Нийтлэлийн маань баатрыг Дондовдоржийн Гэрэл гэдэг. Гэхдээ түүний албан бус овог нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/. Баярлах, гуних бүх л мэдрэмжээ хамтдаа хуваалцсан энэ л газартай тэр 2006 онд амьдралаа холбосон. Тээвэр хөгжлийн банканд багагүй цалинтай ажилладаг хуульч бүсгүй өөрт буй бүхнээ орхин, боломж бүрээ энгэртээ л тэвэрч гэртээ суугаа цагаан таягтнууддаа туслахаар цалингүй ажлыг сонгов.
Түүний холбоондоо ирээд хийсэн хамгийн эхний ажил нь “Гэрээсээ гараад ир: “Гэрэл” байна” хэмээн утасдах ажил байв. Тайлбарлавал хараагүй иргэдийг нээн илрүүлж, тэднийг оролцоотой байхыг уриалж, орчлон ертөнц ямар гайхалтайг, өөрт нь ямар их боломжтойг ойлгуулах ажил байв.
Яагаад тэр үүнийг хийх болов. Энэ бүхэн хаанаас эхлэлтэй вэ.
Д.Гэрэл ямар нэгэн зовуурьгүйгээр гэнэт л нэг өдөр хараагүй болсон. Тиймээс хараагүй болсонтойгоо огт эвлэрч чадалгүй, зургаан жилийн турш хараатай болохоор тэмцжээ. Гэр бүлийнхэн нь сайн эмч, домч, лам, бөө бүгдийг дуусгав. Эцэст нь шантарч гэртээ л нуугдахыг хүсдэг нэгэн болов. Тэрээр “Хараагаа алдаад эмчлүүлээд явах үед хэн нэгэн надад “Та хараагүй болсон байна. Гэхдээ танд сурч, боловсрох, хөгжих боломж бий” гээд хэлээд өгсөн бол хараатай болохын тулд би амьдралынхаа багагүй хугацааг зарцуулах хэрэггүй байсан. Учраа олохгүй, хаачихаа мэдэхгүй байсан үед зөвлөн туслах үйлчилгээ байсан бол гэж би харамсдаг” хэмээсэн. Тиймээс л тэр өөрөө болон гэр бүлийнхэн нь төвөгшөөж байхад “Гэрээсээ гараад ирээч. Гэрэл байна. Чамайг гэрэлтэй ирээдүй хүлээж байна” хэмээн уйгагүйгээр өдөр бүр утасддаг байжээ.
Тэр үүгээрээ олон олон эмэгтэйн амьдралыг өөрчилсөн. Тэдний төлөөлөл болж Б.Буянхүү бидэнтэй сэтгэлээ хуваалцлаа. “Амьдралыг минь ингэж гайхалтай өөрчилсөн байхад яагаад анх удаа “Баярлалаа” гэж хэлэх гэж байгаа юм бол...” хэмээн дотор буй бүхнээ урсган, хэсэг тайвширсны дараагаар сэтгэлээ уудалсан юм.
Сурч боловсрох эрхийн төлөө
Гэрээс нь дуудаж гаргаж ирчихээд Д.Гэрэл үргэлж тэдэнд суралцах, хөгжих боломжийн тухай ярьдаг байв. Монголын хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр найман жил ажилласан цорын ганц бүсгүй тэрээр энэхүү албыг хашихдаа Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх ёстой сурч боловсрох эрхийн төлөө багагүй ажил хийсэн. Дандаа л бусдын тухай ярьдаг, тэмцдэг тэр өөрийнхөө тухай ярихдаа “Би ганцаараа биш багаараа хийсэн шүү” гэж хэдэнтээ хэлсэн. Гэхдээ Монголын хараагүйчүүдийн холбоо дэргэдээ цэцэрлэгтэй болж, ганцхан ангитай байсан МСҮТ долоон ангитай болж өргөжихөд түүний нөлөө маш их байсан гэдгийг нөхөд нь хэллээ.
Ердийн сургуульд сурах боломжгүй хэмээгддэг байсан харааны бэрхшээлтэй бяцханууд одоо бүр 31-үүлээ болж, үеийн найз нартайгаа зэрэгцэн жирийн сургуульд суралцаж, халамжлуулж, хайрлуулж бас хайр түгээж байна. Боловсролын салбарт түүний бүтээсэн үр хэрхэн цэцэглэж буйг дараах сурвалжлагаас тольдоорой.
