдээллээ нууцлах эрхтэй эсэхийг нь шүүн хэлэлцүүлж байсан удаатай.
Тухайн үед Трампын өмгөөлөгч Конгресс болон прокуророос Дональд Трампыг шалгаж, мөрдөн байцаах боломжийг нь хязгаарласан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг баталгаажуулахыг Дээд шүүхээс хүсч байсан.
Түүнчлэн өнгөрсөн сард Трампын санхүүгийн тайланг Конгрессийн хороонд өгөхийг хориглох шийдвэр гаргах талаар өмгөөлөгч нь Дээд шүүхэд хандсан.
Харин АНУ-ын Дээд шүүх энэ хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсанаар Трампын санхүүгийн мэдээлэл Ардчилсан намынханд ил болох үүд хаалга нээгдлээ.