Хангайн нуруунаас эхтэй Идэрийн гол, Хөвсгөлийн Улаан тайгаас эх авсан Дэлгэр мөрөн нийлж Сэлэнгэ мөрнийг үүсгэдэг. Сэлэнгэ мөрөнд Орхон болон Эгийн гол мөн цутгадаг. Ингээд Сэлэнгэ мөрөн гадагшаа урсаж Байгаль нуурт усаа юүлдэг билээ. Энэ бол байгалийн хууль, тогтоц, жам. Гэтэл өдгөө Монгол Улс яг ийм гадагшаа урсгалтай гол шиг болчихлоо. Энд төрсөн, өссөн, сурсан, боловсорсон залуус ид хийж бүтээх насандаа гаднын улсыг зорьж, илүү таатай нөхцөл, сайн цалин, ээлтэй нийгмийг бараадаж байна. Тэдэнд хэнээс ч дутахааргүй мэдлэг, чадвар бий ч гагцхүү Монголд л “багтаж, шингэж” чадахгүй байгаа билээ. Энэ харин жам ёсны үзэгдэл биш. Үүнийг олон улсад “brain drain” хэмээн нэрлэдэг юм. Монголоор “тархи урсах” үзэгдэл, “тархины урсгал” гээд орчуулчихаж болмоор. Яг л сүүн дээр тогтсон өрөм шиг тэр “шимтэй, амттай” хэсэг өөр тийшээ урсаад алга болж буй хэлбэр юм.
Ганц жишээ, Америкийн нэгдсэн улсад дэлхийн топ сургуульд суралцан тэндээ ажиллаж, туршлага хуримтлуулж, өндөр цалин авч байсан ч эх орноо, элгэн саднаа, ээж ааваа, эхнэр хүүхдээ гээд Монголдоо ажиллаж хөдөлмөрлөхөөр ирсэн танил ах байдаг юм. Гэвч харамсалтай нь тэр энд суурьшиж үлдсэнгүй, идээшиж дассангүй. Жил орчмын дараа л эхнэр хүүхдээ аваад АНУ руу явсан. Тухайн үед, Монголд өдөр бүр махийтлаа ажилласан ч үнэлэгдэхгүй, хөрөнгө хураах байтугай өрөнд ороод таарах нь гээд шогширч байсныг нь санаж байна. Хамгийн гол нь эзэмшсэн мэргэжил, чадвар нь үнэгүйдэж буйд урам нь хугарсныг хэлж байлаа. Мөн хүүхдээ илүү таатай орчинд өсгөмөөр байгаагаа ч илэрхийлж байв. Монгол Улс өндөр боловсрол эзэмшсэн, ихийг хийж бүтээх хүсэлтэй, бас боломжтой, чадвартай нэг боловсон хүчнээ алдсан нь энэ. Үүн шиг жишээ олон. Өнгөц харахад ганц залуу, нэг гэр бүл илүү сайхан боломжийн төлөө эх орноосоо гарч буй мэт боловч харамсалтай нь энэ тоо хэдэн зуугаар тоологдоно.
Хэдхэн хоногийн өмнө цахим орчинд нэг ийм пост харлаа. “Австралид ирээд таньдаг чадварлаг залуустай таарлаа. Чи хэзээ ирсэн юм гээд гайхаад л... Монголд үнэхээр хүчтэй “brain drain” явагдаж байна. Чадварлаг залуус олноороо гадагшаа гарцгааж байна” гэж бичсэн байна. Үүний доор залуус дараах сэтгэгдлийг үлдээжээ.
“Үнэн шүү. Монголдоо үнэлэгдэж чадахгүй гадагшаа гарч байгаа залуучууд олон байна. Эндээ байхыг хүсэж байгаа ч гэлээ нөхцөл бололцоо нь байхгүй. Нам, авилгад идэгдсэн юу ч хийж чадахгүй юмнууд байрыг нь булааж байна”.
“Мундагууд нь гараад байх юм даа. Маниус энд бахи байдгаараа.
Чадварлаг залуусд улс орнууд иргэншил их өгдөг. Тэр улсууд өндөр хөгждөг.
Хөгжил буурай улс орноос өндөр чадвартай боловсон хүчин болон ажлын ачаалал даадаг олонх гэсэн хоёр хүний нөөц дайждаг. Энэ бол эдийн засгийн онол дээрх том судлагдахуун. Энэ мэт сэтгэгдлүүд хөвөрч байна.
НҮБ-аас таван жил тутам олон улсын цагаачдыг нас, хүйс, гарал үүслээр нь тооцоолж, судалдаг. Энэ судалгаанаас харахад дайны хөлд сүүлийн 10 гаруй жил нэрвэгдсэн Сирийн 8.46 сая иргэн буюу хүн амынх нь бараг тал хувь нь дэлхийн 128 улсад дүрвэжээ. Харин манай улсын тухайд 1990 онд 6718 хүн гаднын улс руу цагаачилсан бол энэ тоо 2019 онд 21128-д хүрчээ. Энэ үзүүлэлт жилээс жилд өссөн бөгөөд 1995 онд 7424, 2000 онд 8206, 2005 онд 11477, 2010 онд 16062, 2015 онд 19886, 2019 онд 21128-д хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 29 жилийн хугацаанд гаднын улсад цагаачлах монгол иргэдийн тоо гурав дахин нэмэгджээ. 2024 онд ээлжит судалгаа хийгдэнэ. Энэ үед мөн л монгол цагаачид олширсон үзүүлэлт гарах нь эргэлзээгүй.
