Ираны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч 32 настай Эхсан Хажсафи ДАШТ-д Английн эсрэг хийх тоглолтын өмнө хийсэн хэвлэлийн хурал дээр эх оронд нь үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр олон хүний амийг авч одоод буй засгийн газрын эсрэг тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлж “Манай орны нөхцөл байдал тааруу, ард иргэд  маань аз жаргалгүй байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой” гэжээ.

Иран улсад толгойн алчуураас үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөнд 400 гаруй жагсагч амиа алдаж, 17 мянга орчим хүн баривчлагдсан гэж хүний эрхийг хамгаалагчид хэлж буй.

Ираны шигшээ багийн ахлагч Эхсан Хажсафи жагсаалд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, тэдэнтэй сэтгэл санаа, зүрх сэтгэлээрээ хамт байгаагаа хэлж, улс орных нь нөхцөл байдал ард түмний хүслээр өөрчлөгдөнө гэдэгт найдаж байна гэжээ.

Катар 2022 эхлэхээс өмнө Ираныг ДАШТ-ээс хөөх уриалгыг хүний эрхийг хамгаалагчид гаргаж байсан юм. Тэд Иранд эмэгтэйчүүдийн эрх хурцаар зөрчигдөж буй асуудал болон Украины дайнд Ираныг ОХУ-д цэрэг техникийн тусламж үзүүлж байгаад буруутгаж байгаа юм.