“40-өөс дээш насныхан үхэж байж Монгол Улс хөгжинө”
Нийтлэлч Баабар
Манай Засгийн газарт тулгарсан гол асуудал бол дунд болон анхан шатны албан хаагчид хөгшин хүмүүс байгаагаас гадна тэд Орост боловсрол эзэмшсэн хүмүүс байсан нь асуудал байсан.
Дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ
Монголд хамгийн соёлжоогүй хэсэг нь 45-аас дээш насныхан байна. Тэд залуучуудыг хараан загнаж, дарааллын өмнүүр дайрч, нийтийн тээвэрт ямбархаж, бүх зүйлд ялархаж ирлээ. Тэд энэ эрхээ бүдүүлэг, түрэмгий, ихэрхүү, залуучуудаа үл хүндэлсэн байдлаар олж авахаар зүтгэж байгаа нь үл хүндлэм харагдаж байна.
Сэтгүүлч Г.Амаржаргал “Хоцрогдол” нийтлэлээс.
Эдгээр эшлэл дээр нэмээд саяхан сошиал орчинд өрнөсөн хоёр үйл явдлыг нийтлэлийнхээ эхэнд зориуд сануулъя. Автобусны суудал нэгэндээ тавьж өгөх эсэхээс үүдэлтэй охин, өвгөн хоёрын маргааныг хүмүүс хоёр тал болон хүлээн авсан. Үнэндээ өвгөний тал ялагдсан гэхэд болно. Тэдний гол өнцөг нь “Одоо цаг үе өөр болсон. Ахмадууд алив зүйл дээр насаараа үргэлж түрүү барих ёсгүй” гэх тэрслэл байсан. Өвгөний зүгээс бүдүүлэг үг хэллэгээр дайрч, залуу үедээ хүндлэгдэхүйц зан байдал, ёс суртахуун гаргаагүй нь тэр тохиолдолд буруутгахаас аргагүй нөхцөл мөн хэдий ч олон нийт, тэр дундаа залуучуудын зүгээс “Хөгшчүүд ер нь нийтээрээ ийм” гэх үзэл, хандлага илэрч байлаа.
Үүний хойно саяхан даа, Монголд тэгтэл сүртэй тэмдэглээд байдаггүй Халловиний баярын үеэр. Тус баяраар хаалга тогшсон хүүхдүүдэд чихэр өгдөг уламжлалтай, үүнийг нь монгол багачууд ч дууриах болоод хэдэн жил өнгөрч байна. Гэтэл толгой дээгүүрээ цагаан даавуу нөмөрч, түүн дээрээ хар нүдний шил тохоод хаалга тогшиж зогссон охиныг нэгэн настай хүн гарч ирээд өшиглөөд авч байгаа бичлэг сошиалаар түгээдэхэв. Ингээд өнөөх хоцрогдсон, балайрсан, үеэ өнгөрөөсөн өвгөдийн тухай шүүмжлэл нийгмийг дахин хамарлаа. “Монгол ахмадуудын нийтлэг төрх энэ” гэсэн тайлбар, зүүлттэйгээр тэрхүү бичлэгээр сошиал орчин дүүрч, залуучууд мөнөөх Баабар абугайн “40-өөс дээш настнууд үхэж байж энэ улс орон хөгжинө” гэх үгээр лоозогнох шахуу дүвчин үзүүлсэн.
Нийтлэлийн зорилго нь тэр өвөө нарын талд орох гэсэнгүй. Тал тохой татах, эсвэл зөвтгөөд байхаар ч үйлдэл угаас биш. Гагцхүү үе хоорондын үзэл хандлагын ялгаа, зөрчил манай нийгэмд хэт гаарсан, түүнийг энэ мэт тохиол, шалтаг гармагц хөөргөдөн гааруулж байгаа янз байдлыг л шүүмжлэх гэсэн юм. Нэг хүний алдаа дутагдлыг нийт үеийнхэнд нь хамаатуулж ойлгуулах гэдэг ийм муйхар хандлага цаашид байж таарахгүй. Энэ бол тэр алдаа дутагдлаас нь ч илүү хор хөнөөлийг нийгэмд авчрах алдаа юм.
Аль нэг үеийг бүхлээр нь үгүйсгэх, эсвэл үзэн ядах, дайсагнах нь нийгмийн ёс суртахууныг шууд устгадаг. Түүхийн аль ч цагт ахмад болон залуу үе хоорондоо харгалдах, бий болсон өөрчлөлтөөс үүдэлтэй ялгаанаас болж зөрчилдөх асуудал байдаг нь жам. Тийм зөрчилгүй нэг ч нийгэм байхгүй. Ахмад үе залуу үеийг үргэлж шүүмжилдэг. “Одооны залуус өөр болж. Бидний үед ийм байгаагүй” гэх хандлага бол хүний нийгмийн бараг цорын ганц үл хувьсах үзэгдэл байх. Одоо шүүмжлүүлж буй залуу үе хөгшрөөд мөн л дараагийн залуу үеийг шүүмжилнэ.