Хөгжиж буй орнуудад гол төлөв боловсрол доогуур буюу боловсролгүй хүн ам ажилгүй байдаг бол манай улсад боловсролтой иргэд ажилгүй байх хандлагатай байна. Энэ бол “Ажиллах хүчний судалгаа”-ны 2022 оны нэгдүгээр улирлын дүн мэдээнээс гарсан хачирхалтай дүгнэлт. “Тархины урсгал”-ын хамгийн гол бас ноцтой шалтгаан. 2016 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хийсэн “Ажиллах хүчний гадаад шилжих хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх судалгаа”-нд дурдсанаар гадаадад ажиллаж буй судалгаанд хамрагдсан тодорхой тооны иргэдийн 65 орчим хувь нь эх орон руугаа буцах хүсэлтэй байдаг бөгөөд дийлэнх нь очоод мэргэжлээрээ ажиллах, хувийн бизнес эрхлэх зорилго тээдэг байна. Гэтэл Монгол Улсын нийгэм, эдийн засаг, амьдрах орчны таагүй нөхцөл байдлаас үүдэн иргэд гадаад руу буцаад явах шийдвэрийг гаргадаг бөгөөд судалгаанд оролцогчдын 90.7 хувь нь буцаж явах хүсэлтэй байна гэжээ.
Өнөөдөр 175 мянган Монгол иргэн хилийн чанадад ажиллаж, амьдардаг аж. Тэдний хэд нь ямар мэргэжилтэй, юу хийж байгаа талаар нарийн мэдээлэл байхгүй. 2020 оны Монголбанкнаас хийсэн судалгаагаар хилийн чанадад байгаа монголчууд Монголын эдийн засагт 574 сая ам.доллар оруулсан гэсэн тоон мэдээлэл бий. Энэ нь ДНБ-ий 3-4 хувийг эзэлж буй. Эдгээр иргэдийг эх оронд нь эгүүлэн авчрах, нааш нь татах асуудлыг үе үеийн төрийн түшээд ярьдаг. Энэ зун л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” зохион байгуулсан. Энэ үеэр бүр “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулъя” сэдэвт зөвлөгөөн ч болоод амжсан. Гэхдээ сүржин нэртэй чуулга уулзалт, зөвлөгөөн, хөтөлбөрүүд үр дүн авч ирдэг үү гэвэл эргэлзээтэй. 2010 онд Ерөнхий сайд асан С.Батболдын санаачилгаар хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах, мэдлэг, туршлага, боломжоо улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх асуудалд чиглүүлүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраас 250 дугаар тогтоол баталж байсан ч зөгий үүрэндээ ирээгүй, ирсэн нь буцаад л явчихсан. Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж гадагш ниссэн олон “зөгийнөөс” зарим нь эх орондоо ирсэн билээ. Гэвч харамсалтай нь тэд нөхцөл байдал намдмагц улам олуулаа болоод ниссэн. Үүнийг элчингийн үүд сахиж байгаа хүмүүсийн урт цуваа илтгэнэ. Гаднын улсыг зорьж буй хүмүүс харьд очоод өөрийн чадлаа бодитоор үнэлүүлдэг үү гэвэл хэцүү. Монголоос явсан багш Солонгост шал угааж, эндээс ниссэн эмч бохир байшин цэвэрлэх нь бий. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктер Лутенко хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шилжилт хөдөлгөөн гэхээр хоёр асуудал яригддаг. Эхнийх нь чадварлаг хүний нөөцөө гадагш алдах буюу англиар “brain drain”. Хоёр дахь нь чадварлаг хүмүүс мэргэжлийн шаардлагаас доогуур ажил эрхэлж, ур чадвараа ашиглахгүйн улмаас чадвараа гээх буюу англиар “brain waste”. Жишээ нь, дээд боловсролтой олон монгол хүн өндөр цалин авахын тулд Өмнөд Солонгост хар ажил хийдэг. Ийм тохиолдолд заримдаа эзэмшсэн мэдлэг, чадвар нь түүнд зарцуулсан цаг хугацаа, мөнгө хөрөнгө, хүч хөдөлмөрийн хамт алга болдог” хэмээсэн юм. Ямартай ч гаднын улсыг зориход гарлага ихтэй аж. Гэхдээ нэгэнт гадагшаа явчихсан бол буцаж ирж суурьшихад цаг их ордог. Зориулалт ч ихээр шаарддаг. Өндөр хөгжилтэй орноос эргээд ирэхэд эх орон нь гологдох нь ч бий. Гадаадыг зорьсон хүмүүс эх орондоо хувь нэмэр оруулах хэлбэр нь Монголдоо буцаж ирэх гэж бид боддог ч энэ тийм биш аж. Гадаадад амьдарч буй хүмүүс буцаж ирснээс ч илүү зүйлийг зайнаас хийж өгч чадна. Тиймээс тэднийг буцаж ир хэмээн шахахын оронд өөр өөрийнхөөрөө Монголдоо хувь нэмэр оруулах сэдлийг өгөх ёстой юм. Гадаадад байгаа олон монгол хүн Засгийн газар, орон нутгийн удирдлагуудад зөвлөхөөр ажиллах, компани байгуулах, хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг учраас энэ мэтээр хувь нэмэр оруулах нөхцөл бололцоо, коридорыг үүсгэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг байна. Тиймээс бодлого боловсруулагчид үүнийг хүлээн зөвшөөрч, цаг үетэйгээ хөл нийлүүлэх шаардлагатай байна.