Суурь эрх бүрийн төлөө
Монголын хараагүйчүүдийн холбоонд ирснээсээ хойш түүний уйгагүй хэрэгжүүлсэн нэг ажил бол бүхий л хууль, тогтоомж, шийдвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хараагүй иргэдийн дуу хоолойг хүргэх явдал байлаа. Хуульч мэргэжлийнхээ хэргийг гаргаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн хамгааллын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Соёлын тухай, Зохиогчийн эрхийн тухай хууль болон Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөлд нөхдийнхөө дуу хоолойг хүргэжээ.
Энэ дундаас онцлон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд ажилласан талаар нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцсан юм. Тэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн даргаар ажиллаж эхэлж байхдаа ХБИ-ийн байгууллагын төлөөлөгчдийг урьж хэдэн өдөр идэвхитэй ажиллахад Д.Гэрэл үргэлж манлайлж ажлын хэсэгт маш идэвхитэй ажилладаг байсан. Тэрээр хэд хэдэн УИХ дамжаад баталж чадаагүй байсан уг хуулийн томьёолол бүрийн үүх түүхийг мэддэг, өгөөжтэй оролцогч байсан тул ажлын хэсэг дээр түүний үг их үнэ цэнэтэй байлаа. Түүний санаачилга уг хууль дээр анхнаас нь их олон зүйл заалт дээр орж байсан нь ил байсан. Хуулинд орсон брайль үсгийн тухай заалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хараат бус, бие даан амьдрах нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой заалтууд цоо шинээр орж байсан билээ” хэмээн өгүүлсэн.
Д.Гэрэлийн ажиллаж байсан, саналаа тусгасан хуулиуд цагаан таягтнуудад хэрхэн тус нэмэр болж буй талаар З.Болдсайхан бидэнд ярьлаа. 2006 оноос түүнтэй хамтран ажиллаж буй тэрээр, хамтрагчаа бүх зүйлд сэтгэлээ хэрхэн дэвсэн ажилладгийг нь хамгаас илүү мэдэх нэгэн билээ.
Тэр хуульч мэргэжлийнхээ шидийг гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийн Үндсэн хуулиар олгогдсон эрх бүрийн төлөө ийнхүү тэмцжээ.
Гэхдээ түүний хуульч болох зам дардан байгаагүйг уншигч танд цухас өгүүлье. Тэрээр 1992 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн суралцаж, амжилттай суралцдаг оюутнуудын нэг байв. Гэвч гуравдугаар курстээ хараагаа 100 хувь алдаж, эдгэрэхийн төлөөх өдөр хоногуудыг өнгөрөөсөн ч хүслээр болоогүй. Тиймээс тэр хуульчийн мөрөөдлөө биелүүлэхээр 2001 онд сургуульдаа эргэн ирж, гуравдугаар курсээсээ суралцан 2004 онд 4.0 буюу хамгийн өндөр голчтой оюутан болж төгссөн түүхтэй. Дараа нь энэхүү хүндтэй сургуульдаа магистрын зэргээ ч хамгаалсан. Бас Хуульчдыг сонгон шалгаруулах мэргэжлийн шалгалт, Өмгөөлөгчийн шалгалтаа амжилттай даван чадварлаг хуульч болсон юм. Тиймээс л түүнийг төгссөн даруйд нь Тээвэр хөгжлийн банкны захирал өөрөө утасдан ажилд авсан гэдэг.