Дөчөөс дээш насныхан алга болж байж сая улс оронд сайн сайхан цаг ирнэ гэж ахмадуудаа нүд үзүүрлэх хандлагад илтэд дургүйцсэн нэгний сэтгэгдлийг энд бүтнээр нь толилуулъя. “Та нарын хүсээд буй шиг бид гэнэт яваад өгвөл яах вэ гэдгийг төсөөлье. Та нарын хүсэл биелнэ ээ. Тавин жилийн дараа биднээс сураг ч үгүй болсон байх вий. Тэр цагт та нар бидэнд юу ч зааж сургаагүй байна гэж бүү гоншигноорой. Хайрлаж өсгөсөн хүүхдүүд чинь та нарыг “Алга болоод өгвөл сайхан болно” гэж хэлэх үед өөртөө л гомдоорой. Өнгөрсөн рүүгээ гар буугаар буудсан учраас ирээдүй чинь үхэр буугаар буудаж байгаа нь тэр. Үйлийн үрийн эргүүлэг гэж энэ” хэмээн бичжээ. Хатуу сонсогдож байгаа ч үнэн л дээ.
Тийм учраас “Хөгшин” хэмээх сөрөг хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэх суртал бий. Хүний эрхийг дээдэлдэг, нийгмийн ялгаа заагт үзлийг багасгахыг чармайдаг улс орнууд ахмад настнуудыг хэрхэн ойлгох, тодорхойлох дээр тун болгоомжтой хандаж эхэлжээ. Тэдэнд нэр хүндийн эрх бий гэдгийг хуульчилсан ч улс орон байна. Дани улс ахмад настнуудаа орон байр, эмчилгээ сувилгаа, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүх асуудлыг нэг цонхны үйлчилгээгээр шийдвэрлэхийн зэрэгцээ материаллаг бус хэрэгцээ буюу нийгэмд эдлэх ёстой нэр хүндийн эрхийг нь орхигдуулахгүй байх тал дээр хамгийн их анхаардаг байх жишээтэй. Швед, Япон зэрэг улсад хүнийг ажилд авах шалгууртаа хөгшин, залуу гэх ангиллыг оруулахыг хүртэл хориглодог гэнэ.
Үе хоорондын ялгааг хөхиүлэх, хөөргөдөх алив үзэл хандлагыг дэвэргэхгүй байх нь тустай санагдана. Одоогоор бид хэтэрхий туйлшралын зүг алхсаар л байна. Х, Y, Z үе гэх нэршлүүд үнэндээ гоё, чамин сонсогдож байгаа хэдий ч нийгэмд эерэг зүйлийг авчрахгүй. Танай үе, манай үе гэх талцал хуваагдлыг бий болгож, цаашлаад нэг нь нөгөөгөө буруутгах хутга, шөвөг болж хувирч байгааг анзаарахгүй байх аргагүй.
Нэгэнт л төрсөн цаг үе, өссөн орчин нь өөр тул үе бүхэн хоорондоо ялгаатай, давуу болон сул талуудтай байх нь зүйн хэрэг. Гэтэл тэр ялгааг нэгнийх нь эсрэг тавих харьцуулалт, сөргөлдүүлэх хандлага болгож хувиргах нь буруу. Монгол Улсын нийгмийн үеийн Социалист үеийнхэн (1964 оныг хүртэл), Завсрын үеийнхэн (1965-1982 оны хооронд), Шилжилтийн үеийнхэн (1983-1994 оны хооронд), Шинэ үеийнхэн (1995 оноос хойш) гэж ангилж байна.
Дэлхийн нийтэд бол 1945 оноос өмнө төрөгсдийг “Чимээгүй үе”, 1946-1964 оны хоорондох үеийг “Их төрөлтийн үе”, 1965-1980 оныхныг “X үе”, 1981-1996 оныхныг болохоор “Милениал үе”, 1997-2010 оны хооронд төрсөн залуусыг “Z үе”, 2010 оноос хойшихийг “Альфа үе” гэж ялгадаг. Нэгэнт ингэж ялгасан учраас үе үеэрээ зааглагдаж, өөрсдийн үеийг илүүд тооцох өрсөлдөөн ил болон далд хэлбэрээр нийгэмд тархсан.
Ингэж үе үеэр нь ялгаж ангилах үзэгдлийг өөрөөр шийдэх аргагүй. Япон, Хятад зэрэг улс хүртэл өөрийн хүн амыг арав, арван жилээр үечлэн хувааж, нэршил оноосон байдаг. Үүгээрээ үеүд хоорондоо ялгаатай гэдгийг цөм хүлээн зөвшөөрдөг гэдгийг л тодотгох гэсэн хэрэг. “Чи залуу хүн учраас мэдэхгүй”, эсвэл “Наадах чинь настай хүн учраас ойлгохгүй” гэсэн хандлага аль ч нийгэмд байдаг. Харин энэ хандлага нь зориудаар ялгаварлан гадуурхах үйлдэл болж болохгүй. Нэг залуу хүн, эсвэл нэг хөгшин хүн алдаа гаргасны төлөө 1000 залууг, эс бөгөөс 1000 настай хүнийг буруутгаж болохгүй л гэсэн санаа.
Манайд үе хоорондын ялгааг мэддэг хэрнээ тэдгээрийг нэгтгэх үнэт зүйл алга. Улс үндэстний үнэт зүйл нь бүх үеийн дундын ойлголцол байх учиртай. Үнэт зүйл нь соёл, уламжлал, хандлага, итгэл үнэмшлийн ялгаанаас чухал. Ардчилал хүний эрх гэх дэлхийн нийтлэг үнэт зүйлсийн талаарх залуусын ойлголт шал өөр болсон. Тэд асуудлыг маш нээлттэй хүлээж авдаг. Тухайлбал, ЛБГТ, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, тэдний нийгэм дэх тэгш оролцоо, боломжийн талаар үе хоорондын үзэл, соёл ялгаатай. Гэтэл ахмад үеийнхэн хаалттай орчинд өссөн учраас залуу үеийн нээлттэй хандлагыг таашаадаггүй.
Тэгвэл одоо яах вэ? Үзэл хандлага, соёл, итгэл үнэмшил өөр тул хоорондоо үзэлцэх үү! Зөрчил бол мөнхийн. Нэг цаг үед төрөөгүйгээс хойш үзэл бодол, хандлага, хүмүүжлийн зөрчлүүд хэзээ ч арилахгүй. Тиймд нэгэнт өгөгдсөн нөхцөл тул дасан зохицож, үе бүхэн өөрийн онцлогтой гэдгийг хүлээн зөвшөөрөх, дараа нь ойлгох нь чухал билээ. Тухайлбал, “Z generation” гэгдээд буй үеийнхэн өөрсдөдөө хэт омойтох нь болчимгүйд тооцогдоно. Хэдийгээр энэ үеийнхний өссөн орчин, өгөгдсөн нөхцөлөөс үүдэлтэйгээр тэд “Би төвт үзэлтэй үе” хэмээгдэж, “Одоо бид нийгмийг эзэгнэнэ” гэсэн бардамнал тээж яваа бол буруудна. Ямар ч нийгэмд ахмад, дунд, залуу үе хосолж амьдардаг. Тэдний аль нь ч аль нэгнийхээ дарга биш. Давуу эрхтэй биш.
Эсрэгээрээ ахмадууд нь залуучуудаа үл хүлээн зөвшөөрч, “Чиний насан дээр би” гэх мэт бассан доромж маягийн үг хэллэгийг хэрэглэх нь зохимжгүй. Угаас тэдний төсөөлж ч байгаагүй техник технологи, сошиал медиаг ашиглаж, шинэ загвар, трендийн хувцас өмссөн залуус тэдний нүдэнд өөр харагдах нь гарцаагүй. Хэрвээ тэд хойч үеийнхнийг буруутгах дээрээ тулбал өөрсдийгөө буруутгах хэрэгтэй болно. Учир нь залуус нийтээрээ өөр хүмүүжилтэй болсон гэх тохиолдолд тэднийг хүмүүжүүлсэн өмнөх үеийнхэн тодорхой хэмжээнд буруу хүлээнэ.
Сүүлийн 30 гаруй жилийн туршид Монгол оронд өрнөж байгаа улс төр, эдийн засаг, нийгмийн суурь өөрчлөлтүүд, даяаршил, мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшил гээд олон хувьсал нь манай нийгмийн харилцааг эрс өөр болгож байна. Монголын нийгэмд баян ядуугийн, шинэ хуучны, хот хөдөөгийн, улс төр болон шашин шүтлэгийн, үзэл бодлын ялгаа заагууд хэтэрхий тод болж байна. Үүн дээр нэмээд үе хоорондын ялгаа, зөрчил үнэндээ илүүц юм.
Нийгэм гэдэг нэг бүхэллэг организм шүү дээ. Нийгмийг бүрэлдүүлж буй ахмад болон залуу үе хоёр тийшээ хараад суучихаж болохгүй. Тиймээс тэднийг зангидах, нэгтгэх үнэт зүйл хэрэгтэй. Үе хоорондын зөрчил хурцадвал тухайн нийгэм, улс оронд ямар ч залгамж чанар, уламжлал, үнэт зүйлийн тухай ярихын хэрэггүй болно. Нийтлэг үнэт зүйлээр үндэстнийг удирдаж хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан улс орнуудын жишээ Сингапур, ХБНГУ байна. Олон үндэстэн ястнаас бүрдсэн буурай орныг Ли Куан Ян хэрхэн нэгдмэл үзэл санаанд зангидаж 26-хан жилийн дотор өндөр хөгжилтэй орны эгнээнд оруулсныг бид мэднэ. Яг энэ шалтгаан манай орныг залуу, хөгшин гэх хоёр тусдаа хүн шиг биш, хамтдаа нэг хүн шиг ажиллаж, амьдарч, бодож сэтгэхэд хүргэх учиртай гэж найддаг билээ.
Тиймээс Баабарын хэлсэнтэй санал нийлэхгүй. “Ромео 40 хүрсэн ч үхэх ёсгүй”.