Монголын Гэрэл

Д.Гэрэл зөвхөн Монголд л магистраа хамгаалсангүй. 2013 онд Фулбрайтын тэтгэлэгт хамрагдан 2013-2014 онд АНУ-ын топ сургуулиудын нэг Нотр Дамын хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалав. Их сургуульд дөнгөж оюутан болоход нь буюу 1992 онд англи хэл зааж байсан ч “тоож” судалсангүй. Харин хараагаа алдсанаасаа хойш ухаарч, тэрээр англи хэлийг маш сайн сурч, IELTS-ийн шалгалт өгөн, тэтгэлэгт хөтөлбөрт тэнцжээ. Энэ түүхийг нь сонсоод түүнээр бахархаж, хоолой дээр нэг том юм тээглэчихсэн. Түүний дэргэд залуус бид... гэж хэсэг санаашран ярилцлагаа үргэлжлүүлэв.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Хөгжлийн эрх хариуцсан хэлтсийн дарга А.Бат-Эрдэнэ
Англи хэл чамгүй сурсныхаа хэргийг гарган тэр олон улсын хурлуудад Монголоо төлөөлөн оролцох болов. Ази, Номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хорооны гүйцэтгэх хороо, Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Зүүн хойд бүсийн дарга болов. Хамгийн сүүлд тэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр 2024 оныг хүртэл сонгогдоод байна. Есөн суудлын төлөө 27 улсын нэр дэвшигч өрсөлдөж, Монгол Улсын төлөөлөгч анх удаа уг сонгуульд нэр дэвшиж, НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэг авснаар сонгогдсон бахархам түүхийг тэр бичсэн. Одоо тэр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бус дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуу хоолойгоо өргөдөг Монголоороо овоглосон Гэрэл боллоо. Мөн тэр Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази Номхон далайн бүсийн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж өндөр үнэлэлт авсан. Гадны 150 гаруй төлөөлөгчийг эх орондоо хүлээж авч, 400 хүний арга хэмжээ зохион байгуулах нь амаргүй байсан гэдгээ хэлээд “Энэ ажлаараа бол бахархана аа. Чанга даваа байсан шүү” хэмээн даруухан, инээмсэглэсэн юм.

Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Цаашдын Гэрэл юуны төлөө гэрэлтэх вэ
Д.Гэрэл хийх бүтээх хүслээр дүүрэн байна. “24/7” хуваариар ажилласан ч амжихгүй санагдах үе байна” хэмээсэн. Ирээдүйд юунд зорьж, юуны төлөө тэмүүлж гэж байгаагаа тэрээр ийнхүү ярьлаа.
"Гэрлэн дохио дуутай байх нь хараагүйчүүдэд бус анхаарал нь сарнисан нэгэнд, автобус налуу шаттай нь байх нь тэргэнцэртэй иргэдэд л бус хүүхдийн тэрэгтэй зорчих аав ээжүүдэд, автобус буудал зарлагчтай байх нь хараагүй нэгэнд бус цонх цантсан буудлаа харах боломжгүй үед жирийн иргэнд ч хэрэгтэй л байдаг. Ээлтэй нийгмийн төлөө би өөрийн чадах бүхнээ хийх болно. Та ч бас оролцоорой"
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүн Д.Гэрэл
НҮБ-ын Ерөнхий ассемблейн зөвшилцлөөр баталсан Хүний эрхийн хамгаалагчийн тунхаглалд хүний эрх хамгаалагчийг “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эмэгтэйчүүд, уугуул иргэдийн эрх эсхүл гей, лесбиян, трансжендэр, интерсекс хүмүүсийн эрхийг хүндэтгэх, хамгаалахын төлөө ажилладаг жирийн эрэгтэй, эмэгтэй хэн ч байж болно. Энэхүү үйлдлийг тэд ганцаар эсхүл аль нэг байгууллагад нэгдэн хийдэг байж болно” хэмээн заасан. Харин Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд хүний эрх хамгаалагч гэж “Ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хэлнэ” хэмээжээ.

Д.Гэрэл хараагүйчүүдийн холбоо хэмээх их айлтай нэгдэж, тэргүүлж, дуу нь сул тэднийхээ төлөө чангаар дуугарч, дуу хоолой нь болж чадсан. Турьхан энэ биедээ баймгүй хүч чадалтай зоригтон байсан. Бас тэр өрөөнийхөө мухраас сугаран гарч НҮБ-ын индэрт хүрсэн түүхээрээ “Гэрээсээ гараад ир: Гэрэл байна” хэмээсэн бүх хүндээ гэгээн, гэрэлт замыг зурсан. Ерөөс амьдралыг, бусдыгаа хайрласан түүний түүх нь эрхээ мэдэхгүй, ойлгохыг хүсэхгүй бүхний итгэлийн гэрэл нь байсан юм.
Хүний эрх хамгаалагчид үргэлж бусдын төлөө дуугарч байдаг ч өөрсдөө ч гэсэн эрхээ хамгаалуулах үүрэгтэй. Харин энэхүү асуултад Д.Гэрэл “Биднийг хамгаалахын тулд “Шүгэл үлээгчийн тухай эрх зүйн байдлын тухай хуулийг батлахад л хангалттай” хэмээх хуульчийн ёсоор эгц шулуухан хариулсан билээ.
О.Эрдэнэчимэг, М.Наранзаяа